Хөлбөмбөгийн Африкийн цомын тэмцээний хэсгийн 2-р тойргийн тоглолтууд эхэллээ. Тэмцээнийг зохион байгуулагч Египетийн шигшээ баг 2-0 харьцаагаар Конго улсын шигшээ багийг хожив. Тоглолтын гоолуудыг Астон Вилла клубт данстай Ахмед аль-Мухаммади болон Ливерпүүл клубт хүчин зүтгэдэг Мохамед Салах нар оруулжээ. Энэ тоглолтод ялалт байгуулснаар Египетийн шигшээ баг 2 хожилтой болж А хэсгээ 6 оноотой тэргүүлж байна. Ингэснээр хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс үл шалтгаалан шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болоод байна.
А хэсэгт Египетийн шигшээ багаас гадна Уганда улсын шигшээ баг 4 оноотой болж хэсгээс гарах боломжтой болоод байна. Хэсгийн сүүлийн тоглолтод Уганда-Египет, Зимбабве-Конго улсын шигшээ багууд тоглоно.
Африкийн цомын тэмцээнд Египетийн шигшээ баг хамгийн олон буюу 7 удаа түрүүлсэн байдаг ч хамгийн сүүлд 2010 онд түрүүлсэн. Харин 2 жилийн өмнө мөнгөн медаль хүртэж байжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ