Өнгөрсөн жил хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа дуулиан гараад нам дарагдсан. Үүний шалтгааныг төрийн зүгээс хяналт тавьдаг байгууллагуудын олхиогүй, унхиагүй үйл ажиллагаатай холбон тайтгарцгааж байлаа. Харин сүүлийн үед хуурамч, чанар, стандартад нийцээгүй шатахуун борлуулагдсаар байгаа гомдлын тоо эрс өсөж, Шатахуун хэрэглэгчдийн нэгдсэн холбоо 1300 гаруй өргөдөл гомдолд дарагджээ. Чанар муу бензинээс болж автомашинаа эвдсэн хэрэглэгчид нотлох баримтад түшиглэн гомдол мэдүүлж “зарга” үүсгэсэн талаар тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр ярьж байна. Тус холбооныхон хэрэглэгчдийг хохироосон гомдлыг нэгтгэн ШӨХТГ- т хүлээлгэж өгөхөө ч бас мэдэгдсэн. Иргэдийг хохироогоод буй хуурамч шатахуун хаанаас гараад байгаа болон төрийн хяналтын байгууллагууд яагаад ажлаа хийж чаддаггүйг тандвал энэ төрлийн үйлдвэрлэл, импорт замбараагаа алдсан дүр зураг тодорч байна. Юуны түрүүнд импортын шатахуун чанар, стандартын шаардлага хангадаг эсэхийг тодруулбал гаалийн хяналтын байгууллага хилээр орж ирж буй нийт шатахууны дөнгөж гурван хувийг л шинжилгээнд хамруулдаг аж. Өөрөөр хэлбэл, нийт шатахууны 97 хувийг нь мэдүүлгийн дагуу “нүдээ аниад” шууд нэвтрүүлчхэж байгаа хэрэг. Шинжилгээний техник, ажиллах хүчний хүрэлцээгүйгээс төр импортлогчдод итгэж байгаа хэлбэр гэж эерүүлж ойлгож болох ч октандаа хүрдэггүй хуурамч шатахуун их хэмжээгээр байж болзошгүй хардлагыг улам өрдөөд байгаа юм. Улсын хэмжээнд шатахуун импортлох зөвшөөрөлтэй 102 компани байна. Эдгээр компанийн жилд импортолж буй шатахууны хэмжээ 1.7 сая тонноор хэмжигдэнэ. Үүний зөвхөн 51 мянган тонн нь гаалийн хяналтын лабораторийн шинжилгээнд ордог учраас бусад нь чанар, стандартын шаардлага хангасан байгаасай хэмээх “залбиралд” багтаж байна.
Тухайлбал, гаалийн байгууллага 13650 мэдүүлгийн 521-д нь шинжилгээ хийж үлдсэнийг нь импортлогчийн амаар бүрдүүлэлт хийж байна. Мөн гаалийн хяналт дээр бас ойлгомжгүй асуудал үүсдэг нь импортлогч компаниуд моторын агууламжид нийцэхгүй байна гэх үндэслэлээр АИ80, АИ92 октантай шатахууны ангиллыг сольж оруулж ирдэг зөрчил гарах болжээ. Гэтэл манай улсад шатахууны аль төрөл моторын агууламжид яаж нөлөөлж байгааг тогтоодог лаборатори огт байдаггүй аж.
Саяхнаас АМГТХЭГ-т нэгийг авчирсан боловч шинжилгээ хийж эхлээгүй аж. Харин импортлогч компаниуд хаана шинжилсэн, ямар баримтыг үндэслэн шатахууны октаныг сольж оруулж ирдэг нь тодорхойгүй байна. 2018 онд байгууллага 521 мэдүүлгээр шатахуунд лабораторийн шинжилгээ хийхэд 10 удаагийн зөрчил илэрсэн байна. Тэгэхээр 13650 мэдүүлэг бүрт шинжилгээ хийсэн бол ийм төрлийн зөрчил 1300-гаар хэмжигдэх нь. Гаалийн байгууллага бол өөрийн лабораторид хийсэн шинжилгээг үндэслэн шатахууны импортыг зөвшөөрдөг болохоос бага октантай шатахуун оруулж ирээд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэмж борлуулдаг эсэхийг хянадаггүй. Уг нь Монгол Улсад мөрдөж буй MNS0217:2017 стандартад “бензин, түлш импортлогч, борлуулагч нь бензинд октаны тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмэлт нэмж хольж болохгүй” гэж заасан байгаа. Гэвч манай төр ямар октантай шатахуун оруулж ирээд хэдэн октантай гэж зарж буйг хянаж чаддаггүйгээс стандарт мөрдөгдөж буй эсэхийг тодорхойлж чадахгүй байгаа юм. Монгол Улс 2027 он гэхэд Евро-5 стандартын шатахууны хэрэглээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан.
Харин өнөөдөр бид Евро-2 төрлийн шатахууныг голлон хэрэглэж байна. Хэрэв евро-5 стандартын шатахууныг өргөн хэрэглэдэг болгочихвол хуурамч шатахууны зах зээл хумигдах учиртайг УУХҮЯ-ны мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хуурамч шатахуун борлуулж байна гэдэг хардлага сэрдлэг дотоодод үйлдвэрлэж буй шатахууны чанарын тодорхойгүй байдалд хүч нэмж байгаа. Гаалиар үйлдвэрийн зориулалттай завсрын бүтээгдэхүүн буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирдэг нь хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэх хардлагыг лавшруулж буй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дотоодын нефть боловсруулах найман үйлдвэр энэ төрлийн 667 мянган тонн бүтээгдэхүүнийг импортолсон нь хардлагын галыг өрдөж байгаа юм. Дээрх 667 мянган тонн нэмэлт бүтээгдэхүүнээр ямар октантай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг тодорхойлох хууль, эрх зүйн механизм байхгүйгээс мөрдөж мөшгөх газар ч алга.
Шаварт унасан шарын эзэн гэгчээр цагдаагийн байгууллага л тодорхой хүрээнд тэдэнтэй тулж байгаа. Энэ талаар ЦЕГ-ын ЭЦА-ны ахлах мөрдөгч Э.Сэргэлэнбаатар “Шатахуун импортлогч, үйлдвэрлэгч компаниудтай холбоотой хэд хэдэн хэргийг манай Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Прокурор хяналт тавьж, шалгаж байгаа учраас аль компанид, ямар зүйл ангиар хэрэг үүсгэснийг тодорхой хэлэх боломжгүй” гэсэн юм.
Нефть боловсруулах үйлдвэрийн технологи ч нууц байдалд байгаа нь хардахаас өөр цэгт хүргэхгүй байна. Мөн тэндээс гарсан шатахууныг шинжилж чанар стандартыг нь тогтоох лаборатори улсын хэмжээнд байхгүй нь бухимдал төрүүлэхээс гадна тусгаар улсын арчаагүй дорой байдлыг илтгэнэ. Нөгөөтэйгүүр импортын нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс гаалийн нефболон онцгой татвар авдаггүй учир хямд зардлаар өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олж байхыг үгүйсгэхгүй. Тэр нь хуурамч шатахуун, чанаргүй бүтээгдэхүүний хүрээг улам тэлж байх ч юуны магад.
Хэрэглэгчид хуурамч шатахуун хэрэглэж байна гэх уураа ШӨХТГ- т гаргадаг боловч тухайн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгт шатахууны чанарыг хянах, тогтоох асуудал хамаардаггүй. Тэд зөвхөн импортлогч, үйлдвэрлэгч нар монопол эрх эдэлж буй болон үгсэн хуйвалдаж үнэ нэмж байгаа эсэхэд л хяналт тавих, таслан зогсоох эрхтэй. Харин шатахууны чанарыг тогтоох үүрэг мэргэжлийн хяналтын байгууллагад хамаардаг.
Өнгөрсөн жил МХЕГ-аас ШТС-уудад шалгалт хийж зөвхөн шатахууныг гүйцэт шахаж байгаа эсэхийг л хянасан болохоос шатахууны чанарыг тодорхойлж чадаагүй юм.
Чанарыг тогтоох итгэмжлэгдсэн лаборатори байхгүй учир импортлогч, борлуулагч компаниудад хэлэх үггүй сууж байна. Импортлогч, борлуулагч бүрээс дээж авдаггүй юм аа гэхэд голлох арван компанийн ШТ С-аас дээж авч гадаадад шинжлүүлэх ухаан ч алга. Япон, Мексик, ОХУ , БНСУ-ын гаалийн төв лаборатори нь Дэлхийн гаалийн байгууллагын бүс нутгийн Гаалийн лабораторийн итгэмжлэл авсан байдаг юм билээ.
Хуурамч шатахуун үйлдвэрлэж байх магадлалтай ийм нөхцөл байдал илэрхий сэжиг төрүүлсээр атал төрийн зүгээс хүчин чадал сайтай, итгэмжлэгдсэн лаборатори байгуулахаас эхлээд шалгадаг, шаардлага тавьдаг байгууллагынхаа эрх үүргийг нэмэх гэж огт яардаггүй байгаа нь нууц учиртай буй за. Өнгөрсн жил УУХҮЯ-наас Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан боловч тодорхойгүй шалтгаанаар санаачлагчид нь буцаасан. Тэр төсөлд шатахуун импортлогч борлуулагч, үйлдвэрлэгчийг “чангалах” чухал заалтууд зүүлттэй байсан нь
хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсан гэх давхар харыг төрүүлнэ. Иргэд нь хохирч, цөөн хэдэн олигополь компанийн эрх ашиг давамгайлж байгааг УИХ-ын хэдэн поп гишүүн хэдий хүртэл харж суух юм бол оо. Чанаргүй шатахуунаас болж иргэдэд эд хөрөнгө, эдийн засгийн хохирол учруулаад зогсохгүй эрүүл мэндэд нь ноцтой хохирол үзүүлж байгааг ард түмэндээ хайртайгаа гайхуулдаг эрхэм түшээд хэзээ анзаарах вэ.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ