БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хаа явсан газарт нь хамт дагалдан явж, бүхий л уулзалт, яриа хэлэлцээ, айлчлалуудынх нь арын ажлыг гүйцэтгэдэг итгэлтэй нэг хүн байдаг нь түүний төрсөн дүү Ким Ё Жон юм. Тиймдээ ч тэр гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхний дуранд байнга өртөж, ахаасаа ч дутахааргүй олонд танигдаж байгаа. Эх орондоо тэргүүн хатагтайгаас ч илүү нэр хүндтэй, эрх мэдэлтэй, олон нийтийн бүхий л томоохон арга хэмжээг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшинд оролцдог түүнийг Ким Жон Уны “баруун гар” хэмээж болно.
Өдгөө 31 настай Ким Ё Жон нь 1988 оны есдүгээр сарын 26-ны өдөр БНАСАУ-ын удирдагч асан Ким Жон Илийн бага охин болон мэндэлжээ. 1996 оны хавар есөн настай Ким охин ах Ким Жон Унтайгаа хамт Швейцарийн Бернд очиж 2000 оныг дуустал нууц нэрээр бага сургуульд суралцсан байна. Тухайн үед тэднийг бие хамгаалагч нар нь бололтой хүмүүс байнга хүргэж өгч, авдаг байсан тухай хамт суралцсан сурагчид, хичээл заасан багш нар нь ярьсан байдаг. Тэрбээр Швейцариас эх орондоо эргэж ирээд БНАСАУ-ыг үндэслэгч Ким Иль Саны нэрэмжит цэргийн сургуульд суралцаж, дараа нь тус сургуульдаа компьютерийн технологийн чиглэлээр суралцсан байна.
Ээжийгээ нас барсны дараа буюу 2004 онд Европ руу суралцахаар явжээ. Эцэг Ким Жон Иль бага охин нь улс төрд сонирхолтой, төрд хүчин зүтгэхийг хүсдэг хэмээн ярьж байсан аж. Үүнээс хойш 2007 он хүртэл түүний талаар мэдээлэл хомс байдаг ба 2007 оноос Хөдөлмөрийн намын залуу боловсон хүчин болон гарч ирж, эцгийнхээ удирдлага дор ажиллах болжээ. Жил орчмын дараа эцэг нь харваж, хэвтэрт орж, тэрбээр ахынхаа хамт эцгийнхээ улс төрийн үйл хэрэгт оролцох болсон байна.
БНАСАУ-ын дэглэмийг залгамжлагч ахынхаа байр суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр 2010 онд Солонгосын хөдөлмөрийн намын гуравдугаар их хурлын үеэр анх удаа хэвлэлийнхний нүдэнд өртсөн юм. Залуу хатагтай Ким тус улсын нэр нөлөө бүхий хүмүүсийн дунд суусан байсан нь түүнийг аль хэдийн улс төрд хөл тавьсныг илтгэж байлаа. Ингээд 2011 онд ах Ким Жон Ун нь төрийн эрхэнд гарснаас хойш тэр олны нүднээс нуугдахаа больж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шахуу гарах болсон байна.
Одоо Ким Ё Жон Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны суртал, ухуулгын хэлтсийн орлогч даргаар ажилладаг бөгөөд ахынхаа олон нийтийн ажлуудыг зохион байгуулахаас гадна ажлын цагийн хуваарь гаргах, гадаад төрхийг бүрдүүлэх ажилд ч гар бие оролцдог гэнэ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар түүнийг Ардын их хурлын гишүүнээр сонгогдсон гэсэн мэдээлэл гарсан билээ. Саяхны нэгэн арга хэмжээний үеэр тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн нам /СХН/-ын Төв хорооны Нэгдсэн фронтын даргатай зэрэгцэн суусныг үндэслэн улсынхаа удирдагчдын эгнээнд зүй ёсоор орж байна хэмээн хэвлэлүүд мэдээлсэн.
Зарим ажиглагч, шинжээчид хэрэв Ким Жон Унд ямар нэгэн зүйл тохиолдвол түүний хүүхдүүд нас биед хүрэх хүртэл БНАСАУ-ыг удирдах хүмүүсийн жагсаалтын тэргүүн эгнээнд Ким Ё Жон байх болно гэж үздэг.
Өнгөрсөн онд БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдсан Өвлийн XXIII олимпийн наадамд удирдагч Ким Жон Ун өөрийн хамгийн итгэлт хүмүүс болох парламентын дарга Ким Ён Нам, өөрийн эмэгтэй дүү хоёроо илгээсэн нь дэлхийн анхаарлыг татсан. Ингэснээр тэрбээр Кимийн дэглэмийн албан тушаалтнуудаас анх удаа БНСУ-д хөл тавьсан хүн болсон юм. Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн чанх ард суусан Ё Жон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй гар барьж, хөрш улсынхаа дээд тушаалын хүмүүстэй уулзсан нь улсынхаа парламентын дарга Ким Ён Намаас илүү эрх мэдэлтэй болсон гэх сэтгэгдэл төрүүлсэн.
АНУ “дарангуйлагч” хэмээн үздэг хүний дүүг Пёньчаны олимпийн наадмын үеэр хэтэрхий баяр хөөртэйгөөр угтсан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хоёр нүүр гаргасан гэж буруутгаж байжээ. Тухайлбал, CNN суваг бүсгүйг “Хойд Солонгосын Мелани Трамп” хэмээн тодорхойлж, “Вашингтон пост” сонин Өмнөд Солонгост олимпийн наадмын үеэр хүмүүсийн сэтгэлийг уяраалаа гэж бичсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн байна.
Нийгмийн сүлжээнд түүний талаар эерэг, сөрөг мэдээллүүд хөвөрсөөр байдаг. Зарим хүмүүст Ким бүсгүйн цэмцгэр төрх, олны дунд биеэ авч яваа байдал таалагдаж буй бол олонхи нь түүний хүйтэн хөндий, ихэмсэг байдал айдас төрүүлж байгааг дурджээ.
Ким Ё Жон нь улсынхаа түүхэнд өндөр дээд албан тушаал хашиж буй хоёр дахь эмэгтэй юм. Түүнээс өмнө их удирдагч Ким Ир Сэний охин буюу түүний нагац эгч болох Ким Ген Хи Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож байв.
Харин түүний хувийн амьдралын тухайд мэдээлэл их хомс байдаг. Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга Чо Рён Хэгийн бага хүүтэй 2015 онд гэрлэж нэг хүүхэдтэй болсон гэхээс өөр мэдээлэл байхгүй. БНСУ-ын тагнуулын байгууллагаас 2015 онд им Ё Жоныг коллежид хамт суралцаж байсан залуутайгаа гэрлэсэн гэж мэдээлсэн ч Чой Рён Хэгийн хүү мөн эсэх нь эргэлзээтэй байдаг.
Холбоотой мэдээ