Нанчилдаангүй наадам үзмээр байна

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

Нанчилдаангүй наадам үзмээр байна

Нанчилдаангүй наадам үзмээр байна

Наадам хаяанд ирж, дээлийнх нь ар гандсан ч үл тоох халхын сайхан уяачид, дэвжээнийх нь өвс зулгарсан ч өвдөг шороодоогүй босоо хүчтэнүүд, тавьсан сум нь байнаасаа төөрч үзээгүй харваачидтай монгол наадамд хуучин дээлтэн ч өнгөтэй санагддаг, морьд эргэх их тоос ч хийморьтой байдаг өдрүүдэд айсуй.  "Гарьд магнай" УСК дээр гардаг хатан шиг "Би энэ наадмыг үзэхгүй" гээд ширэв татдаг шиг энэ бөхийн холбооны маргаан, үймээнийг харахаар "энэ жил наадам үзэх нь үү гэх яриа бөх сонирхогч, олны дунд хөвөрсөөр…

Монголын Үндэсний бөхийн холбоог 20 гаруй жил удирдсан Р.Нямдорж ажлаа өгөөд жил гаруйн хугацаа болсон ч холбооны асуудал цэгцрсэнгүй, наадамтай золгох нь, цаашид улам ч хурцдах шинжтэй.

Холбооны одоогийн удирдлагууд нэг тийш болох гэж "хичээж" байгаа гэх. Гэвч тэдний шийдвэр дарин дээр давс гэгчээр бөхчүүдийн дунд өрнөсөн маргааны галыг улам өрдөв. Дэлхийн нийтээрээ допингийн эсрэг тэмцэж, энэ талаар хатуу шийтгэлийг тамирчид болон бөхчүүдэд оногдуулж эхэлсэн. Энэхүү албан ёсны гэх шинжилгээнд бөхчүүд бүдэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан таван бөх бий. Тэгвэл тэдний барилдах эрхийг Наадмын сорилго барилдааны өмнө гаргасан нь олон бөхчүүдийн дургуйцлийг төрүүллээ. Холбооныхоо тэргүүлэгч нарын шийдвэртэй эвлэрч чадахгүй гэдгээ аварга Ч.Санжаадамба илэрхийлж, МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав хэвлэл мэдээлэлд дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн. “Хэрвээ энэ байдал замхраад байвал бидэнд холбоонд ажиллах сонирхол алга. Шударга байх хэрэгтэй. Залуу бөхчүүд хүч чадлаараа цолондоо хүрэх хэрэгтэй. Холбоог Х.Баямөнх, А.Сүхбат, Л.Чинбат нарт өгөхөд бэлэн байна” гэж Ц.Магалжав хэлж, залуучууд хүчин мөхөсдөж байгааг харууллаа. Холбоондоо ажиллаад удаагүй байгаа Ц.Магалжав, Б.Сайнбаяр, Д.Ганхуяг, И.Доржсамбуу, Д.Рагчаа нарын бөхчүүд буруу зөрүү шийдвэр гараад байвал ажлаа өгөхөд бэлэн гэдгээ хэлж, нааштай шийдвэр гарахыг хүлээсээр. Тэд болоод байгаа хууль бус үйлдлийг зогсоохын төлөө тэмцэж байгаа ч эцэст нь амаргүй даваа гэдгийг мэдэрсэн бололтой.

Тэдэнд допингтой холбоотой асуудлыг цэгцлэх, наадмын найрааг таслан зогсоох гээд хийх ажил, зорьсон зорилго их байсан. Шударга бус зүйлстэй эвлэрч чадахгүйгээ илэрхийлээд байгаа холбооны удирдлагууд бүхий талууд уулзалт хийхийг хүсчээ. Харин тэд эвлэрч чадах уу гэдэг хүлээлт иргэдийн дунд үлдлээ.

Бөхийн холбооны дараах асуудлууд олныг бас түгшээнэ. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн тоо олширч барилдах эрхээ хасуулсан ч тэд дахин барилдахыг хүснэ. Гэтэл энэ бөх допинг хэрэглэсэн гээд нөгөө бөх нь барилдахгүй зогсоно. Шийтгэлийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад барилдах эрхийг нь сэргээсэнийг нэг хэсэг нь буруутгаж байхад нөгөө хэсэг нь дэмжиж байна. Ийм л асуудалд эргээд бөхчүүд өөрсдөө орооцолдчихлоо.

Бөхчүүдийн эрэмбэ,  допингийн асуудал, цолны найраа гээх идээ бээрт үеэс үед уламжлагдсан ирсэн үндэсний бөх идэгджээ. Үүнтэй зэрэгцэн Бөхийн холбоо, Бөхийн өргөөг булаалдан тэмцсэн бизнеменүүдийн санаархал ёс жаяг, дэг, уламжлалтай, нийтээрээ олноороо бахархан хүндэлдэг үндэсний бөхийн нэр хүндийг шороотой хольж дуусах нь. Эцэстээ, энэ тэмцэл нанчилдаа, хагаралдаанд хэрээс хэтэрч, наадамчин олныг цэнгүүлэхгүй бөхийн барилдаан, бөхгүй болгох вий.

Наадам эхлэхэд ердөө 12 хоног үлдлээ. Харин нанчилдаангүй наадам болохыг наадамчин олон хүлээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж