УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжиж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж буй. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад хариулт өглөө.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг олон жил ярьсан. Энэ удаад өөрчлөлт оруулах асуудал хэлэлцүүлгийн шатанд орж ирлээ?
-1992 онд Үндсэн хууль баталсны дараагаас эхлэн өөрчлөх, засах зүйл байна гэх яриа 27 жил үргэлжилсэн. Тиймээс 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийсэн бөгөөд дээрдүүлсэн, дутуудуулсан, хэтрүүлсэн зүйл ч бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн 51 гишүүнтэй байх ирцийн асуудлыг оруулж ирж байсан. Гэтэл нэг нам 50 гишүүнтэйгээр сонгуульд ялалт байгуулахад нэг хүн байхгүй бол ирц бүрдэхгүй байснаас 160 удаа хурал хаясан, тэр хэмжээгээр Засгийн газар огцорч, ажил явахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй байсан гээд олон бэрхшээл тулгарч байсан. Үүн дээр үндэслэн 2000 онд 39 гишүүн буюу олонхоороо ирц бүрдүүлдэг болсон. Гэтэл одоо 39 гишүүнээр ирц бүрдүүлж, тэдний олонх буюу 20 гишүүн хууль баталдаг болох эрсдэлтэй. Энэ 20 гишүүний 15 гишүүн Засгийн газрын гишүүн байвал УИХ-ын хууль батлах үндсэн чиг үүрэг нь алдагдах юм. Тиймээс одоо нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн зөвшөөр байж хууль батлагдахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ мэт амьдрал дээр тулгарч байгаа олон практикийн өөрчлөлтүүдээс үүдэн хамгийн сайн шийдлүүдийг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаа юм. Энэ бол дордуулсан долоон өөрчлөлтийн нэгийг л өөрчилж байгаа заалт. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс бол хүний эрх. Хүний эрхийг хамгаалахад сайн хууль гаргах буюу хууль тогтоох эрх мэдэл, тэр хуулийг хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, түүнд нь хяналт тавих нь шүүх. Ийм гурван эрх мэдэл бие биенээ хянаж байхыг Үндсэн хуулийн хяналт гэж байгаа юм. Монголд нэг хүнд оногдох хэвлэл мэдээлэл, банк, их, дээд сургууль гээд олон зүйлээрээ дэлхийд нэг номерт ордог. Хамгийн сайн үзүүлэлт бол нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгт ордог. Ер нь бол 1990 оноос хойш цул тогтолцоо байж байгаа бүх нөхөөсөөр задарч байгаа юм. Хэтэрхий олон банк байхаар зээлийн хүү буурахгүй байх, 4-5 телевиз байхад зах зээлтэйгээ уялдаж байх ёстой гэсэн тооцоолол байдаг. Одоо нийгмийн шаардлага нь нэгдэх, задралаас нэгдэх чиглэл рүүгээ явж байгаа юм. Сонин, сайт гэхэд нэгдсэн нэг биш олон холбоотой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэхэд 100 гаруй холбоо байх. Энэ мэт маш олон нэгдэх шаардлага, нийгмийн захиалга байгаа юм. Энэ бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүүр цаад шалтгаан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, задралаас нэгдэл рүү явах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж хэлж болно.Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн хугацаанд ярьж, судалж, ард түмнээс санал авч ирсэн олон хэлэлцүүлгээс сайн, зөв зүйл гэдгийг нь шигшиж байгаа. Зарим хүмүүс Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг заавал тусгах ёстой гэдгийг хэлж байгаа. Б.Чимид багш хэлсэнчлэн Үндсэн хууль бол хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө биш гэсэн байдаг. Түүний хэлсэнчлэн
Үндсэн хууль бол ард түмний хүсэл эрмэлзлэлийг араг яс, судсаар зангидсан тогтолцоо. Түүнээс нэг л судсыг таслахад системд шарх үүсгэнэ, үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харууллаа гэж хэлж байсан. Энэ системийн шарх 2000 оноос хойш хүндэрсээр буглаа болж, системээ доголдуулаад байгаа учраас засах нь зайлшгүй шаардлага юм.
Үндсэн хуулийг дагаж 25 хуульд өөрчлөлт оруулна гэж тооцож байгаа. Ер нь бол иргэдийн олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байна.
-Хэлэлцүүлгийн явцад шүүх, орон нутаг, гишүүдийн хариуцлагатай холбоотой асуудлууд шүүмжлэл дагуулж байх шиг байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоог нэмэх, УИХ-аас таван гишүүнийг нь томилох заалт бий. Энэ нь өөрөө УИХ шүүх эрх мэдэлд оролцох вий гэсэн болгоомжлол байна?
– Иргэдтэй уулзаж байхад хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа зүйл бол шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал. Шүүгчид итгэх ард түмний итгэл алдарсан байна. Өчигдөр гэхэд ҮАБЗ хуралдаж, эрхээ зөрчсөн 17 шүүгчийг чөлөөлсөн. Энэ шүүгч нарыг түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол шүүгчийг шалгах боломжгүй, бүх зүйл хаалттай. Шүүх эрх мэдэл рүү халдсан гэхээс илүү хараат бус, хариуцлагатай байхыг нэмэгдүүлж өгч байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгч нарыг томилдог гол байгууллага. Нэг институциэс хамааралтай болохоор шүүгч нар хараат бус байна гэж үзэж байгаа юм. Шүүгчийн хариуцлагын хараат бус зөвлөл байгуулагдана. Одоо бол шүүгч нарын хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцох асуудал бүрхэг байгаа илүү тодотгож, хараат бус зөвлөлд тусад нь авч хэлэлцэнэ. Тус зөвлөл хараат бус гишүүдээс томилогдохоор байгаа юм.
-Парламентын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татахтай холбоотой маш олон санал иргэдээс гарсан. Хэлэлцүүлгийн явцад гарч байсан. Энэ заалт яагаад хасагдсан бэ
-Гэхдээ гишүүдийн хариуцлагыг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Мэдээж хариуцлагатай байлгах үүднээс Дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Ёс зүй зөрчил гаргах, хуралдаа суухгүй бол цалин хасах гэх мэт заалтуудыг нэмсэн. Энэ асуудлыг органик хуулиар зохицуулна. Удахгүй УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм боловсруулсан байгаа. Нөгөө талдаа гишүүд тойргийн ажил, харьяалагдах байнгын хороо, яамдын чиг үүргийн уулзалт, олон улсын хурал зөвлөгөөн гэх мэт уулзалтууд их байдаг. Тиймээс шууд утгаар нь гишүүд хариуцлагагүй байгаагаас хурал тасалж байна гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гишүүдийн Ёс зүйн дүрмийг баталсан тохиолдолд гишүүд илүү хариуцлагатай болно гэж үзэж байна. Харин гишүүдийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцүүлгийн явцад төсөлд тусгах талаар ажлын хэсэг ажиллаж байна.
-Ерөнхийлөгч болон зарим гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн 6.1 дэх заалт болох байгалийн баялаг ард түмний өмч гэх заалттай санал нийлэхгүй байгаа гэж ойлгосон. Байгалийн баялаг ард түмний өмч байх заалтыг яаж өөрчилж байгаа юм бэ
-Үндсэн хуулийн 6.1-т Монгол Улсын газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт хэвээр бий. Үүнийг хөндөөгүй. Мөн 6.2-т Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, баялаг, ой, усны нөөц төрийн өмч мөн гэсэн заалт бий. Энэ хоёр заалт дээр нэг заалт нэмж байгаа. Гэтэл үүнийг ард түмний өмчийг төрийн өмч болгож өөрчилж байна гэж иргэдэд буруу, зөрүү ойлголт төрүүлж байгаа юм. Байгалийн баялагтай улс ард түмэн нь яаж баян, өгөөжтэй байж болгохоор “Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж ашиглана” гэх заалтыг нэмж өгч байгаа. Үүнийг Норвеги улсын жишгээс авсан. Тус улс байгалийн баялгаа ашиглаж, ядуу иргэн байхгүй, хүн бүр байгалийн баялгаа тэгш хүртдэг. Энэ агуулгаар урт хугацааны иж бүрэн шийдэл дээр үндэслэж, хүн бүр мэдэх ёстой гэдгийг тодотгож өгсөн. Ингэж байж байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой ч цөөхөн гэр бүлийн баяжих үндэс болоод байна гэх шүүмжлэл байхгүй болно. Хамгийн чухал зүйл бол тэгш байдал, тэгш нийгэм харьцангуй хүчтэй байдал бий болно гэж үзсэн.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг чухал асуудал бол иргэний эрхийн асуудал гэж олон жил ярьсан. Тухайлбал, иргэний эрх зөрчигдсөн тохиолдолд Үндсэн хуулийн Цэцээр хамгаалуулж болдоггүй юм уу гэх санал их гардаг.
-Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт иргэний эрхийн асуудлыг маш тодорхой, сайн заалтууд оруулж өгсөн гэж судлаачид үздэг. Харин түүнийг хэрэгжүүлэх нь органик хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж үзэж байгаа юм. Мөн Улсын дээд шүүх хууль тайлбарлахгүй байгаатай холбоотой. Тиймээс ч шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтийг нэмэлт, өөрчлөлтөд оруулж ирж байгаа. Дэлхийн бусад улсад Үндсэн хуулийн тусдаа шүүхтэй, шүүхгүй, зөвлөл гэх мэт байдаг. Миний эрх зөрчигдлөө гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Үндсэн хуулийн Цэц нь албан тушаалтнуудын шийдвэр хүний эрх зөрчвөл түүнд л хяналт тавих эрхтэй субъект нь Үндсэн хуулийн Цэц юм.
-Ерөнхий сайдыг огцруулах саналыг дараагийн Ерөнхий сайдыг хамтад нь өргөн барина гэх заалт бий. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчин тавихад дараагийн Ерөнхий сайдыг оруулж ирэхийн тулд эрх баригч намтай “тохиролцоно” гэсэн үг үү. Зарчмын хувьд зөрчилтэй заалт биш үү?
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 13 Засгийн газар огцорч, насжилт нь дунджаар найман сар байгаа юм. Огцруулах үндэслэл нь хууль зөрчсөн гэсэн тохиолдол нь их цөөхөн бөгөөд нам хооронд болон дотоод зөрчлөөс үүдэж огцруулсан байдаг. Энэ хугацаанд нийтдээ 300 сайд солигдсон байгаа юм. Дараагийн хүн томилогдсоноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэх санаа анхны Үндсэн хуульд байсан санаа. Ерөнхий сайд шинээр сонгогдсоноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэсэн ойлголт. Энэ удаагийн өөрчлөлтийн гол санаа нь сөрөг хүчин огцруулахдаа бус олонхын дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайдаар томилно. Дараагийн Ерөнхий сайдыг томилохын тулд өмнөх Ерөнхий сайдаас ямар ялгаатай, харьцуулах, дараагийн хүн нь илүү байх, гишүүд, ард түмэн хэн бэ гэдгийг нь таних боломж бий болно. Мөн Засгийн газар илүү тогтвортой байх нөхцөл бий болно. Дэлхийн бусад улсад их өндөр босго байдаг юм билээ. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хязгаарлах үүднээс энэ заалтыг оруулж өгч байгаа юм. Зарим хүмүүс Үндсэн хуульдаа биш хүмүүстээ байна гэдэг. Тэгэхээр 76 гишүүн, Ерөнхийлөгч, шүүгчээр “гэгээрсэн бурхад” томилоход хэцүү. Сайн тогтолцоонд муу хүн байсан ч сайн ажиллана, муу тогтолцоонд хэдий сайн хүн байсан ч муу тогтолцоондоо уусдаг. Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт буюу Засгийн газрыг огцруулах эрх нь бий. Өнгөрсөн хугацаанд 13 Засгийн газар огцорч, дунджаар найман сарын настай байгаа юм. Төрийн бодлого тогтвортой байх нь чухал байх ёстой. Гэтэл Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийг огцруулах олон тохиолдол, үйлдлүүд байдаг. Гэтэл шүүх эрх мэдэл байдаггүй. Шүүхийг хууль зөрчлөө, хулгай хийлээ гээд огцруулах эрх зүйн тогтолцоо байдаггүй. Шүүхэд итгэх ард түмний итгэл алдарвал, гүйцэтгэх эрх мэдэл хяналтдаа авна гэх Үндсэн хуулийн гадуурх эрх зүй гэж бий.
-УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороо байгуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Энэ хорооны гишүүн гэрчийг дуудаж тайлбар авах эрхтэй гэх мэт эрхийг нь зааж өгсөн байгаа нь шүүх эрх мэдлийн эрхэд халдсан үйлдэл болох уу гэсэн болгоомжлол байна
-Хянан шалгах хороо өмнө нь өөр нэртэй байсан. Энэ удаад бид тодорхой чиг үүргийг нь тодорхойлж, хуульчилж байгаа. УИХ-ын Хяналтын үйл ажиллагааг сайжруулах агуулгатай. Түүнээс УИХ шүүх шиг ажиллана гэж ойлгож болохгүй. Тодорхой асуудлаар мэдээлэл авах, хэлэлцүүлж, шаардлагатай бол хуулийн байгууллагад нь анхаарлыг нь хандуулах л зорилготой.
–УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал өмнө, одоо ч гарч байсан. Энэ удаад гишүүдийн тоог нэмэх санал орж ирсэнгүй?
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийг, бүрэн эрхийг сунгах санал гаргах эрх байдаг. Анх Үндсэн хуульд 143 гишүүнтэй байх санал оруулж байсан ч хэлэлцүүлгийн явцад 76 болгосон. Тухайн үеийн хүн амын тоо, бусад зүйлстэй уялдуулж 76 болгосон юм билээ. Хууль боловсруулах явцад холбогдох байгууллагуудаас санал авах үеэр дэмжээгүй.
-Ерөнхийлөгч, Ардчилсан нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөлд хүрч батлах болов уу. Танай нам ч гэсэн дотроо нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа шүү дээ?
-Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байгаа. Одоогийн төсөл бол гурван ч парламент дамнасан төсөл учраас ард түмэн бол өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Намууд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоогоор 13 нам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ