Энэ удаа орчин цагийн “Хөрөг зургийн нэрт мастер” хэмээн олонд хүндлэгдэж яваа зураач Т.Чингисийн урланд зочиллоо. Тэр бол хөрөг зургаараа хэдийнэ олны танил болсон залуу зураач. Түүнийг 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчдийн 55 хөрөг зургаар үзэсгэлэн гаргаж байснаар нь хүмүүс сайн мэдэх биз ээ.
Будгийн үнэр ханхалсан түүний урлан Хан-Уул тоурын 13 давхарт байрлах ажээ. Урлангийнхаа голд зураач Т.Чингис хамгийн сүүлд ирсэн захиалгат хөргөө зурж сууна. Тэрбээр энэ хөргийнхөө эзнийг олонд дэлгэхийг хүссэнгүй. Түүний урлангийн өрөөний ханыг өөрийнх нь бүтээлээс илүүтэй шавь нарынх нь бүтээлүүд дүүргэжээ. Ингээд түүний уран бүтээлийн ертөнцөөр хамтдаа аялья.
УРЛАНГАА НЭЭСНЭЭР МИНИЙ ШИНЭ АМЬДРАЛ ЭХЭЛСЭН
Тэрбээр өөрийн урлангаа нээгээд хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Урлан нь хоёр танхимаас бүрдэнэ. Нэгэнд нь гэргий Ц.Амаржаргал нь бага насны “Гүнж кидс арт” сургалтыг амралтын өдрүүдэд явуулдаг бол нөгөөд нь насанд хүрэгчдэд зориулсан нээлттэй урланг ажиллуулдаг ажээ.
Зураач Т.Чингис “Би 2008 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд таван жил суралцаж, Ц.Нарангэрэл багшийн монеминталь уран зургийн ангийг төгссөн юм. Хүн чинь мэргэжлээрээ их сургуулиа төгсөөд, зургаа зурсан ч учраа олтлоо бас уддаг л даа. Тэр хугацаанд янз бүрийн л урланд байж, ганцаараа бүтээлээ хийдэг байлаа.
Хоёр жилийн өмнөөс өөрийн шинэ урлангаа нээснээр миний шинэ амьдрал эхэлсэн юм шиг санагддаг. Учир нь би өмнө урландаа ганцаараа л хөргөө зураад суудаг байсан бол одоо эхнэртэйгээ хамт бага насны хүүхдүүд, насанд насанд хүрэгчидтэй ажиллаж, нийгэмтэйгээ харилцаатай болж эхэлсэн. Хүний амьдрал илүү утга учиртай болдог юм билээ.
Хүнд зураг зурахыг заана гэдэг чинь газарчилна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө зурж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй л дээ. Нэг ёсондоо тэр газраар аялж үзэж байж, тэр хүмүүстээ газарчилна. Хамгийн гол нь урлан ажиллуулж, хүмүүст хичээл орохдоо ажилдаа дуртай байх шаардлагатай. Миний хувьд урландаа сүүлийн хоёр жил гаруй өдөр болгон ажиллаж байна. Одоо ч гэсэн урлангаа байгуулаад удаагүй байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Эргээд бодоход олон сайхан хүнтэй ажиллаж, олон сайхан дурсамжуудыг бий болгосон байна лээ. Өмнө нь зөвхөн өөрийнхөө бүтээлийг л хардаг байсан бол одоо шавь нарынхаа бүтээлийг хараад илүү баярладаг болоод байгаа. Манай бага насны хүүхдүүдийн анги жилийн дөрвөн улирал зөвхөн амралтын өдрүүдэд тогтмол хичээллэдэг. Насанд хүрэгчдийн урлан нь монголын цор ганц нээлттэй урлаг гэдгээрээ онцлог” хэмээн урлангаа танилцуулав.
ШАВЬ НАРАА БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН БОЛООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ
Зураач Т.Чингисийн хувьд багадаа сүрхий зураг зурдаг хүүхэд байгаагүй. Зургийн ямар нэгэн уралдаан, тэмцээнд ч огт оролцож байгаагүй гэдгээ нуусангүй. Тэрбээр “Миний үеийн хүүхдүүд “Тийм ч тэмцээнд орж түрүүлээд, ийм медаль авлаа” гэдэг байсан. Сүүлийн үед хүүхдүүд багшилдаг болсноосоо хойш анзаарч хараад байхад хүүхдүүдийг зураач болох замаас нь уралдаан тэмцээн холдуулчихдаг юм шиг санагддаг болсон. Уран зураг чинь үзүүлбэрийн урлаг биш шүү дээ. Зураач хүн өдөр бүр өөртэйгөө ажиллаж, тэмцэж, олж байдаг. Хүүхдүүдийн цэвэр ариун сэтгэлээрээ зурсан бүтээлд хэмжүүр тавьж, уралдуулна гэдэг боломжгүй шүү дээ. Тиймээс би шавь нарынхаа бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хайртай дотны хүмүүстээ танилцуулахыг эрхэмлэдэг” тухай ярьсан. Бид ажлын өдөр очсон учраас бяцхан шавь нар нь эзэнгүй байж таарсан юм.
Мөн шавь нараа бүгдийг нь зураач бол гэж хэлэхгүй ч аливаад чин сэтгэлээсээ ханддаг, бүтээлч сэтгэлгээтэй хойч үе болж, хүмүүжээсэй гэж хүсдэг гэлээ.
АСЕМ-ЫН ХӨРӨГ ЗУРГИЙГ 10 САР АМРАЛТГҮЙ ЗУРСАН
Монгол Улсад 2016 онд зохион байгуулсан АСЕМ-ын зохион байгуулагчдын захиалгаар олон улсын төлөөлөгчдийн хөрөг зургийг зуржээ. Тухайн үед АСЕМ-ын 55 хөргийг 10 сарын хугацаанд зурж дуусгасан байна. Намайг хүмүүс тэр хөргүүдийг зураад баяжсан гэж ойлгодог. Тэр үед би 10 сарын турш нэг ч амралтгүйгээр хөргүүдээ зурж дуусгасан. Нэг зураг дээр дахин дахин ажиллаад байх цаг байхгүй учраас надад алдах эрх байгаагүй. Нэг ёсондоо эрүүл мэндээ золиосолж, олон жилийн туршлагаараа л зурж дуусгасан. Тэр зургийг өөр хүн зураад, намайг шүүмжил гэвэл амархан шүүмжилнэ. Одоо Чингисийн хүрээ” жуулчны баазад миний хөрөг зургаар нээлттэй үзэсгэлэнг дэлгэсэн байдаг юм.
Мэдээж “Ажил хийвэл ам тосдоно” гэгчээр хүн хөдөлмөрлөсөн бол үр шимийг хүртэнэ. Гэхдээ хүмүүсийн санасны хэмжээний их мөнгө авч байгаагүй. Өнөөгийн залуусыг анзаараад харахад ганц нэг удаа хөдөлмөрлөөд л үр шимийг нь хүртэх гээд байдаг болж.
Би одоо ч гэсэн их хөдөлмөрлөөд, бага үр шимийг хүртдэг. Өмнө нь асар их хөдөлмөрлөөд, бүр бага мөнгө авдаг байсан. Тэглээ гээд хүн ядуурч, хоосордоггүй юм. Залуу насанд хөдөлмөрлөж, хүч сорих боломж байна гэдэг чинь сайхан.
Их сургуулиа төгсөөд дөнгөж ажиллаж буй залуустаа хандаж хэлэхэд “Чи завгүй ажиллана, бусдад ашиглуулна, тэгсэн хэрнээ маш бага цалин авна” энэ бол хүн болгоны туулдаг зам шүү. Тийм учраас залуу насандаа тууштай хөдөлмөрлөж, зүтгээрэй. Эцсийн эцэст чи өөрийгөө олох болно. Миний хувьд уран бүтээлчийнхээ карьеарыг эхлээгүй байгаа гэж боддог. Яагаад гэвэл би өшөө илүү хүн болох хэрэгтэй байна. Гэр бүл зохиогоод, олон шавь нартай болсноор амьдралыг илүү таньж мэдэж байна. Залуу хүн өөрийгөө амьдралын гол дүр гэж боддог. Харин гэр бүл, үр хүүхэдтэй болж, амьдралын туслах дүр гэж мэдсэн цагаас хүн арай сайжирч эхэлдэг. Тэр үеэс амьдралыг илүү мэдэрч эхэлдэг байхгүй юу” хэмээв.
ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИН, ЗУРААЧ Т.ЧИНГИС
Түүний зурсан хөрөг яг л фото зураг шиг харагдана. Тэрбээр өөрийгөө өдий зэрэгтэй зураач яваа нь багштай маань холбоотой гэдгийг хэлж байв. Багш нь өөрийгөө залгамжлах багш болгохоор бэлтгэж, зундаа ганц явдаг натурт 3-4 удаа дагуулж, уран зургийн амтанд оруулжээ. Багшаасаа суралцсан чадвараа улам хөгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөрөг зургаа зурдаг болсон нь ийн олны анхаарлыг татна. Тэрбээр “Миний 10 жилийн өмнөх хөрөг зураг одоогийн хөрөг хоёр тэс өөр. Миний хувьд сошиалаар дэлхийн зураачдын мэдээллийг харж, судалдаг” гэсэн юм.
Зураач Т.Чингис нарийн бийрээр бичиж, зурдаг техниктэй. Түүний зургуудыг ойроос харвал илүү нарийн харагдах аж. Нэг хөргийг зурахад дунджаар 20 хоногийг зарцуулдаг байна. Заримдаа зургаа мэдэрнэ, мэдрэхгүй.
Түүний урланд ширээний теннис байрлуулсан нь анхаарал татлаа. Тэрбээр ширээний теннисээр хичээллээд долоон жил болж байгаа бөгөөд уран бүтээлийн зав чөлөөгөөрөө хөлсөө гаргах дуртай нэгэн ажээ. “Юм бүтээх гэж байгаа хүн физик биеэ бэлдэх ёстой” гэдэг шүү дээ. Тэр утгаараар спортоор хичээллэх дуртай” тухайгаа ярилаа.
ТҮҮНИЙ УРЛАНД БҮТЭЭЛҮҮД НЬ ХАДГАЛАГДАЖ, ҮЛДЭХ НЬ ТУН ХОВОР
Орчин цагийн хөрөг зургийн мастер Т.Чингисээр хөрөг зураг зуруулах захиалга тасрахгүй ээ. Улс төрч, урлагийн од, спортын тамирчид, олны танил хүмүүс гээд…Нийгэмд сайн сайхан үйлс, түүхийг бүтээж яваа хүмүүсийн хөрөг зургийг зурна. Нэг хүний хөрөг зургийг зурж дуусгаад л дараагийн хүний хөргийг эхэлдэг байна. Тийм учраас түүний урланд бүтээлүүд нь хадгалагдаж, үлдээд байх нь тун ховор. Харин түүний өөртөө зориулан зурсан ганц зураг хүндтэй байр суурь эзэлнэ. Тэрбээр хамгийн сүүлд хоёр хүүхдийн хөрөг зурж, “Эрхэмсэг оршихуй” хэмээх хатны өмсгөлтэй монгол эмэгтэйн 133х99 хэмжээтэй хөрөг зуржээ.
Түүний урланд өөрийнх хөрөг хүндтэй байр суурийг эзэлнэ. Энэ бол түүний хөрөг. Дээр нь хоёр хүү нь хөхөө хөхөж байна. Аав нь түүнийг зургаан настай байхад бурхан болж, ах нь бас 28 настайдаа бурхан болжээ. Тиймээс том хүүгээ аав, бага хүүгээ ах төрлөө гэж бэлгэдэн энэ бүтээлээ зурсан гэнэ. Харин түүний барьсан хар аяга бол залуу хүний хувьд үзэж туулсан хүнд бэрх өдрүүдээ өгүүлж буй ажээ. Дээшээ харсан сав нь амьдралаас гуйж байгаа утгатай бөгөөд өөрийнхөө ард аавынхаа нутгийн Увс нуурыг дүрсэлжээ.
“Дэлхийн алдартай галерейд орохоор тухайн цаг үеийнхээ зураач нарт захиалга өгч зуруулсан алдартай бүтээлүүд түүх болон үлдсэн байдаг. Би бол тэр жишгээр ажилладаг. Миний хувьд үзээгүй, хараагүй, мэдрээгүй зүйлээ зурах дургүй. Тийм бүтээл угаасаа хүнд хүрэхгүй. Зарим хүмүүс агуу түүхэн сэдэв барьж аваад л зурдаг ч хүмүүс дэргэдүүр нь алхаад л өнгөрдөг. Тэрний оронд хөөрхөн нохойн гөлөг, өөрийнхөө хүүхдийг эсвэл бидний дунд амьдарч байгаа алдаж, онож байгаа хүмүүсийн хөргийг зурвал надад илүү ойр санагддаг. Жишээлбэл, хөрөг зургаа зурахдаа тухайн хүнийхээ ярилцлага нэвтрүүлгээс нь сонсож зурдаг. Тэгж байж тэр хүний дуу хоолой, зан араншин, мэдрэмжийг мэдэрч, зурдаг.
Би хөргөө зурахдаа өнөөдрийн үзэгчдэд зориулан зурддаггүй. Миний бүтээлийг олон зуун жилийн дараа үзэгчид үзнэ гэж бодож бүтээдэг. Тиймээс зурж буй хөрөг зураг болгоноо бараг сүүлчийн хөрөг зураг шиг хичээж зурдаг” гэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ