Үхэл, амьдралын зааг дээр

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Үхэл, амьдралын зааг дээр

Үхэл, амьдралын зааг дээр

Мексик улсын хилээр дамжиж, АНУ руу цагаачлах хүсэлтэй олон арван дүрвэгч өрөвдөлтэйгөөр хорвоогоос буцсаар буй харамсалтай мэдээлэл тасрахгүй, хэдэн мянган хүний хувь заяа үхэл, амьдралын зааг дээр байна.

-ХҮНИЙ АМЬ, АМЬДРАЛ ЮУНААС Ч ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ-

Өнгөрсөн лхагва гаригт Эль Сальвадороос ирсэн эцэг, охин хоёр Америк, Мексикийн хилийн Рио Гранд хэмээх томоохон голд живж, амиа алдсан зүрх шимшрүүлэм зураг хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэж, дэлхий нийтийг цочирдуулав.

Тэдний цогцсыг Даваа гаригт олсон бөгөөд бяцхан охин аавынхаа цамцан дотор гараа оруулан тэврээд амьсгал хураасан байжээ. Америкт ирж сайн сайхан амьдрахыг хүссэн аав, охин хоёрын цогцос голын эрэг орчимд шар айраг, ундааны лаазуудын хамт байсан аж.

Сальвадорын Гадаад хэргийн сайд Александра Хилл дэлхийн ард түмний зүрх сэтгэлийг шимшрүүлсэн дээрх гэрэл зурагтай холбогдуулан тайлбар хийв. Тэрбээр “Засгийн газар улс оронд тулгараад буй эдийн засгийн асуудлыг шийдэж, хойд нутаг руу чиглэсэн цагаачдын урсгалыг тогтоон барихаар ажиллаж байна. Харамсалтайгаар амиа алдсан гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, эцэг эхчүүдэд үр хүүхдүүд болон өөрсдийнхөө амь насыг бүү эрсдэлд оруулаарай гэж уриалъя. Хүний амь, амьдрал юунаас ч илүү үнэ цэнэтэй шүү” хэмээн хэлсэн байна.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд хоёр орны хил орчимд амиа алдсан дүрвэгсдийн тоо нэмэгджээ. Энэ нь Америкийн Засгийн газар орогнол хүссэн цагаачдын эсрэг хатуу чанга бодлого баримтлах болсонтой холбоотой талаар гадны хэвлэлүүд онцолж буй юм.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын шилжилт хөдөлгөөнийг зогсоох зорилгоор хоёр улсын хилийн боомт руу мянган цэрэг илгээсэн билээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Төв Америкаас АНУ-ыг зоригсдын цуваа тасраагүй, нийт 1.2 мянгад хүрчээ.  2019 оны тавдугаар сард АНУ-ын хилийн харуулууд Мексикийн талаас 132 мянга гаруй хүнийг баривчилсан байна. Өнгөрсөн сартай харьцуулахад энэ нь гурав дахин өссөн, 2006 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж. Вашингтон энэхүү нөхцөл байдлыг хямрал хэмээн нэрлэжээ.

АНУ-ын Техас мужийн эрх баригчид Мексиктэй залгаа хил орчмоос долоон хүний цогцос олсон талаар мэдээлснийг "Reuters" агентлаг уламжилсан байна. Нас барсан хүмүүсийн гурав нь хүүхэд, мөн нэг эмэгтэй байжээ. Тэднийг аагим халууны улмаас харангадаж нас барсан гэж үзэж буй бөгөөд цогцсыг нь Карризо-Спрингс хотын ойролцоо буюу Рио Гранде голын эрэг орчмоос олсон байна.

-ТРАМПЫН ХАНАНЫ ОЙРОЛЦООГООС БАС НЭГ ХҮҮХДИЙН ЦОГЦОС ОЛДОВ-

Хэдхэн хоногийн дараа долоон нас хүрэх байсан Гуруприт Каур хэмээх энэтхэг охин Мексик Америкийн хил орчмоос нас барсан байдалтай олджээ. Талийгаач охин богино ханцуйтай цамц, хар өмдтэй байсан аж. Өмнө нь Аризонагийн цөлийн агаарын температур 108 грдаус хүрч өссөн байна. Охиныг амьсгал хураах мөчид ээж нь бусдын адил ус хайхаар явсан байсан бөгөөд охиноо үүрд алджээ.

Гурупритын эцэг, эх охиноо өөд болсноос хойш анх удаагаа өнгөрсөн Даваа гаригт мэдэгдэл хийж, “өөр сонголт байгаагүй” талаар мэдээлсэн байна.

Синх хэлэхдээ “Бид охиндоо илүү аюулгүй, илүү бололцоотой амьдрал бэлэглэхийн тулд АНУ-д цагаачлах асар хүнд сонголт хийсэн. Удам угсаа,  арьсны өнгө хамааралгүйгээр ямар ч эцэг эх үнэхээр аргаа барсан нөхцөлд тулгараагүй бол үр хүүхдээ хэзээ ч орхидоггүйг ойлгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мексикийн Тихуана хотоос олон зуун дүрвэгч хилийн торон хашааг нэвтлэхийг оролдсон тул АНУ-ын албаныхан өмнөд Калифорни дахь хилийн постоо хааж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төв Америкийн дүрвэгчдийн цуваанд гэмт этгээдүүд, террористууд нуугдаж байгаа гэж үзэн, армийн 9000 орчим цэргээ АНУ-Мексикийн хил дагуу байрлуулсан байдаг.

Тухайн үед сар гаруйн хугацаанд 4000 орчим километр замыг явган туулсан 5000 шахуу дүрвэгч Тихуанад ирсэн бөгөөд тэдний ихэнх нь ядуурал, хүчирхийллээс зугтсан хондурасчууд байжээ.

Мөн 2018 оны арванхоёрдугаар сард Төв Америкаас АНУ-ыг зорих дүрвэгсдийн цуваанд явж байсан долоон настай, гватемал охин хилийн харуулынханд баригдан, хоригдож байх үедээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Мөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 160 орчим цагаач АНУ-ын хилийг хууль бусаар давах оролдлого хийж байгаад хилийн харуулуудад баригдаж, хоригдсон бөгөөд тэдний дунд Жакелин Каал гэх долоон настай охин, аавынхаа хамт байжээ.

Жакелин охин хоригдож байхдаа өндөр халуурч, бөөлжиж эхэлсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хоёр хоногийн дараа нас барсан аж. Түүний үхлийн шалтгааныг олон хоног юм идэж, ус уугаагүйгээс үүдэлтэй хэмээх урьдчилсан дүгнэлт гаргасан байдаг.

Жакелин охин аавынхаа хамт АНУ-ыг зорих дүрвэгсдийн цуваанд нэгдсэн бол ээж нь бусад гурван хүүхдийн хамтаар Гватемалд үлджээ. Тэдний гэр бүл маш ядуу амьдарч байсан тул аав нь ажил хийж, мөнгө олохоор АНУ-ыг зорихоор шийдсэн аж.

Дашрамд дурдахад, одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр Туркийн Бодрум хотын далайн эргээс 3 настай бяцхан хүүгийн цогцос олдсон билээ. Айлан Kурди хүү ээж, ахынхаа хамтаар Сири улсаас дүрвэж, 12 хүнтэй завинд суун, Грек рүү явах замдаа осолдож, бүгд амь үрэгдсэн байдаг.

Эх сурвалж: REUTERS, NHK, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж