Танилц: Хотын захиргааны шинэ барилга намар ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Танилц: Хотын захиргааны шинэ барилга намар ашиглалтад орно

Танилц: Хотын захиргааны шинэ барилга намар ашиглалтад орно

Хотын захиргааг 2019 оны эхээр Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн.  Тэгвэл Яармагт баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намар ашиглалтад орох нь ээ.

Шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68000 м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм.

Анх хотын захиргааг экс дарга Э.Бат-Үүл Ханын материал руу нүүлгэх шийдвэрийг 2013 онд гаргаж байжээ. Харин дараагийн хотын дарга С.Батболд дээрх шийдвэрийг хүчингүй болгож, Яармагт болгож байршлыг өөрчилсөн. Гэвч уг барилга ашиглалтад орлоо гэхэд хотын захиргаа нүүж очих уу гэдэг эргэлзээтэй байна. Учир нь одоогийн хотын удирдлага ард иргэдийн дунд санал асуулга явуулж, олонх нь эсэргүүцвэл уг байрыг өөр зориулалтаар ашиглах ёстой гэсэн байр суурь барьж буй аж. Бид энэ удаагийн сурвалжлагаа хэдэн жил дамнан үргэлжилж байгаа хотын захиргааны шинэ байртай холбоотой мэдээллийг уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ.

​ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ АЖИЛ 50 ХУВЬТАЙ БАЙНА

Хотын захиргаа Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу наадамчдын зам дагуу баригдаж байна. Барилгын үйл явц, зураг төслийн талаар Хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас тодруулав.

-Хотын захиргаа намраас Яармаг руу нүүнэ гэж яригдаж байна. Барилгын ажил хэдэн хувьтай өрнөж байна вэ?

-Барилгын ажил хэзээ дуусах зэрэг асуудлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцан гүйцэтгэгч компанитай гэрээ хийгээд ажиллаж байна.

-Хотын захиргааны гурван блок байрны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн Засаг даргын 2018 оны А 149 дэх захирамжаар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ хотын захиргааг байгуулах зураг төсөв хийгдсэн. Тэр зураг төсвийн дагуу гурван барилга баригдах ёстой. Нэгдүгээр ээлжийн А блок байранд НИТХ, Захирагчийн алба, В блокт нийслэлийн харьяа агентлагууд, С блокд иргэдийг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заал байхаар зураг хийгдсэн. Нийт гурван барилгын хэмжээнд 58.362 м.кв талбайтай. Тухайлбал, А Блок 16 мянга, В блок 28 мянга, С блок 13 мянган м.кв байхаар зураг төсөв хийгдсэний дагуу баригдаж байна. А блок арван давхар, В блок 13 давхар, С блок нь гурван давхар баригдах юм.

А БЛОК ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО 

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог байна. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзжээ. Бид тус барилгын үйл явцтай танилцахаар Яармагийн дэнж рүү очив. Арван давхар бүхий шилэн барилга сүндэрлэсэн бөгөөд барилгын ажил ид өрнөж байв.

Тус барилгын явцын талаар гүйцэтгэгч компаниас тодруулахад “А блок одоогоор 80 хувьтай явж байна. Дотор засал, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэх дутуу байгаа. Ирэх есөн сараас ашиглалтад орно гэж тооцоолж байна. Харин В блокийн барилгын ажил 30 хувьтай байна. Наймдугаар сарын сүүлээр эхний гэрээний хугацаа дуусгавар болж байгаа. Цаашид хийгдэх ажлууд үе шаттайгаар үргэлжилнэ.  Төсөв мөнгөтэй холбоотой асуудал учраас тодорхой  дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллүүдийг өгсөн юм.

ИРГЭДИЙН ДУНД САНАЛ АСУУЛГА ЯВУУЛНА 

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хэр зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тиймээс нийслэлийн иргэдийн дунд тухайн байрыг нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж орох хэлбэрээр ашиглах уу эсвэл өөр зориулалтаар ашиглах уу гэсэн санал асуулгыг явуулахаар болсон юм байна.

Хэрвээ иргэдийн олонхи нь нийслэлийн төр захиргааны байгууллагууд Яармагийн шинэ байранд нүүж орох нь буруу гэж үзвэл дараагийн удаад тухайн байрны зориулалтыг иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй байж болох ямар хэлбэрээр ашиглах талаар дахин санал авах шаардлагатай болох юм. Ямартай ч эхний удаад нийслэлийн иргэд, оршин суугчид Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны талаар доорх санал асуулгад идэвхтэй оролцох боломж бүрджээ. Санал асуулга www.xot.city цахим хаягаар болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим  хуудсаар явагдах аж.

Сүүлийн хэдэн жил яригдаж буй хотын шинэ байртай танилцахад ийм байна. Удахгүй хотын захиргаа нүүх үү, үлдэх үү гэдэг асуултад иргэдийн оролцоотойгоор цэг тавигдах нь. Гэхдээ дарга бүрийн үзэмжээр асуудал өөрчлөгдөж, тэр дунд татвар төлөгчдийн мөнгө зарцуулагддаг үрэлгэн байдал дахиад давтагдаж болзошгүй нь.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж