"Соёлын өвөө анхаарахгүй орхивол маш том асуудал үүснэ"

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

"Соёлын өвөө анхаарахгүй орхивол маш том асуудал үүснэ"

"Соёлын өвөө анхаарахгүй орхивол маш том асуудал үүснэ"

БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтсийн дарга,  профессор Ким Дог Мүүнтэй ярилцлаа.

-БНСУ соёлын өвийн  түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт, сэргээн засварлалтад хэрхэн анхаарч ажилладаг вэ. Энэ тухай туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Улсын хамгаалалттай барилга архитектурын дурсгал ойролцоогоор 100 мянга орчим бий.  БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгээс таван жилд нэг удаа улс, аймгийн хамгаалалттай дурсгалт барилга байгууламжид хяналт тавих судалгаа явуулдаг л даа. Энэ нь соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг томилогдож, хяналтын судалгаа хийж, сэргээн засварлах зайлшгүй барилга байгууламжийг Засгийн газарт танилцуулж төсөв авч  ажилладаг. Хадгалалт хамгаалалтыг  судалгааны хүрээлэн болон их дээд сургуулиуд хамтран хариуцна. Соёлын өвийн барилга архитектурын дурсгалт барилга байгууламж хазайлт суулт өгөх8 үер ус, газар хөдлөлтөд өртөхөд Соёлын өвийн судалгааны хүрээлэн дангаараа ажиллаж хүчирдэггүй учраас их дээд сургуулиудтай хамтардаг.  Бид бүхэн соёлын өвийн барилга архитектурын түүхэн дурсгалт барилга байгууламжаа ард иргэдийнхээ тусламжтай хадгалж,  хамгаалсаар ирсэн.

Ард иргэдийн оролцоотой гэхээр олон нийт соёлын өвийн дурсгалт барилга байгууламжаа хадгалж хамгаалахад ямар үүрэгтэй оролцдог гэсэн үг вэ?

-Өмнөд Солонгост бурхны шашны барилга архитектур их байдаг. Сүм хийдийн дурсгалт зүйлсийн барилга байгууламжийг лам нар хамгаалж, соёлын өвийн дурсгалт зүйлсдээ маш их анхаарал хандуулдаг. Мөн оршин суугчдын барилга бий. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн учраас түүнийгээ амь шигээ хамгаалдаг. Түүнчлэн эзэн хааны ордон музейнүүд бий. Тэдгээрийг улсаас хамгаалалтад авч, сэргээн засварлах шаардлагатай зүйлсийг Засгийн газраас цаг алдалгүй төсөв гаргаж, хадгалалт хамгаалалтын асуудлыг нь шийддэг юм.

Монголын түүхэнд холбогдох соёлын өвийн дурсгалт зүйлс хэр байдаг вэ?

-Өмнөд Солонгост  Монгол Улстай харилцаа холбоо тогтоосон сурвалж бичиг их  бий. Солонгосын буддын шашин гэхэд XIII зууны үед Юань улсаас дамжин түгэн дэлгэрсэн байх бололцоотой. Энэ утгаараа Солонгосын томоохон сүм хийдийн дурсгалын хажууд байрлах чулуун суваргын оройд бэлгэдлийн тэмдэг, Монголын эзэнт гүрний үеийн төлөөлөл болсон дурсгал их.   Эдгээрээс онцолход XIII зуун Чингис хааны үед байгуулагдсан  Монголын эзэнт гүрний үлдээсэн дурсгалт барилга худгийн ул мөр Масан гэх газарт үлдсэн байдаг.

-Монголын эртний түүхэн дурсгалт барилга байгууламжийн сэргээн засварлалт хадгалалт хамгаалалтын ажлын хүрээнд хамтран ажиллах явцад эртний сүм хийдүүдийг дижитал зурагт буулгаж байгаа гэж сонслоо. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Бид Монгол Улстай 2014 оноос эхлэн соёлын өвийн дурсгалт эртний барилга байгууламжийн хадгалалт хамгаалалтын асуудлаар хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нэн түрүүнд хийх шаардлагатай ажил нь Монголын соёлын өвийн дурсгал, эртний уран барилга сүм хийдийг 3D дижитал хэлбэрээр бүртгэн баримтжуулах байсан. Дараа нь дата дээр тулгуурлан хэмжээс хийж, Монголд өмнө нь сэргээн засварласан дурсгалт барилгуудтай харьцуулсан судалгаа хийвэл цаашид сэргээн засварлах ажил үр дүнтэй байх боломжтой. Жишээ нь, Архангай аймгийн Өөлдбээсийн хүрээ, Зая гэгээний хүрээний Цогчин дугана,  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Үнстийн хийд болон Чойжин ламын сүм музейд тус тус ажиллалаа.

– Эртний дурсгалт түүхэн дөрвөн сүм хийд дээр ажилласан юм байна. Устаж үгүй болох эрсдэлтэй барилга байгууламж байсан уу?

-Монголд ажиллах хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Өөлд бээсийн хүрээг  нэн түрүүнд сэргээн засварлах шаардлагатай гэж үзсэн. Энэхүү түүхэн дурсгалт барилга байгууламж нь аймгийн хамгаалалтад байдаг ч яаралтай сэргээн засварлахгүй бол устаж үгүй болох эрсдэл  100 хувь байгаа юм.

-Монгол болон Өмнөд Солонгосын соёлын өвийн түүхэн архитектурын дурсгалт барилга байгууламжууд хоорондоо ижил төстэй зүйл бий юу?

– Монголд 2015 оноос эхлэн ажиллах хугацаанд сүм хийд, эртний дурсгалт барилга байгууламж  болон орчин үеийн барилга гээд бүгдтэй нь танилцсан. Бурхны шашны сүм хийдийн дурсгалууд нь Өмнөд Солонгосын эртний сүм, барилга байгууламжтай ижил төстэй зүйл их анзаарагдсан.

-Хотын бүтээн байгуулалттай мөр зэрэгцэн оршиж буй эртний сүм хийдүүдийн хадгалалт хамгаалалтын асуудал их яригддаг. Барилгажилт соёлын өвийн дурсгалт зүйлсэд сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд сануулдаг л даа. Улаанбаатар  хотод байрлах Богд хааны ордон, Чойжин ламын сүм музей зэрэг эртний сүм хийдтэй танилцах явцад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Хот хөгжихийн хэрээр өндөр барилга баригдаж, өргөжин тэлэх нь ойлгомжтой. Хот хөгжиж болох ч соёлын өвийн дурсгалаа хамгаалах  зайлшгүй шаардлагатай. Үүний тулд олон нийтийн хэлэлцүүлэг санал асуулга маш чухал байдаг. Үр дүнд нь соёлын өвийн дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ёстой. Эсрэгээрээ хот нь хөгжиж тэлэхийн хэрээр соёлын өвийн дурсгалт зүйлсээ анхаарахгүй орхивол маш том асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж