“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг өнөөдөр /2019.06.27/ мэдээлэл хийж, олон нийтэд хөгжлийн стратегиа танилцууллаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү компани дунд хугацааны стратегиа баталж, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр “Үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Засгийн газраас Асгатын мөнгө полиметаллын ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн бөгөөд одоогоор далд уурхайн чиглэлээр мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн багийг Асгатын мөнгө полиметаллын ордод ажиллуулж, ордын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна” гэлээ.
Үүнээс гадна Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдсан юм. Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Хамтын ажиллагааны банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн хүрээнд тус уурхайнуудын техник, технологийн шинэчлэлийг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр зорьж байна. “Эрдэнэс Монгол” ХХК цаашид Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний томоохон хөрөнгө оруулалтын компани болох зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгыг хангах ажлын хүрээнд дунд хугацааны бизнесийн стратегийг батлан хэрэгжүүлж байгаа ба дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “Темасек Холдинг”, “Самрук Казына” зэрэг уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүлэгч компаниудын жишгээр үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулахаар зорьж байна” гэлээ.
Хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, Уул уурхай техник, технологийн газрын захирал Б.Элбэгзаяа, Хууль Эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяа нар оролцов.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ