Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан арга хэмжээ цувралаар зохиогдсоор байна. Эрчим хүчний төрийн болон хувийн хэвшлийн компаниудын 16 мянган ажилтан, ажиллагсадын дунд хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг спортын их наадам өнөөдөр /2019.06.27/ “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Эрчим хүчний салбарын спортын их наадамд 1000 гаруй төлөөлөгч спортын таван төрөлд /сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис/шилдгүүдээ тодруулж эхлэв.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний дэд сайд бөгөөд Эрчим хүчний салбарын спортын их наадмыг зохион байгуулах комиссын дарга Т.Гантулга болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Батгэрэл, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваасүрэн нарын төлөөлөл оролцлоо.
Спортын наадмыг Диспетчерийн Үндэсний төв ХХК, “Дулааны III, IV цахилгаан станц” болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ , Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав тамирчдад болон тэмцээнийг зохион байгуулагч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд рапорт өгснөөр спортын таван төрлийн өрсөлдөөн эхэллээ.
Энэ удаагийн наадмын Төрийн далбааг мандуулах хүндтэй үүрэг Эрчим хүчний салбарын дундаас төрөн гарсан спортын алдартнуудад оногдсон юм. Энэхүү хүндтэй үүргийг Монгол Улсын аварга, Дэлхийн шатрын холбооны ФИДЕ мастер, ОУХМ Б.Баярмандах, сагсан бөмбөгийн спортын мастер н.Золзаяа, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн спортын мастер А.Энхтүвшин, Волейболын Зүүн Азийн наадмын шагналт, Улсын шигшээ багийн тамирчин А.Даваажаргал, Ширээний теннисний спортын мастер, Монголын Бүх ард түмний спартакиадын аварга Т.Мөнх-Орших нар гүйцэтгэсэн юм.
Наадмын нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Төр хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын төлөөлөл болсон баг тамирчид ирээд байна. Энэхүү спортын наадам бол уламжлал болгон зохион байгуулагддаг. Баг хамт олон эрүүл чийрэг байх нь спортын арга хэмжээ маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Саяхан Хөвсгөл аймагт спортын арга хэмжээ болж, шилдгүүдээ тодруулсан байгаа. Эрчим хүчний салбарынхан хамгийн ачаалал үе бол өвлийг даван туулах байдаг. Зуны цагт өвлийн бэлтгэл ажлыг хийх гээд ажлууд их байна. Энэ их ажлын хажуугаар спортод цаг гаргаж, хичээллэж байгаа нь маш сайн зүйл юм” гэж хэллээ.
“Эрчим хүчний салбарын спортын наадам хоёр жил тутамд болдог. Таван төрлөөр шилдгүүдээ тодруулна. Энэ жилийн нэг онцлог нь Эрчим хүчний салбарыг 2019 онд ухаалаг жил гэж нэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор 3D хэлбэрээр нээлтээ хийхийг зорилоо. Мөн энэ удаагийн наадмын нэг онцлог шатар, ширээний теннисний төрлийг багийн төрөл болгон оруулсан. Энэ төрлүүд манай улсад цаашид эрчим хөгжих боломжтой. Эрчим хүчний салбарын баг тамирчдыг энэ төрлүүдээр цаашид өргөжүүлэх тал дээр анхаарч байна. Энэ нь тус тэмцээний гол онцлог болж байна” гэж Эрчим хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав хэллээ.
Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй салбарын ажилтнуудын спортын их наадам гурван өдөр үргэлжилж, Бямба гаригт шилдгүүдээ тодруулна.
Холбоотой мэдээ