“Apple” компанийн дизайнераар 20 жил ажилласан Британийн дизайнер Сэр Жони Айв тус компаниас гарч, хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаагаа зарлажээ. Тэрбээр “LoveFrom” хэмээх хувийн дизайны компаниа байгуулж байгаа аж.
iPhone, Mac, iPod, зэрэг бүтээгдэхүүнүүдийн дизайныг бүтээсэн Айв энэ оны сүүлээр ажлаа хүлээлгэн өгөх бөгөөд түүний шинэ компанийн анхны үйлчлүүлэгч нь “Apple” байх гэнэ. Мөн түүнтэй хамт "Apple"-д ажиллаж байгаа Марк Ньюсон шинэ бизнест нь хамтрахаар болжээ.
Ийнхүү “Apple” дизайны студийг хоёр хуваан үйлдвэрлэлийн дизайны багийг Эванс Ханки, интерфэйсийн дизайны багийг Алан Дай нараар удирдуулахаар болсон байна. Айв 1996 онд “Apple”-ийн дизайны студийн захирлаар ажиллаж эхэлсэн ба тухайн үед компани санхүүгийн хямралд орж, олон ажлын байраа цомхотгож байв. Айвын дизайнаар бүтээсэн iMac 1998 онд, iPod 2001 онд зах зээлд гарсны дараа “Apple” дахин амилсан билээ. Тэрбээр,
- 2004 онд – iPod Mini
- 2007 онд – iPhone
- 2008 онд – MacBook Air
- 2010 онд – iPad
- 2015 онд – Apple Watch
- 2016 – онд AirPods зэрэг бүтээгдэхүүний загваруудыг гаргаж байжээ. Харин түүний сүүлийн ажил нь “Apple” компанийн дугуй хэлбэртэй, шилэн хийцтэй “Apple Park” шинэ оффисын барилга байв.
Стив Жобс нэг удаа “Хэрвээ "Apple"-д миний оюун санааны түнш байгаа бол тэр нь Жони Айв” гэж хэлж байжээ. Их Британийн хатан хаан 2012 онд түүнд хүлэг баатрын хэргэм хүртээж байсан аж. Айвын шинэ компани “wearable technology” буюу хүний биед өмсгөж эсвэл зүүдэг технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ