Засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгсөн. Тэгвэл энэ сарын 25-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журмыг батлах асуудлыг хэлэлцэж, тэргүүлэгчдийн хуралд өргөн барьжээ. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.
-Түрээсийн орон сууц иргэдийн дунд хүлээлттэй байна. Нийслэлийн иргэдийг Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журмыг хэлэлцэж, батлахаар ажиллаж байгаа гэдгийг дуулгасан. Хөгжлийн банктай гэрээ хэлцэл хийж дууссан уу?
-Нийслэлийн орон сууцны корпораци түрээсийн орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ удаа Хөгжлийн банкны зээлээр барьсан “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банктай гэрээ хэлцэл байгуулах асуудлыг ярьж, хэлцэл хийхээр ажиллаж байна. Мөн Түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журмыг баталж байгаа. Яагаад шинэ журам батлах болсон гэхээр Барилга хот байгуулалтын яамны сайдын 2017 оны хоёрдугаар сарын 6-нд гаргасан зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны журам болон Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан байдаг. Сүүлд түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор нийслэл өөрийн гэсэн журам дагаж мөрдөхгүй бол болохгүй байдал үүссэн юм. Хамгийн гол нь хотын зүгээс түрээсийн орон сууцны түрээсийн хүүг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Эхний өгсөн саналаар түрээслэнгээ байраа өмчлөх иргэдэд таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэйгээр төлөхөөр боломж олгохоор ярьж байгаа.
-Зорилтот бүлгийн иргэд таван жилийн хугацаанд түрээсээ төлөнгөө байрны мөнгөө төлж дийлэх үү?
-Энгийн түрээсийн ачааллыг хот нуруун дээрээ үүрч байгаа. Хот төлнө гэсэн үг. Тэр хэмжээний иргэдийн орон сууцыг хот худалдаж аваад, халамжийн түрээс хэлбэрээр авах юм. Түрээслээд өмчлөх хэлбэрт хамрагдах иргэдийн түрээсийн тооцооллыг бэлэн болгосон. Гэхдээ Хөгжлийн банктай хийх гэрээ хэлцлээр хүү буурвал дагаад үнэ буурах юм. Ер нь иргэдийн сард төлөх төлбөрийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зорьж байна. Иргэд урьдчилгаа төлбөр хийсэн байдлаасаа шалтгаалан сард ойролцоогоор 700- 800 мянган төгрөг төлөх боломжтой.
-Нийслэлийн иргэдийг Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журамд тусгасан гол заалтуудаас дурдвал?
-Саяхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шинэ журмаа хэлэлцүүлээд, тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан. Гол нь агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэж, нийслэл хотын харьяалалтай, амьдарч буй иргэд, дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч буй иргэд рүү чиглэсэн гол заалтуудыг тусгасан. Жишээлбэл, нийслэлийн гэр хороололд амьдардаг байх, нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоог харж хамруулна. Хэрвээ өрх толгойлсон эцэг, эхэд олговол хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхэлж олгож эхэлнэ гэсэн үг.
-Түрээсийн орон сууцны цахим бүртгэл хэзээнээс эхлэх вэ?
-Засаг даргын дэргэдэх орон сууцны зөвлөл бүртгэлийг сугалаагаар юм уу, сонгон шалгаруулалтаар явуулах эсэхийг шийднэ. Зарим гишүүд олон нийтийн саналыг авах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Шинэ журмаар сонгон шалгаруулалт хэлбэрээр явуулахад бүрэн боломжтой. Энэ журам тэргүүлэгчдийн хурлаар батлагдсаны дараагаар Хууль зүйн яамнаас хянадаг. Мөн “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид дутуу ажлаа гүйцээхээр ажиллаж байна. Хөгжлийн банкны хэлцлийн асуудал хараахан дуусаагүй байгаа зэргээс хамаарч, цахим бүртгэлийг албан ёсоор долдугаар сарын 22-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Цахим бүртгэл явуулсны дараагаар иргэдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй шилэн хэлбэрээр мэдээлнэ. Учир нь иргэдийн дунд хүлээлттэй байгаа учраас маргаан дагуулах нь тодорхой. Хөгжлийн банктай хоёр, гурван удаа хэлцэлд орсон учраас зээлийн хороо нь эцэслээд шийдвэрээ гаргавал гэрээгээ хийгээд явна. Цахим бүртгэлийг долоо хоног зохион байгуулж, наймдугаар сараас иргэд байрандаа ороод эхэлнэ. Нэг ёсондоо хот дээр давхар хүүтэй мөнгө орж ирж байгаа учраас аль болох хурдан зохион байгуулна.
-Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулахдаа 30 хувийг зорилтот бүлэгт түрээслүүлнэ гэж тусгасан байсан?
-Нийслэлийн орон сууцны корпорациас иргэдийг хамруулахдаа 30 хувийг энгийн түрээс буюу худалдан борлуулахгүйгээр халамжийн түрээсээр хамруулна. Үүнд Барилга хот байгуулалтын яамны сайдын гаргасан журмын дагуу найман төрлийн бүлэг хамрагдаж байгаа. Мөн 30 хувьд нь түрээслэнгээ өмчлөх хэлбэр. Энэ нэлээд эрэлт хэрэгцээтэй олон иргэд үүнийг сонирхож байгаа. Таван жилийн хугацаанд байрныхаа төлбөрийг тэнцүү төлбөрийн аргачлалаар төлж дуусах юм. Ипотекийн зээл бол урт хугацаатай, өндөр хүүтэй гэдэг учраас иргэдэд таван жилийн хугацаанд төлөх боломжийг олгож байгаа. Хүү буурвал иргэдийн нуруун дээрх ачаа л багасна. Харин үлдсэн 40 хувьд нь түрээсийн орон сууц барихад зориулсан газар чөлөөлөлтөд зарцуулах саналыг оруулсан.
-Зорилтот бүлэгт төрийн албан хаагчид багтаж байгаа. Гэтэл багш нар түрээсийн орон сууцанд хамруулж өгөөч гэж жагссан шүү дээ?
-Бид аль болох иргэдийг хамруулж болох хэлбэрээр нь ангилж, бүртгэхээр ажиллаж байгаа. Зөвхөн багш нарыг тусад нь авч хамруулах боломжгүй. Тэгвэл төрийн бусад албан хаагчид ч гэсэн хамруулах хүсэлтэй байгаа шүү дээ.
-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй хэчнээн иргэн байна вэ. Нарийвчилсан судалгаа гаргасан болов уу?
-Тооцоо судалгаа байгаа. Зөвхөн дэд бүтэцгүй, гэр хорооллын гэж яриад байгаа 260 мянган иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа.
-“Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төвлөрсөн шугамд холбогдоогүй. Хажуугийн байрны дулааны шугамаас дулаанаа авч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-“Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төвлөрсөн шугамд бүрэн холбогдсон. Миний авч байгаа мэдээллээр цаашаагаа үргэлжлүүлээд барих “Солонго” хорооллын дэд бүтцийн хүрээнд давхар техникийн нөхцөл үүссэн учраас өргөтгөл хийх шаардлагатай болсон гэсэн. Тэрнээс биш “Буян-Ухаа 2” орон сууцны хорооллын дулааны шугамд ямар нэгэн асуудал байхгүй.
Холбоотой мэдээ