"Тайзан дээр 20 удаа гарахад хэн ч инээж байгаагүй"

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

"Тайзан дээр 20 удаа гарахад хэн ч инээж байгаагүй"

"Тайзан дээр 20 удаа гарахад хэн ч инээж байгаагүй"

Хошин урлаг дотроо хамгийн энгийн чөлөөтэй гэгддэг Станд-ап комедийг хэсэг залуус өөрсдийн сонирхлоороо нэгдэн Монголд хөгжүүлж эхэлснээс хойш таван жил болж буй. Өдгөө “UB comedy” клуб ам бүл олуулаа болж, тус хамтлагийн гишүүд  болох Төөгөө, Амараа, Тулгаа, Хану, Амаржин, Ганга, Мөнхжин гэсэн долоон комедиан клубээсээ өрх тусгаарлан  “Сomedy Lab” нэртэй шинэ клубээ нээсэн юм. Энэ удаа тус клубийн гишүүн Амраа буюу Д.Амартүвшинг ярилцлагын зочноор урилаа.


– UB comedy клубээс өрх тусгаарлаж  “Сomedy Lab” нэртэй шинэ клуб нээгдээд хэдхэн сарын хугацаа өнгөрч байгаа ч танхим дүүрэн үзэгчтэй, фэнүүд олонтой харагдсан. Анх хөлөө олоход амаргүй байсан уу, эсвэл шинэ клуб үүдээ нээхэд л үзэгчидтэй болов уу?

-Манай клуб долоон гишүүнтэйгээр үүдээ нээгээд таван сар болох гэж  байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээс “UB comedy” клубээс бид гарч, шинээр клубээ нээсэн. Анх тоглолтоо хийх газраа зохион байгуулахаас эхлээд л олон асуудал, саад бэрхшээл байсан ч одоо л үйл ажиллагаа маань жигдэрч, үзэгчид ч биднийг андахгүй болсон. Ихэнхдээ л тасалбар дуусч, суудалгүй болдог. Одоо дахин шинээр  таван гишүүн клубдээ авах зорилготой байна.

UB comedy клубийн залуус хоёр тал болж, тусдаа үйл ажиллагаа явуулахад үзэгчдийн хандлага өөрчлөгдөж үү?

Тухайн үед олны анхааралд өртөж, дуулиан болж байсан ч Батаатай үл ойлголцсон асуудлыг хүмүүс одоо ярьдаггүй. Ер нь манайхан аливаа асуудлын талаар долоо хоног шуураад л мартдаг, ирэх долоо хоногоос дахиад л өөр шинэ дуулиан дэгддэг юм шиг санагддаг шүү дээ /инээв/. Давуу тал нь өрсөлдөөн бий болж байна. Хэн нь  сайн контент бэлдэж байгаа нь л хүмүүсийг инээлгэнэ.

UB comedy клубийг үүсгэн байгуулагч Батаа шинэ гишүүдийнхээ цалинг нэмэхийн тулд та нарын цалингаас хасах саналыг гаргасан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү. Одоо UB comedy клубтэй холбоотой байгаа юу?

-Батаа шинэ гишүүдийг хэдэн төгрөгөөр цалинжуулж байсан, хөрөнгө санхүүгийн асуудлыг бид мэдэхгүй. Бид нар Батаатай гурав дахиа уулзаад ойлголцож чадаагүй учраас тусдаа клуб байгуулсан.

Одоо Батаатай сайн харилцаатай байгаа шүү дээ. Манай клубийн нээлтэд ирж үг хэлж бас микрофон бэлэглэсэн нь саяхан. Яах вэ үл ойлголцож бас эвлэрэх үе байдаг учраас тэр бол болоод өнгөрсөн зүйл.

 -Тайзан дээр эмэгтэй комидиан харагдах нь их ховор. Эмэгтэйчүүдийн хошин шогийн мэдрэмж эрчүүдийнхээс тааруухан байдаг юм уу. Нөгөө талаас олон нийт эмэгтэй комидианыг хэрхэн хүлээж авдаг бол?

-Бид долоо хоногийн  лхагва гариг бүрт эмэгтэй комидианыг нээх, клубтээ элсүүлэх зорилгоор эмэгтэйчүүдэд зориулсан  “Ladies Laughter” нэртэй шоуг зохион байгуулдаг л даа. Аль болох эмэгтэй комидианаар гишүүдийн тоогоо нэмэхийг зорьж байна. Ер нь эмэгтэй комидиан их ховор байна. Уг нь эмэгтэйчүүдийн нүдээр гэр бүл, нийгэмд тулгамдаж буй асуудлыг харна гэдэг нь өөрөө маш чухал юм.

Бүхий л зүйлийг эрэгтэй хүний нүдээр харна гэдэг учир дутагдалтай. Цаашид бидний шоуг зөвхөн эмэгтэйчүүд хөтөлдөг байхаар зорьж байгаа. Энэ ч утгаараа эмэгтэй комидианууд тайзан дээр гарч эхэлсэн. Одоогоор шинэ найман комидиан “төрлөө”. Тэд бүгд өөр өөрийн онцлогтой, мундаг авъяас, өөрсдийн гэсэн харах өнцөгтэй.

Жишээ нь, ээжтэйгээ харилцах харьцаа, гэр бүлийн амьдралын тухай, нөхөртэйгээ харилцах харилцаа, оюутны амьдралын тухай зэрэг олон сонирхолтой сэдвээр жоүк хийж байна. Үүнд бид баяртай байгаа.  Тиймээс аль болох эмэгтэй комидианыг дэмжиж ажиллана. Ер нь олон нийт эмэгтэй хүн гэхээр хоёрдугаар суваг ярилаа, ёс бус үг хэллэг хэлж болохгүй гэх мэт жендерийн асуудал ярьдаг. Бидний хувьд ямар зүстэй муур байх нь хамаагүй хулгана л барьж байх ёстой гэдэгтэй адил тухайн эмэгтэйн гадаад төрхөөс илүү хүмүүсийг л инээлгэх нь чухал гэсэн зарчмыг баримталдаг. Ер нь Стэнд-ап комидиан урлагийн зорилго нь аль болох хүмүүсийг хайрцаглахгүй байхыг л эрмэлздэг. Энэ утгаараа энэ төрлийн урлагийн мөн чанарыг бид хадгалахыг хичээдэг ч шүүмжлэлтэй ханддаг.

-Стэнд ап хошин урлагийн төрлийг монголчууд сүүлийн хэдэн жилээс л хүлээн авч ойлгож эхэлж байх шиг. Америк маягийн хошигнол гэдэг энэ урлагийн төрөл хэр их хөгжиж байна вэ?

-Залуус энэ урлагийг ойлгож хүлээн авдаг болсон. Үзэгчдийн ихэнх нь 21-35 насныхан байх шиг харагддаг. Стэнд-ап хошин урлагийн төрлийг Америк маягийн хошигнол гэдэг ч эртний Грек Ромоос гаралтай. Уран илтгэгч, популистууд хүмүүсийг байлдан дагуулж байхдаа хошин яриа байдлаар хүмүүсийг инээлгэх аргыг ашиглаж байсан нь орчин үед тайзны монолог урлаг, АНУ-д хошин урлаг байдлаар хөгжсөн. Энэ урлагийн төрлийг Монголд анх хөгжүүлэхэд хэцүү байсан. “Энэ хэдэн залуус юу яриад байгаа юм” гэх мэтээр ойлгодоггүй шүүмжилдэг байсан тэр үетэй харьцуулахад өнөөдөр олон нийтийн хандлага өөрчлөгдчихөж. Бидний тоглолтыг үзэхээр танхим дүүрэн хүн цугласан байхыг харахад энэ урлагийн төрлийг хүмүүс ойлгодог болсон юм болов уу.

-Таны хэлснээр стэнд-ап гэх энэ хошин урлагийн төрлийг нийгмийн нэг хэсэг ойлгож хүлээн авч байгаа ч нөгөө хэсэг нь одоо ч шүүмжилсээр байгаа шүү дээ. Ер нь ярьж буй сэдвээ судалдаг уу. Эсвэл амьдралд болж буй зүйлсийг ажиглаад л түүнийгээ хошин байдлаар ярьчихдаг юм уу?

Ер нь олон нийт одоо ч биднийг шүүмжилсээр байгаа. Стэнд-ап урлаг нь илүү ганцаарчилсан төрөл учраас хувь хүн комидиануудын ярих сэдвээ судлах арга нь өөр. Зарим нь өөрт тохиолдсон хөгжилтэй, сургамжтай зүйлсээ бусдад хуваалцаж байхад нөгөө хэсэг нь тухайн ярих сэдвээ урьдаас судалж зохиож бичдэг гэх мэт бүгд өөр өөрсдийн гэсэн арга барилтай. Миний хувьд найз нөхдөдөө тохиолдсон зүйлсээ өөрт болсон мэтээр ярьдаг. Бас улс төрийн тухай ойлголтыг комидианаар дамжуулан хүмүүст түгээхийг эрмэлздэг л дээ. Би ихэвчлэн эдийн засаг, улс төрийн ном уншдаг болохоор тэндээс жоүкийн санаа их гардаг.

Стэнд-ап комидианд судалгаа маш чухал. Асуудлыг задлах тусам хүмүүс инээдэг бол ерөнхий зүйлд огт инээдэггүй. Асуудлыг задлахын тулд судалгаа л хийх хэрэгтэй. Судалгааг хэр сайн хийнэ төдий чинээ л хүмүүсийг инээлгэх жоүк /инээдтэй яриа/болно гэсэн үг.

Хүмүүс ёжлол дээр хамгийн их инээдэг. Яагаад гэхээр хүнд хэцүү зүйлсэд хүмүүс инээх нь их амархан бол  эерэг зүйлст төдийлөн инээдэггүй л дээ. Жишээ нь, хүн бүдрээд унахад л ойр тойрны хүмүүс инээдэг шүү дээ. Ерөнхий ийм тохиолдол л үгийн хэлбэр лүү орж инээд болон хувирдаг. Тиймээс стэнд-ап урлагийн давуу тал нь нийгмээ өөр өнцгөөр харж эхэлдэг л дээ.

-Таны хувьд ярих гэж буй жоүкээ хэрхэн судалж, түүнд хэр их цаг зарцуулдаг вэ?

-Ном, сэтгүүл уншихаас гадна интернетээс бас сэдэв гардаг л даа. Түүнийгээ эрэн сурвалжлах сэтгүүлзүйн зарчим гэдэг шиг тухайн сэдэвтэй холбоотой баримт фактуудыг цуглуулах байдлаар ажилладаг. Судалгаатай жоүкт цаг орчмыг зарцуулах нь миний хувьд хангалттай гэж үздэг юм. Хэтэрхий их цаг зарцуулаад дэмий гэж боддог. Миний бодлоор маш сайн судалгаатай төгс жоүк зургаан сарын хугацаанд гарна.

-Комидианууд тайзан дээр гарахаас өмнө бусдадаа жоүкээ алдах тохиолдол гардаг. Таны хувьд бусдадаа жоүкээ алдаж байв уу?

-Бусдадаа жоүк алдах тохиолдол гардаг. Энэ бол бүдүүлэг хэрэг л дээ. Гэхдээ би уурладаггүй.

-Тайзан дээр гараад жоүк ярихад хүмүүс огт инээгээгүй үе байдаг уу. Тийм үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

– Би лав тайзан дээр  20 удаа гарч жоүк ярихад хэн ч инээгээгүй. Тэр үед их хэцүү санагддаг юм билээ. Тухайн үедээ шантрах үе  маш их байсан. Хүн инээхээ болиход л сандарна, ярихаар төлөвлөж байсан бүх зүйлс замхардаг, улмаар хяналт буюу контрол алдагдаж бүх зүйл фэйлдэнэ. Хүн инээхгүй байхыг комидианчууд фэйлдэнэ гэдэг юм. Үзэгчид инээхгүй бол тухайн орой нь сэтгэлээр унаж хямардаг. Дараа нь дахин тэр өдрийн жоүктээ дүн шинжилгээ хийдэг. Амьдралд хүн алдаж байж сурдаг шиг тайзан дээр бид гарч алдаж, фэйлдүүлж байж илүү сайн комидиан болох эхлэл нь байдаг.

Хэрэв тайзан дээр гарахгүй бол ямар ч алдаа гарахгүй. Алдаа гарахгүй бол юу ч сурахгүй. Миний хувьд хамгийн их ойлгож авсан зүйл минь одоогоос жил хагасын өмнө би сэтгэл санааны гүн хямралд орчих байсан үедээ тайзан дээр үзэгчдийн өмнө аз жаргалтай юм шиг инээж ярихад хэцүү байсан.Зарим үедээ фэйлдүүлнэ.  Гэхдээ сэтгэл санаа ямар ч байж болох ч тайзан дээр хүмүүсийг инээлгэх ёстойг мэдсэн. Хүмүүсийг инээлгэнэ гэдэг уйлуулахаас ч хэцүү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж