Ноцтой тохиолдолд согтууруулах ундааг хурааж байна | News.MN

Ноцтой тохиолдолд согтууруулах ундааг хурааж байна

Ноцтой тохиолдолд согтууруулах ундааг хурааж байна

Ноцтой тохиолдолд согтууруулах ундааг хурааж байна

Ойрын өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай бороо орж, үер усны түвшин нэмэгдэж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж буй. Ийм үед иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна.

Улаанбаатар хотод энэ сарын 4-ны өдрөөс эхлэн төвийн зургаан дүүрэгт Онцгой байдлын аврах ангийн 60 гаруй албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр завьт эргүүлтэйгээр ажиллаж буй юм.

Тодруулбал, Хар усан тохойгоос Баянзүрхийн товчоо хүртэл 10 км газарт нийслэлийн 105 дугаар аврах ангийнхан үүрэг гүйцэтгэж буй бол Баянзүрхийн товчооноос Маршалын гүүр хүртэл Сүхбаатар дүүргийн онцгой байдлын аврах анги, Маршалын гүүрнээс Чингэлтэй хүртэл 6.2 км газарт Чингэлтэй дүүргийн аврах анги, Яармагийн гүүрнээс Сонсголон хүртэл 7.2 км газарт Сонгинохайрхан дүүргийн аврах ангийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газартай хамтран голын эрэг дагуу шалгалт хийж, иргэдэд зөвлөмж өгч, осол аваараас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

Шалгалтын үеэр голын эрэг дагуу амарч буй хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсон үедээ гол руу орох эрсдэлтэй болохыг Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэв.

 Тэрбээр “Урин дулааны цагт ялангуяа нартай өдрүүдэд нийслэлийнхэн голын эрэг бараадах нь ихэсдэг. Амралтын өдрүүдээр ослын дуудлага нэмэгдэж, ачаалал ихтэй байдаг. Та бүхэн мэдэж байгаа байх, өнгөрсөн амралтын өдрүүдээр найман иргэн усанд осолдож амь насаа алдлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар  Аврах ангийн завьт эргүүлийнхэн аваар ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь насыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр есдүгээр сарын 10-н хүртэл  Нийслэлийн цагдаагийн газартай хамтран ногоон бүсэд  ажиллана.

Шалгалтын үеэр иргэдэд сонор сэрэмжтэй амарч зугаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг ч голын эрэг дагуу амрагчдын ихэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Ийм үед архи согтууруулах ундааг шууд хураах, торгох ямар ч боломжгүй тул  зөвлөмж өгдөг.

Ноцтой гэж үзсэн тохиолдолд согтууруулах ундааг нь хурааж байна. Усны ослын шалтгаан ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй хайнга үйлдлээс болж гардаг. Хэдийгээр бид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд анхааруулдаг ч осол буурахгүй байна. Завьт эргүүлийн ачаар өнгөрсөн өдрүүдэд голд живж амь насаа алдах дөхсөн дөрвөн иргэний амийг авран хамгааллаа” гэлээ.

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн хүртэлх хугацаанд есөн аймгийн 17 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 24 удаагийн усны осол гарч, 27 хүн амь насаа алджээ. Осолдогсдын 23 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм.

Усны ослоос гадна үргэлжилсэн бороотой өдрүүдэд нийслэлд зөвшөөрөлгүйгээр үерийн далан дээр буусан айлууд усанд автах эрсдэл өндөр байдаг аж. Энэ төрлийн дуудлага бороотой өдрүүдэд  Нийслэлийн онцгой байдлын газарт ирэх ихэсдэг байна. Албан мэдээллээр Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй үерийн далан дээр буусан 2300 орчим өрх байна. Энэ тоон үзүүлэлт өнөө жил нэмэгдэх хандлага ажиглагдаж буй нь орон нутгаас Улаанбаатарыг зорих иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэж Нийслэлийн онцгой байдлын газраас тайлбарлав. Иргэдийг аль болох үерийн даланд буухгүй байхыг сэрэмжлүүллээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аврагч ( жаахан амссан ) 2019-06-27 73.92.12.67

Согтууруулах ундааг минь хураалаа гээд л ус руу усэрж орж ухэх гээд байхийн….. Даргаа яах вэ

Avatar

Зочин 2019-06-27 64.119.20.246

Үхэж л байг. Тэнэг, мулгуу юмнууд л ингэж үхэж байгаа. Нийгэм цэвэршиг. Өөрсдөө ч үхнэ, өөрсдийнхөө тэнэгүүдийг ч нэмж төрүүлэхгүй, амар.

Avatar

Зочин 2019-06-27 202.131.227.178

САГСУУ ХҮН ХОГУУД БЭ. УУЖ ИДЭХДЭЭ УУРГИЙН МОРЬ. УСАН ҮХЭХДЭЭ УУРГИЙН МОРЬ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж