Улаанбаатар хот эдийн засгийн чөлөөт бүстэй болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” сэдвээр илтгэл тавилаа.
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийслэлийг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэр, үйлчилгээ, оюуны багтаамжтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Азид тэргүүлэх аялал жуулчлалын бүсийг байгуулах замаар орчин үеийн хүчирхэг эдийн засагтай, Монгол үндэсний хэв маяг, дүр төрх бүхий “Ухаалаг нийслэл хот” болгон хөгжүүлэхээр тодорхойлсон. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлнэ, аялал жуулчлалын төв болно, ТХХТ-ийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, урлагийн салбарыг дэмжин, аялал жуулчлалын салбартай уялдуулна, нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд ажлууд хийгдээд явж байна. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулсанаар тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн байнгын болон түр ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой аж.
Илтгэл тавьсны дараа хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад форумд оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” гэсэн сэдвийн хүрээнд санал солилцов.
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” чуулганы арга хэмжээ ийнхүү өндөрлөж, оролцогчид илтгэл тус бүрээр санал, шийдлээ нэгтгэлээ.
Хотын захиргааны шинэ барилгыг инноваци, технологийн төв болгох санал гаргав
“Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлдэг аж.
Энэ талаар хотын дарга “Яармагт баригдаж буй 68 мянган ам метр талбай бүхий хотын захиргааны шинэ цогцолборыг хүүхэд, залуустаа зориулахыг хүсэж байна. Төрийн албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах нь чухал. Гэхдээ албан хаагчид нэн тэргүүнд ажлын хариуцлага, чадавхаа дээшлүүлэх нь чухал. Ажлыг үнэхээр чин сэтгэлээсээ хийе, бүтээе гэвэл хаана ч хийх боломжтой. Хотын ажил гэдэг бол бодит амьдрал дунд орж, асуудал шийдэхийг шаарддаг. Иргэд оршин суугчдад тулгамдсан зарим асуудлыг автобусанд буюу “Явуулын байр”-аар газар дээр нь очоод шийдэж болж байна. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид нүүж орж, ажиллах нь нэн тэргүүний шаардлага биш. Юуны түрүүнд улс орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлж буй хүүхэд, залуусынхаа боловсрол мэдлэг, ур чадвар, инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологиос хамааралтай ирээдүйн хөгжилтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор ашиглах нь зөв гэж үзэж байна” гэв.
Түүнчлэн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хувь хүний бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, бүхий л салбарт хөрвөх чадамжтай олон талт хөгжлийг хангахад чиглэх болсон. Өндөр технологи, IT-ийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд цаашид улам бүр эрэлттэй байх болно. Цаг үеийн энэхүү эрэлт хэрэгцээг бодолцсоны үндсэн дээр уг цогцолборыг үндэсний хэмжээний Инноваци, технологийн төв болгохыг хүсэж байна. Тэнд судалгаа шинжилгээний мэргэжлийн байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг, залуу хойч үеэ дагалдуулан сургаж бэлтгэдэг, гарааны бизнесээ эхлэх гэж буй залуучууд тав тухтай, чөлөөтэй ажилладаг, гэр бүлүүд хүүхэд багачуудтайгаа хамт ирээд, аливаа туршилт судалгаа хийдэг байх боломжийг бүрдүүлнэ гэлээ.
Авто замыг бүсчилж, зогсоолуудыг төлбөртэй болгоно
"Улаанбаатар эдийн засгийн форум-2019" үргэлжилж байна. Чуулганд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 2018 оны байдлаар 501.934 байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 949 автобус үйлчилдэг. Бүртгэлтэй таксины тоо 598 байна. Улаанбаатар хотын төв хэсэгт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ төвлөрч, хөдөлгөөний урсгалыг өөртөө татаж, тээврийн хэрэгслийн түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болдог аж. Тиймээс нийслэлийн авто замыг гурван бүсэд хувааж, бүс доторх бүх зогсоолыг хариуцах эзэнтэй, тус тусын төлбөртэй болгож, эдгээр бүсүүдэд хувийн автомашины хэрэглээг хумих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажээ. Ингэхдээ нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгсэл зорчихыг дэмжих бодлого баримтлах юм байна. Мөн жил бүр 200 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх болжээ.
Хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц”-оо танилцууллаа
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” форумын үйл ажиллагаа илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм.
Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, соёлжсон хотын иргэнийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авилга хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил, орлоготой болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах, Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого хэрэгжинэ.
Орчин төвтэй хот бодлогын хүрээнд иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд идэвхтэй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс орчны бохирдлыг бууруулна. Нийтийн тээвэр, зам дэд бүтцийг хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулалт дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг бий болгоно.
Төлөвлөлт төвтэй хот бодлогын хүрээнд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болно. Ингэхдээ ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулсан, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, дотоод гадаадын эрдэмтэн судлаач салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ гэлээ.
С.Амарсайхан: Өрсөлдөх чадвартай бизнес эрхлэлт чухал байна
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр /2019.06.28/ “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд эхлээд байна. 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдах болсон уг форумаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг эрэлхийлэхэд оршдог.
Энэ удаагийн форумд нийслэлийн харъяа агентлагуудаас гадна УИХ, Засгийн газрын гишүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд, хөрөнгө оруулагчид, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас бүрдсэн 500 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний байр суурийг хүргэе.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН:
-Аливаа хотын тогтвортой хөгжлийн үндэс суурь нь хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид бизнес эрхлэгчид, оршин суугчдынхаа нийгмийн идэвхитэй оролцоонд тулгуурласан хөгжил дэвшилд үндэслэж байж, хүссэн таатай орчноо бүрдүүлсэн, аюулгүй эрүүл, бизнес эрхлэх боломж бүрдүүлдэг олон улсын жишиг бий. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага бизнес эрхлэгчгүйгээр ажил амьдралыг авч явах боломжгүй гэдэг зарчим баримтлан ажиллах ёстой гэж үздэг. Ийм зарчим баримтлан ажиллаж байна. Улаанбаатар хотод хүндрэл бэрхшээлтэй олон асуудал бий. Сорилт болсон олон асуудлыг шийдвэрлэхдээ энд суугаа та бүхнийхээ оролцоотой шийдэх боломжийг эрэлхийлж байгаа. Хэдийгээр олон хүндрэл нөхцөл бидний өмнө байгаа ч нөгөө талдаа улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бусад бүх салбарын цөм, улс орны хөгжлийн толь болсон Улаанбаатар хот гэдгээрээ давуу талтай. Форумыг зохион байгуулж байгаа нь хотоо хөгжүүлэхдээ өөрсдийн дотоод нөөц бололцоо, гадаад боломжууд, давуу сул талуудаа бодитойгоор тооцож өнөөгийн хэрэгцээ шаардлага, ирээдүйн хөгжлийн эрэлт хэрэгцээ шаардлагаа хангасан шийдэл гаргахыг зорьж байна. Хөрөнгө хүч, цаг хэмнэх, өрсөлдөх чадвартай бизнесийн орчин бий болгох замаар хот өөрөө эрүүл аюулгүй олон улсад өрсөлдөх чадвартай, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц, аль салбар нь илүү хөгжих боломжтой байна вэ гэсэн өөрсдөө эрэл хайгуул хийж бүрдүүлсэн байх ёстой.
Ийм учраас өөрсдөө хамгийн боломжтой гэж үзсэн судалгаа тооцоонд үндэслэсэн, эдийн засгийн, шинжлэх ухааны сүүлийн үеийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц хэмжээний төсөл хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлэх, тэр хэрээрээ хот маань хөгжих боломж бүрдэх юм. Энэ боломжийг бүрдүүлэхэд хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэж санал бодлоо хуваалцахад чиглэж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:
-Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн тал, хүн амын тал, нийгэм эдийн засгийн нүүр царай болсон хот юм. Улсын эдийн засгийн 74, мөнгөний эргэлтийн 85 хувь Улаанбаатар хотод эргэлдэж байна. Эрүүл аюулгүй, хүн төвтэй нийгэм байгуулахад улсын болон нийслэлийн төсвөөс хамааралтай болчихоод байгаа. Үе, үеийн хотын удирдлага энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө өөр, өөрсдийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Авто машины түгжрэлийг сааруулах, нийслэлийн иргэдийг орон сууцжуулах зорилгоор шийдлүүд гарч хэрэгжиж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг хотын хөгжилд чиглүүлэхийн төлөө уяж ажиллах ёстой. Уул уурхайд хөрөнгө оруулалт орж ирж байна гэвэл Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт орж ирж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эрх зүйн орчноо сайжруулахаас эхлээд тогтвортой бодлого хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлага байна.
Монгол Улсын эдийн засагт жилд 6000 ам.долларыг хүнд үйлдвэрийн салбар оруулж ирдэг. Үүнийг 24 мянган ам.доллар болгохын төлөө уул уурхайн салбарын хамт олон хамтаараа зүтгэж ажиллаж байна. Улс төр, Засгийн газрын шийдвэр ч гаргадаг. Энэний эсрэг харин улстөржилт популизм бидний хийх гэж байгаа ажлыг шуурганд тавиад туучихаж байна.
НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ, ХАТАГТАЙ БИАТА ТРАНКМАН:
-2030 оны Улаанбаатар хот маань ямар хот болох вэ гэдэг чухал асуудалд хариулт олохын тулд бид энд цугларсан. Энэ бүхнээ ярилцаж байж дүр зургаа гаргана. Тогтвортой хөгжлийн зорилтууд маань Улаанбаатар хотын хувьд чухал. ДНБ-ийн гуравны хоёр нь энэ хотоос бүрддэг. Гэхдээ өдөр болгон сорилт тулгардаг. Бараа бүтээгдэхүүний үнэ, эрхэлж байгаа бизнес одоогийнхоороо явах нь үр дүнд хүрэхгүй. Хариуцлагатай бизнес гэдэг маш чухал ач холбогдолтой зүйл болж байна. Байгаль орчин, эдийн засаг харилцан биентэйгээ өрсөлдсөн, сүйтгэсэн байх бус байгаль орчин нь эдийн засгийн хөгжлийнхөө суурь болсон, цаашдынх нь хөгжлийг хангадаг болж байна. Өөрөөр хэлбэл, ногоон, тогтвортой компани бий болсноор зардлаа багасгаж, ирээдүйд хийх бизнесийнхээ нөөц эх үүсвэрийг бүрдүүлж бэлтгэж байгаа тохиолдол маш их гарч байгаа. Ногоон бизнес бий болгосноор ханган нийлүүлэлтийн сүлжээ, үнэт зүйл бий болгож, олж байгаа үр шимээ ажилчидтайгаа хуваалцах, шинэ зах зээл, шинэ нөлөөлөл бий болж, үр шимийг бий болгож, марктенгийнхаа хувьд үр ашигтай ажиллаж байгаа жишээ олон болж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын тооцоолсноор байгаль орчинд ээлтэй технологид хөрөнгө оруулсан, тийм чиглэлийн бизнес эрхэлдэг компаниуд жил бүр 15 хувийн өсөлттэй, уламжлалт бизнес эрхэлдэг компаниудын өсөлт зогсонги байдалд байна.
- Тогтвортой төсөл, тогтвортой бүтээгдэхүүн гэдэг зүйл маань хамгийн чухал. Улаанбаатар хотод бизнес эрхэлдэг компаниудын хувьд өсөлтийг хангах чухал арга зам юм.
- Тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд Улаанбаатар хотын хөгжлийн түншүүдийн хувьд хувийн хэвшил чухал нөлөөтэй.
- Төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн үр дүнтэй төсөл хэрэгжүүлэх арга зам юм.
- Дүрэм журам нь зөв гараад тогтвортой байх юм бол хамтын ажиллагаа хөгжинө.
- Төр хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтыг ногоон эдийн засагт хэрэгжүүлэх ёстой.
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” арга хэмжээний хүрээнд залуусын хот, замын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, хотын хүн амын хүнс, хэрэглээ Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг болно.
Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэнг олон нийтэд танилцуулна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ