"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор АНУ-ын Нью-Йорк хотын Кино Академийн их сургуулийн жүжигчний мэргэжлээр амжилттай төгссөн Монгол жүжигчин залууг онцолж байна. Түүнийг Баярсайханы Номинбаяр гэдэг.
Дөнгөж их сургуулиа төгсч, дипломоо гардан авсан тэрбээр ирэх наймдугаар сард эх орондоо ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогоор Холливудын хэд хэдэн агентлагуудад өөрийн анкетыг илгээгээд байгаа ажээ.
БАЯРСАЙХАНЫ НОМИНБАЯР 1993.03.06
Төгссөн сургууль:
Орхон аймгийн Тавдугаар дунд сургууль /1999-2010 он/
Зохиомж дээд сургууль /2011-2013 он/
Мэргэжил:
Кино болон телевизийн жүжигчин
Одоо эрхэлж буй ажил:
Хувиараа жүжигчин, продюсерээр ажиллаж байгаа
Сошиал хуудас:
iam_noba /инстаграм/
ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. БАГАДАА ХЭР АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД БАЙВ?
-Миний бага нас өвөө, эмээтэйгээ хамт хөдөө өнгөрсөн. Багадаа өвөө, эмээдээ шүлэг их уншиж өгнө. Тэгээд сургуульд ороод дуу, шүлэг их сонирхдог, зурагтаар үзэж, харсан болгоноо их дагаж дуурайдаг хүүхэд байсан гэж гэр бүлийнхэн маань ярьдаг. Арван жилийн сургуульд байхдаа Эрдэнэт хотод өөрийн хип хоп хамтлагаа байгуулж, хамгийн анх тайзан дээр гарч байлаа. Тухайн үедээ хоёр, гурван найзтайгаа нийлж, хамтлагаа байгуулж байсан. Тэр үед өөрсдийнхөө дууг FM, радиогоор сонсоод маш их урам авдаг байлаа. Миний санаж байгаагаар хамгийн анхны дуугаа өвөл зохиож, “Хайрын цас” нэртэйгээр бичүүлж байсан санагдана.
АНХНЫ ДҮР?
-Арван жилийн сургуулиа төгсөөд, “Боловсрол суваг” телевизийн “Кино код” телевезийн шоунд амжилттай оролцож, эцсийн шатанд үлдэж байсан. Мөн “Зохиомж” дээд сургуульд Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн Төмөрбаатар багшийн жүжигчний ангид байхдаа “25 дугаар суваг” телевизийн “Дуулиант хэрэг” цуврал кинонд цагдаагийн ахмадын дүрд тоглож байсан юм.
ЯАГААД АНУ-Д ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ БОЛОВ. ӨӨР МОНГОЛ ОЮУТАН СУРАЛЦДАГ УУ?
-Би хүүхэд байхаасаа АНУ-руу явахыг мөрөөддөг байсан юм. Тэгээд жүжигчний мэргэжлээр Монголдоо сурч байхдаа АНУ-д суралцахаар шийдээд явсан. Дэлхий даяарчлагдаж буй энэ зуунд дэлхийн кино урлагт хүч сорихыг хүсч Холливудын алдартай сургуулиудын нэг болох “New York film academy”-д сурах болсон. Манай сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ижил хүсэл зорилготой олон орны оюутан залуус суралцдаг. Миний хувьд сургуулийнхаа ганц Монгол оюутан нь байсан. Гадаад оюутнууд Монгол орныг Чингис хааны үеийн түүхэн талаас нь их сонирхдог. Эх орноосоо хол харь оронд явахад чиний нэрээс илүү эх орны минь нэрээр дууддаг. Тийм учраас би их, бага гэлтгүй бүх зүйлд хариуцлагатай байхыг хичээж, эх орныхоо нэрийг хайрлаж, хүндэлж явдаг.
ЯМАР ТӨРЛИЙН КИНОНД ТОГЛОХ ХҮСЭЛТЭЙ ВЭ?
-Мэргэжлийн жүжигчин хүнийхээ хувьд бүхий л жанрын уран сайхны киноны гол болон туслах дүрд тоглож, өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Жүжигчин мэргэжлийн сайхан нь олон хүний амьдралын ертөнцөөр аялж, нөгөөтэйгүүр хүн судлахуй гэж боддог.
Монголоос шүтэж, хүндэлж явах жүжигчин гэвэл олон бий. Миний хамгийн анхны багш болох Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар багшийнхаа дэлгэцийн бүтээлээс нь үзэх их дуртай. Харин дэлхийн кино оддоос алдарт жүжигчин Аль Пачиногийн тоглосон кинонуудыг хэдэн удаа үзээд ч уйддаггүй.
УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ХҮЛЭЭН АВСАН УУ?
-Намайг АНУ-д оюутан байхад Монголоос кино уран бүтээлд хамтран ажиллах санал тавьж байсан. Миний хувьд тухайн үед цаг, зав бага байсан учраас хамтран ажиллаж чадаагүй ээ. Харин саяхан их сургуулиа төгсөөд анхны киноны ажил болох “Чингисийн хүүхдүүд 2” уран сайхны кинонд тоглох саналыг хүлээн аваад байна. Хамтран ажиллах санал тавьсан Монгол Улсын Соёлын элч Америкийн продюсеруудын холбооны гишүүн, продюссер Д.Ангараг ахдаа баярлаж, талархсанаа илэрхийлье.
ЖҮЖИГЧИН ХҮНИЙХЭЭ ХУВЬД ЯМАР ЗАРЧИМ БАРИМТАЛДАГ ВЭ?
-Жүжигчин хүн хамгийн түрүүнд цаг барьж, ажилдаа байнгын бэлэн байдалд байх, эхэлсэн ажлаа дуусгах нь чухал. Мөн баг хамт олноор ажиллах чадвартай, хамт олноо хүндэлж, мэргэжилдээ болон хийж буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандах нь чухал чадварын нэг гэж боддог.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Надад бараг чөлөөт цаг гардаггүй гэж хэлж болно. Өөрийнхөө хийх дуртай болон хийдэг зүйлүүдийг аль болох амьдралынхаа өдөр тутмын хэв маяг болгохыг хичээдэг. Миний хувьд олон төрлийн спортоор хичээллэдэг. Тэр дундаа фитнессээр хичээллэдэг. Гэхдээ мэргэжлийн тамирчны хэмжээнд биш шүү. Амьдралдаа өдөр тутам эрүүл чийрэг байж, жүжигчин хүнийхээ хувьд ямар ч дүрд хөрвөхөд тохиромжтой талаас нь биеэ хөгжүүлэхийг хичээдэг.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
-Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл наймдугаар сард эх орондоо очиж, тэр үеэрээ Монголдоо хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд 2” уран сайхны киноны зураг авалтад оролцох төлөвлөгөөтэй байна.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?
-Шударга, хүнлэг, хариуцлагатай хувь хүн байхыг зорьдог. Миний мөрөөдлийн нэг бол Холливудын ертөнцөд Монгол хүний дуу хоолой болж, Оскарын наадмын улаан хивсэн дээр ээжтэйгээ хамт алхах.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?
-Өөрийн гэсэн хүсэл зорилготой, мөрөөдөлдөө үнэнч байж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөвөл боломжгүй зүйл байхгүй. Боломж бүрийг жижиг, том гэлтгүй ашиглан, бага багаар урагшлаарай. Бүх зүйлд цаг хугацаа ордог. Аливаа асуудалд ямар нэгэн гарц, шийдэл, боломж үргэлж бий. Тиймээс залуустаа хэзээ ч битгий зорьсон зорилгоосоо шантарч, бууж өгөөрэй гэж хэлмээр байна.
Холбоотой мэдээ