Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит компаниудад хийлгэсэн авлигын эрсдэлийн үнэлгээгээ өнөөдөр /2019.06.27/ танилцууллаа.
Уг үнэлгээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж хамрагдсан байна. Иргэдээс эдгээр компанитай холбоотой гомдол олон ирдгийн зэрэгцээ зөрчил ч илэрдэг аж. Иймээс зориудаар сонгож "Хүлүгү санаачилга", "Хэрэглэгчийн үнэлгээ, социологийн хүрээлэн" НҮТББ-гээр үнэлгээг хийлгүүлсэн юм байна.
Авлигын эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл тус бүр 3, МИАТ 2.5, Монгол шуудан ТӨХК 2.1, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК 1.8 үнэлгээг авчээ. Авлигын эрсдэлийг 1-5 оноогоор үнэлсэн юм байна.
Мэдээллийг танилцуулах үеэр "Хүлүгү санаачилга" НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга О.Хатанболд "Төрийн өмчит үйлдвэрийн газруудад шүгэл үлээх тогтолцоо байхгүй байна. Мөн шүгэл үлээгчийг, нэрээ нууцалсан мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо байдаггүй нь байгууллага дээр гарч байгаа эрсдэлүүдийг ажилтан мэдээлэх боломжгүй болгож байна” хэмээн хэллээ.
Б.ЦЭЦЭГ