Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн таны авч хэрэгжүүлж буй ээлж дараалсан алхмуудыг Монголын тань олон мянган баялаг бүтээгч бизнес эрхлэгчид талархан харж сууна. Та Энэтхэг Монгол хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон шугамыг нээлээ, Арабын Нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтыг Монголдоо татахаар боллоо, удаан хугацаанд гацаанд ороод байсан Оюутолгой төслийг хөдөлгөж чадлаа. Таны тэргүүлсэн Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа татвар төлөгчид, баялаг бүтээгчдээ дэмжсэн олон хуулийн төслийг бид нүдээ олсон зөв шийдвэр хэмээн харж байна.
Харамсалтай нь таны атгасан төрийн жолоог зарим шударга бус хүмүүс алдаатай, бурангуй үйл ажиллагаагаараа мэрээд зогсохгүй, баялаг бүтээгчид болон төр засгийн дунд том ан цав үүсгэж байгааг бид танд дуулгахаас аргагүйд хүрлээ.
Та сар гаруйн өмнө “Шийдлийн цаг” уулзалтаар ЦЕГ-ын дарга Р.Чингис, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарт “Манай улсад татвар төлөгчдийн хүчирхэг арми хэрэгтэй. Гэтэл баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь хуулийн тогтолцоо буруу байгаагийн илрэл,татвар төлөгчид бол нийгмийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдээ дарамталж биш дэмжиж хөгждөг нь эн тэргүүний зарчим” гэж анхааруулан хэлснийг бид санаж байна.
Гэвч багагүй хугацаа өнгөрөхөд Татварын ерөнхий газрын зүгээс татвар төлөгчдөд үүссэн асуудлыг шийдэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй.
Татварын байцаагч нар НӨАТ-ийг хуурамчаар үйлдэж зохиомлоор дампуурал үүсгэж хариуцлагаас зугтан ялгүй мултарсан байгууллагуудын араас хөөцөлдөж, хохирлыг нь барагдуулж чадахгүй хэрнээ өмнө нь улирал бүр тайлан гаргасан баримтыг нь үзэж танилцан гар хөлийн үсэг зурж баталгаажуулсан өөрсдийн ажлаа үгүйсгэн, дураар өндөр дүнтэй акт тавин, хүлээн зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн дарамтлуулах явдал ихэсч байна. Уг нь тэдгээр бизнес эрхлэгчид даатгал, татвараа цаг тухайд нь төлж явсан байдаг. Тэдний олонх нь НӨАТ-аас санаатай бөгөөд санамсаргүйгээр зайлсхийсэн асуудалд ороогдсон хэдий ч татвараа үнэнчээр төлж явсан аж ахуйн нэгжүүд.
Бизнес бол итгэлцэл дээр тогтдог. Тиймээс аль нэгэн туслан гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн НӨАТ-ын баримтыг хууль зөрчсөн хуурамч эсэхийг шалгах арга байхгүй, харилцагч болгоноо хууль зөрчиж байгаа, хуурамч баримт үйлдсэн эсэхийг нь шалгаад, шалгаагаад байх явдал бизнест зохимжгүй гэдгийг та сайн мэднэ.
Гэтэл итгэлцлийг эвдэн зохиомлоор компани үүсгэж хуурамч падаан үйлдчихээд дампуурсан нэрээр хариуцлагаас бултсан компаниудыг олж хариуцлага тооцохын оронд тэдний хоморгод өртсөн нийгмийн даатгал болон татвараа тогтмол төлдөг байгууллагуудад өөрсдийн дураар акт тогтоон, хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь цагдаад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэдэг явдал хавтгайрсаныг та мэдсэн, мэдээд анхааруулсан.
Нийгмийг хөдөлгөж байгаа, ажил олгогч, татвар төлөгч, үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудаа харж үзэх хэрэгтэй гэдгийг танаас авахуулаад олон төрийн түшээд ярьсаар байдаг ч өнөөг хүртэл бидний байдал дээрдсэнгүй. Чадан ядан үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж, ажилчдынхаа цалинг тавьж байгаа компаниуд эхнээсээ дампуурч байна. Дампуурсан компаниудын тоо өмнөх жилийнхээс хоёр дахин их буюу 1100 гаруй компани хаалгаа барьж, 100 гаруй мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Ийм байдал газар авч байгаа үед эдийн засгийн хямралаас гарах тухай ярих ч хэрэггүй юм.
Татварын байгууллагын нэрийг гутаадаг цөөн хэдэн хударгагүй байцаагч нарын дураараа бичиж, тогтоосон акт торгуулийг нь төлөхийн тулд баялаг бүтээгчид дампуурлаа зарлахаас аргагүйд хүрч байна.
НӨАТ-ийг хуурамчаар үйлддэг, зохиомол дампуурал үүсгэдэг, хариуцлагаас бултаж тэр ч бүү хэл хил даван зугтдаг жинхэнэ луйварчдыг нь олж тогтоохын оронд тэдний хууль бус үйл ажиллагаанд өртсөн нийгмийн даатгал болон татвараа тогтмол төлдөг байгууллагуудад өөрсдийн дураар акт тогтоодог татварынханаас болж цагдаагийн нэр хүнд хүртэл нийгэмд унаад байна.
Тйимээс маш яаралтай Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргаж, хэрэгжүүлэх боломжгүй, хүчээр тулгасан акт торгуулиа буцааж, энэхүү дарамт, дампуурал хэмээх аюулаас баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг чөлөөлж, дахиад хэдэн мянган хүнийг ажлын байргүй болохоос сэргийлж өгөхийг Монголын баялаг бүтээгчид, Монголын ажил олгогчид, компаниудын захирлууд, даатгал, татвараа төлөгч бид бүхэн танаас хичээнгүйлэн хүсч байна.
“Баялаг бүтээгч” гэх гоё нэртэй боловч үнэн хэрэгтээ хэзээ мөдгүй дампуурахад бэлэн байгаа хэдэн мянган компани, ажилгүй болохоос айн түгшиж байгаа хэдэн зуун мянган ажилчид, татвар төлөгчид таны гаргах шийдвэрийг хүлээж байна.
Дээр дурдсанчлан бид бүхэн эдийн засгаа сэргээхийн төлөө таны авч хэрэгжүүлж буй алхмуудыг дэмжиж явдаг.
Саяхан улсын ерөнхийлөгч “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” дээр үг хэлэхдээ “Манай Засгийн газрын үйл ажиллагаа давгүй явж байгаа гэж ойлгож байна. Ялангуяа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийж хэрэгжүүлэх гэж байгаа, анх ажил авч байхдаа УИХ-ын индэр дээрээс гаргаж тавьсан зорилтууд, тэр үйл ажиллагаандаа үнэнч, шийдэмгий зүтгэж байгаа бүтээлч, шийдэмгий байдал нь үнэхээр талархал хүлээхээс өөр аргагүй” гэж сайшаасан.
Бид үүнтэй санал нэг байж цаашдаа ч таныг дэмжие, та ч эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгчдээ бүхий л хүчин чадлаараа дэмжиж эдийн засгийн өршөөлийн хуулийг гарган хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.
Баялаг бүтээгчдийн Түр хороо