З.Энхболд гэрч үү, матаач уу!

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

З.Энхболд гэрч үү, матаач уу!

З.Энхболд гэрч үү, матаач уу!

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр АТГ-т очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ. Гарч ирүүтээ тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэж мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй” хэмээн газар дээрээс нь “мэдээлэв”.

Ардчилсан намын толгойтой болгоныг АТГ-аас дуудаж, байцаадаг, баривчилж, хорьдог болсон өнөө үед дуулиан тарьсан хачирхмаар үйл явдал биш ч, харин түүний хэлсэн тайлбар нь  хамгаас илүү хачирхал төрүүлэв. Хардлага ч дагуулав!

2016 оны зургадугаар сарын 29-ны өдөр УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал өгөх байрны өмнө зогсож байгаад “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж буй асуудлаар УИХ-ын даргын хувиар байр сууриа илэрхийлэхдээ “Эрдэнэт үйлдвэр Монголынх болох гэж байна. Үүнийг сонгуулийн улс төр болгож байгаа нь туйлын харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй, Монгол Улсын баялаг Монголын мэдэлд ирж байгаад дургүйцэж байгаа зарим нэг хүмүүсийг огт ойлгохгүй  байна. МАН, МАХН болон хууль бус шахааны бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөж буй зарим бизнесийн байгууллагууд цуу яриагаа зогсоох хэрэгтэй. Монголын хөрөнгө Монголынх болж байгаа”-г онцолж байжээ. Түүнчлэн 2016 оны сонгуулийн дараа “Цензургүй ярилцлага”-д оролцохдоо иргэн З.Энхболд мөн л ингэж  хэлж сууж.

 Харин, экс спикерийн өчигдрийн "шууд мэдээ”-ндээ дурдсан  "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ” гэснээс харвал “Эрдэнэт”-ийн 49 хувийн наймаан дээр түүний байр суурь гурван жилийн дотор “танигдахгүй” болтол өөрчлөгджээ.  

Түүний орон гаран байр суурь, мэдэн будилсан тайлбаруудаас харвал АТГ-т очиж мэдүүлэг өгсөн нь зорилготой, зохион байгуулалттай сценарийнх нь нэгээхэн хэсэг ч юм шиг. Үүний араас “гэрчийн үгээр” АТГ хэнийг барьж, саатуулах  бол. Учир нь, АТГ хуулийн үндэслэл, баримт нотолгоонд биш бусдын хов, матаасаар ажлаа явуулдаг болсныг М.Энхсайханы баривчилгаанаас харагдсан.

Ямартаа ч, АТГ-ын үүдээр ороод гарсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “Би буруугүй”-гээ мэдүүлж,  “Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж” хоёрыг гэрчлээд гараад ирснийг өөрийнх нь шууд лайваас тэнэг хүн ч  бас шууд ойлгохоор байлаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-т очиж мэдүүлэг өгсөн үү,  эсвэл бусдыг матсан уу?

Товчхондоо, З.Энхболд ердийн нэг гэрч үү, хөгийн матаач уу гэдгийг улс төрийн үйл явдлууд удахгүй нотолж өгөх биз. Нүүрээ дараад нөгөө хоёроо АТГ-ынханд зааж өгөөд гарсан З.Энхболд дарга тухайн үед  ҮАБЗ-ийн нэг гишүүн нь байсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн наймаа цаг хугацааны хувьд шахуу явагдсан нь үнэн ч гэлээ З.Энхболд огт мэдээгүй гэвэл бүр худлаа. УИХ-ын дарга, эрх баригч намын дарга, ҮАБЗ-ийн гишүүн байсан хүн шүү дээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэрчийн мэдүүлэг өгөхөөс өмнөхөн, өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ, иргэн Н.Батаа, Т.Ням-Осор нарын гэрчилснээр Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг АТГ шүүхийн шийдвэргүйгээр 24 цаг эрхэнд нь халдсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. Тэр тусмаа баривчлах тогтоол нь дугааргүй, хянасан прокурорын огноогүй байсныг М.Энхсайхан 461-ээс гарч ирснийхээ дараа бичсэн нийтлэлдээ гэрчилсэн юм. Үзэглээгүй гэрээний төлөө “завдсан, санаархсан” гэх хуульд байхгүй үндэслэлээр АТГ-ын шинэ удирдлагуудаас явуулсан баривчилгаа нь дээрээс өгсөн тушаал болоод доодох ажилтны алдаа байсан эсэхийг мэдэхгүй. Албаны товчхон мэдээндээ “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад илт давуу байдал олгохыг завдсан” гэх үндэслэлээ бичсэн АТГ-ын мөрдөн байцаагч, дарга удирдлагууд хууль зөрчиж, хүний эрхэнд халдсан үйлдэлдээ жишим ч үгүй,  уучлалт гуйгаа ч үгүй.

 Үйл явдлыг он цагтай нь хөөвөл,  үйл ажиллагааны зардлаа бууруулах зорилгоор 200 ажилтныхаа гэрээг БНХАУ-ын “TTJVCO” компанид шилжүүлэх болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн шийдвэртэй холбоотойгоор С.Эрдэнэ гэгч жолооч 2015 онд өөрийгөө шатааж байсан билээ.

Гэтэл адгийн матаач,  хөгийн шантаажчин “гарууд”-ын  телевизээр хэн нэгнийг гүжирдсэн үгээр “гэрч" хийж  хуулийн байгууллага хууль бусаар М.Энхсайханыг баривчилсан үйл явдлыг залгуулаад өчигдөр З.Энхболд АТГ-т очиж, “Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр ирж мэдүүлгээ өгөөрэй” гэж лайвдаж байна. Урд шөнө ҮАБЗ-ийн зөвлөмжөөр 17 шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн.

Энэ бүхэн тохиолдлын биш гэдгийг нотлох боломжгүй ч, цаг үеийн санамсаргүй давхцал гэвэл найман настай балчир  хууртагдахгүй болжээ. Монголын улс төрд санамсаргүй болоод тохиолдлын үйл явдал өрнөхөө больсон, эртнээс төлөвлөсөн сценарийн дагуу тусгай ажиллагаа, баривчилгаа, буу, дээрэм  болоод удаж буй.

Түүхийн эх сурвалжуудад, 1937 оны хэлмэгдүүлэлт айлын эхнэрт дурласан арчаагүй “баачка”-гийн матаасаас эхэлсэн байдаг тухай дурдагддаг. Голдуу сэхээтнүүдээ “авласан” тэр он жилүүдэд олон мянган хүн хэлмэгдэж амиа алдсан, одоо тэр цаг эргээд ирэх вий гэсэн эмзэглэл Монголд явагдаж буй, ҮАБЗ-өөс найруулж тавьдаг сценариас үнэртэж эхэллээ. Эхлээд хэн нэгэн матаас хийнэ, дараа нь хэн нэгнийг барьж хорино. Золоор, яаж Монгол цаазын ялгүй орон болов оо!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж