Урин цаг ирж, Улаанбаатар хотод тохижилтын ажлууд хийгдэж эхэлсэн нь захаасаа ашиглалтад орж иргэдийн ярианы сэдэв болж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн III, IV хороололд явган зорчигчийн гарц дагуу шар өнгийн төмөр сараалжнууд босгож эхэлсэн нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй. Хотын төвийн зам дагуух шар хайс, хашлаганы тухай шүүмжлэл намжаагүй байхад явган зорчигчийн гарц дагуу шар өнгийн төмөр гарч ирсэн нь олон хүний гайхширлыг төрүүлээд байгаа юм.
Иргэд "Нэг тэрбум төгрөгөөр босгосон шар сараалж нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрж эхэллээ" хэмээн шүүмжлэх болов. Цахим орчинд ч "бүтээн байгуулалт нэрийдлээр хурган дарга нарын мөнгө завших арга" гэх жиргээ цөөнгүй харагдсан. Бид дээрх мэдээллийн дагуу нэг тэрбумын бүтээн байгуулалттай танилцахаар тус дүүргийг зорив. Үнэхээр ч өнгө үзэмж муутай, сараалжилсан шар төмөр харагдана. Угтаа бол явган хүний гарц гэдгийг ялгаж харагдуулах зорилготой ч жолооч нар болоод иргэдийн зүгээс орой үдэш явахад замын үзэгдэх орчныг улам хязгаарлаж байгаа талаар ярилаа.
ШАР ТӨМӨР ХААЛГЫГ НЭГ ТЭРБУМААР "БОСГООГҮЙ"
Нийслэлийн Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Ганболдоос дээрх асуудлыг тодруулсан юм. Тэрбээр “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүүжилтээр Энэбишийн өргөн чөлөө буюу гурав, дөрөвдүгээр хороололд нийтдээ дөрвөн тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийгдэх юм. Гэхдээ үүнээс нэг тэрбум төгрөгийн тохижилтын ажил энэ жил хийгдэхээр болсон. Тухайлбал манай дүүрэгт 30 төрлийн тохижилтын ажил багтаж байгаагийн нэг нь дээрх явган хүний гарцанд байрлуулсан шар хаалга. Иргэдийн дунд ташаа мэдээлэл түгсэн байна лээ. Түүнээс биш шар хаалгыг нэг тэрбумаар хийгээгүй. Харин шар хаалгыг явган хүний гарцыг тодотгох зорилгоор хийсэн. Иргэд маань гарц байтал гарцгүй газраар, наагуур цаагуур нь гүйчихдэг шүү дээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд таван метрийн цаанаас хүнд харагдахуйц байдлаар гарцыг тодотгож өгч байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, өдөр шөнийн аль ч үед гэрэлтүүлэгтэй болох учраас тод ялгарч харагдах юм” гэсэн тайлбар өглөө.
Энэ ажлыг “Сайн констракшн” гэх компани гүйцэтгэж байна. Дээрх компани тэрбум төгрөгт багтааж гэрэлтүүлэгтэй гарцыг хийхээс гадна зарим автобусны буудлыг тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
ГАРЦЫН АЧ ХОЛБОГДЛЫГ НЭГ Л ОЙЛГОСОНГҮЙ
Энэ асуудлаар тус төмөр хаалгаар зорчиж буй иргэдийн байр суурийг хүргэе. Г.Бямбасүрэн: Яг нарийн ач холбогдлыг нь мэдэхгүй байна. Гэхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй юм болов уу. Хүүхдүүд замын хоёр талаар гүйлдээд байдаг шүү дээ. Тэгэхээр зориулалтын гарцаараа гарах болохоор хэрэгтэй гэж бодож байна.
Б.Мөнхтуяа: Яг юу хийх гэж байгааг сайн мэдэхгүй, тодорхойгүй хайс босгочихсон байна. Гэхдээ яах вэ хотоо чимээд гайгүй юм босгочих юм билүү харж л байя. Эсрэгээрээ хоёрын хооронд мөнгө үрсэн юм байвал дэмий юм хийчихлээ гэж бодож байна. Өнөөх Багшийн дээдийн нүхэн гарч шиг юм болчихвол шал дэмий л байх.
Д.Мятав: Энэ гарцыг ерөөсөө би ойлгосонгүй. Яагаад гэвэл техник, аюулгүйн байдал талаасаа ач холбогдол харагдахгүй байгаа юм. Гарцын тэмдэглэл харагдаж байхаас цаана нь төмөр байгааг огт ойлгохгүй байна. Нэгдүгээрт, би инженер хүн. Хийцийг нь хараад байсан энэ яав ч нэг тэрбум төгрөгийн өртөгтэй биш. Хоёрдугаарт, аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөний талаас нь аваад үзвэл яг ямар ач холбогдолтой нь мэдэгдэхгүй байна. Зам хөндлөн цагаан зураас байхад хангалттай. Хөндлөнгөөс харахад нүхэн гарц биш, дээгүүр нь гарах биш сайн ойлгохгүй юм.
О.Эрхжин: Энэ гарц үнэхээр таалагдахгүй байна. Энэ гарцын хэрэглээ нь юунд хэрэглэх нь ойлгомжгүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй ашиглаж байгаад харамсалтай байна. Хуучнаараа хамаагүй дээр байсан.
Иргэдийн байр сууринаас харахад тэд товчхондоо гарцыг нэг л ойлгомжгүй гэж дүгнэв. Угтаа бол гурав дөрөвдүгээр хороолол бол олны хөлийн газар. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах бүтээн байгуулалт хийх нь зүй ёсны хэрэг ч хэдхэн хайс хатгачихаад хэдэн саяар үнэлэгдэх тоо хэлээд сууж байгаа нь өөрөө шүүмжлэл дагуулаад буй. Техник, технологи хөгжсөн энэ цаг үед үүнээс илүү сэтгэж чадахгүй, хийж чадахгүй л баймааргүйсэн. Ямартай ч Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн тэрбумаар үнэлэх хайс иргэдэд таалагдсангүй бас хотын үзэмжийг ч нэмсэнгүй. Замын голд тавьсан шар хайс шиг нь салхинд нурчихгүй, хугарчихгүй бол энэ тэмдэглэгээг иргэд лав таалахгүй нь. Ямартай ч "улстөрчид нь хэдэн сар хонгил ярьсан, Баянгол дүүрэгт жинхэнэ хонгил бий болжээ" гэж хошигнохов дээ, иргэд.
Иргэдийн аюулгүй байдал, зам талбайн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх өөр олон санал, бүтээн байгуулалт, оновчтой шийдэл олон бий шүү гэдгийг Баянгол дүүргийн удирдлагад сануулахад илүүдэхгүй биз ээ.
Э.АРИУН