Дэлхийн баячуудын бэл бэнчин улам өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн баячуудын бэл бэнчин улам өсчээ

 

-2014 онд дэлхий дээр долларын саятнууд 920 мянгаар нэмэгджээ. Ингэснээр   хөрөнгө бэлтэй  хүмүүсийн тоо 14,6 сая болж байгаа бөгөөд тэдний хөрөнгийн нийлбэр нь 56,5 их наяд ам.доллар болон өмнөх жилийнхээсээ долоон хувиар нэмэгдсэн байна-

 

Фото: AP

 

Дэлхийн чинээлэг амьдралтай хүмүүс, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн  баячуудын бэл бэнчингийн талаарх World Wealth Report гэдэг судалгааг гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Уг судалгаанаас харахад  2014 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн  бэл бэнчин улам нэмэгдэж, тэдний хөрөнгийн хэмжээ урьд байгаагүй дээд амжилт тогтоожээ.

Францын консалтингийн Capgemini компани Royal Bank of Canada банкны салбар  RBC Capital Management компанитай хамтран  чинээлэг иргэдийн шинэ чансааг гаргасан байна. Судалгаа нь томоохон хөрөнгө бүхий хувь хүмүүсийн хөрөнгийн үнэлгээг (high net worth individuals, HNWI) гаргадаг ажээ.

 

Илтгэлд тэмдэглэснээр, 2014 онд дэлхий дээр долларын саятнууд 920 мянгаар нэмэгджээ. Ингэснээр   хөрөнгө бэлтэй  хүмүүсийн тоо 14,6 сая болж байгаа бөгөөд тэдний хөрөнгийн нийлбэр нь 56,5 их наяд ам.доллар болон өмнөх жилийнхээсээ долоон хувиар нэмэгдсэн байв. Ерөнхийдөө дэлхийн нийт хүн амын  0,2 хувийг эзэлсэн  тэдгээр хүмүүс хүн төрөлхтний хураасан хөрөнгийн 21,4 хувийг эзэмшиж байна.  

 

Capgemini-ийн хэвлэлийн мэдээнд өгүүлснээр, Хойд Америк дэлхийн хамгийн баян бүс нутаг болжээ. Хойд Америкийн нийт баялаг  16,23 их наяд ам.доллар гэж бүртгэгдэв. Тэдний дараа нь Ази, Номхон далайн бүс 15,82 их наядын хэмжээний хувийн хөрөнгөтэй гэж орлоо. Гуравт нь орсон Европын хувь хүмүүс 12,97 их наяд ам.долларын хөрөнгөтэй байна.

 

Гэхдээ Хойд Америк баян хүнийхээ тоогоор тэргүүлэхээ больжээ. Ази, Номхон далайн бүсэд 4,89 сая саятнууд байгаа бол Хойд Америкт тэдний тоо 4,88  сая хүрч байна. Энэ оны сүүлчээр Азийн хувь хүмүүсийн хөрөнгийн хэмжээ Хойд Америкийг ардаа орхино гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Инфографик

 

Инфографик: World Weatlh Report 2015

 

Мөн уг илтгэлд баячуудын янз бүрин хөрөнгийн харьцааг гаргасан байна. Эхний ээлжинд хувьцаа (equities), бичигдлээ. Баячуудын  хөрөнгийн  27 хувийг хувьцаа эзэлдэг.  Дараа нь бэлэн мөнгө хадгаламж (cash and deposits) 26 хувиар орсон байв. Гуравт нь үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт (real estate) – 18 хувь; үнэт цаасны хөрөнгө оруулалт (fixed income) 17 хувь; альтернатив хөрөнгө оруулалт (alternative investments) 13 хувийг эзэлдэг байх жишээтэй.

 

Инфографик

 

Инфографик: World Weatlh Report 2015

 

Capgemini Global Financial Services гэх худалдааны тасгийн тэргүүн Эндрю Лиис тэмдэглэхдээ “Даяарчлалын санхүүгийн зах зээлийн өсөлт их хөрөнгөтэй хүмүүсийн  хөрөнгийн бүтцэд хувьцааг давамгайлууллаа” гэжээ.

 

Capgemini ба RBC Wealth Managment-ийн дүгнэлтээр баячуудын хөрөнгө ойрын хугацаанд  өссөөр байх бөгөөд 2015–2017 онд 70,5 их наяд ам.доллар болно гэж таамаглажээ. Азийн баячуудын тоо жилд дунджаар 10,3 хувиар нэмэгдэх магадлалтай гэнэ. Харин  Европын баячууд жилийн 8,4 хуюийн өсөлт  үзүүлсээр хэдэн жилийн дараа Хойд Америкаас давах гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж