Н.Наранбаатар: Монголчууд дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Н.Наранбаатар: Монголчууд дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон

Н.Наранбаатар: Монголчууд дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон

Төрийн Соёрхолт, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Морин Хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нарын хамтын бүтээл "Legend" энтертайнмент шоу тоглолтын талаар өнөөдөр /2019.06.27/ хэвлэлийн бага хурал хийлээ.


"МОНГОЛЧУУД ДОТООД СЭТГЭЛИЙН НҮҮДЛЭЭ СЭРЭЭХ ЦАГ БОЛСОН"

Их номч Бямбын Ринчений “Бэр цэцэг” зохиолоос сэдэвлэн “Домог” хэмээх шоугаа найруулж буй найруулагч Н.Наранбаатар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах гэсэн төрийн бодлогын хүрээнд бид бүхэн өнөөдөр "Legend" буюу “Домог” хэмээх тоглолтыг хийх гэж байна. “Монголын түүхийг эрье гэвэл дэлхийн түүхийг эр” гэж үг бий. Энэ утгаараа бид дэлхийд өөрсдийн ахуй соёлоороо л ялгардаг. Энэ утгаараа бид маш их түүх домогтой ард түмэн. Үүнийгээ л харин биежүүлж, үзүүлбэр бүтээл болгож хүмүүст хүргэе хэмээн Б.Ренчин гуайн “Бэр цэцэг” найраглалаас сэдэв авч бүтээлээ хийлээ. Өнөөдөр хүмүүс агуулгыг нь биш хэлбэр загвар төдийд их анхаарах болжээ. Бид тоглолтодоо сэтгэлгээг л илүү чухалчилна. Монголчууд өөрсдөө хөдөлгөөнт ард түмэн учраас дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон байна. Тиймээс монголчуудын язгуур зан чанар, дотоод сэрэл мэдрэмжийг цочроож, нүүдэлчдийн философи сэтгэлгээг таниулахаас гадна аливаа зүйлийн мөн чанарт л анхаарах цаг нь болсон гэдгийг энэ тоглолтоороо харуулна” гэдгийг онцлон танилцууллаа.

Харин энэ үеэр "Legend" энтертайнмент шоу тоглолтын найруулагч Ц.Батнайрамдал мэдээлэл өгөхдөө “Бид өмнө нь ашиглаж байсан оюуны бүтээлүүдээс нэгийг ч ашиглахгүй, бүх хөгжим шинээр хийж байгаа. Нэг чиглэлийг барьж, нэг хүний уран бүтээл давамгайлж хийдэг байдлаас өөрөөр сэтгэж, багаараа нэгдмэл уран бүтээлийг босгосноороо онцлогтой. Шоу төсөл маань одоогоор 80 хувьтай явж байна. Урлагийн төрөл зүйлүүдийг нэгтгэж дэлхийд сурталчлах гэсэн бидний зорилго эхний алхамдаа хүрэхэд тун ойрхон болоод байна" гэсэн юм.

Тус шоу хэлбэрийн тайзны бүтээлээр аян дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар "Бэр цэцэг" ургасан гэх эртний домогт үлдсэн ариун хайрын түүхийг урлагийн олон төрлөөр илэрхийлэн өгүүлэх ажээ.  Тун удахгүй болох “Legend” шоу нь язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертаймент шоу хэлбэрийн тайзны бүтээл болно гэдгийг уран бүтээлчид хэлж байв.

Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын соёлын элч, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн продюсер, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байгаа аж.

Мөн гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын зэрэг уртын дуучин, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны 20 балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн 13 бүжигчин, “Enkhe boys” циркийн 19 нугараач ба акробатчид, тайз, гэрэл, графикийн 30 гаруй мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцсон тоглолт үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж