Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний ойрын хүмүүсийн амийг хөнөөх хуйвалдааныг илрүүлж, таслан зогсоосноо тус улсын засгийн газар зарлажээ. Зөвхөн Мадуро ч биш тэргүүн хатагтай Силиа Флорес, эрх баригч социалист намын дарга Диосдадо Кабелло нарын амийг хөнөөхөөр төлөвлөж байсан хэмээн мэдэгдээд хуйвалдааныг зохион байгуулагчдын хоорондоо хийсэн видео хурлын 56 цагийн бичлэг Венесуэлийн тагнуулынхны гарт байгааг ч мөн дурдсан байна.
Харин Мадурог сөрөн гарч ирсэн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэхүү мэдээллийг эрс няцааж, эрх баригчид ард түмний анхаарлыг сарниулахын тулд худал цуурхал тарааж байна хэмээн мэдэгдсэн байна.
Дээрх мэдээллийг тодруулбал, Мадурог эсэргүүцдэг тэтгэвэртээ гарсан офицерууд, армийнхан засгийн газрын байруудад бөмбөг дэлбэлж, Каракасын нисэх буудал, Венесуэлийн төв банкыг эзлэхээр төлөвлөж байсан гэнэ. Мөн одоо шоронд байгаа Батлан хамгаалахын сайд асан Раул Бадуэлийг нисдэг тэргээр оргуулж, Ерөнхийлөгч болгохоор төлөвлөж байсан хэмээв.
Эх сурвалж: www.dw.com