Элчин сайд нарын томилгоо юу болов

Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарын томилгоо юу болов

Элчин сайд нарын томилгоо юу болов

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам, тамгын газраар сонин юу байна вэ” буланг хүргэдэг. Энэ удаад бид Элчин сайд нарын томилгоог онцолж байна.

Гадаад харилцааны яамны дипломат албаны томилгоо өнөө хэр дуусаагүй хүлээгдэж буй. Элчин сайдад мэргэшсэн, мэргэжлийн гэхээсээ илүү улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь Элчин сайдаар томилогддог гэдгийг олон нийт хэлдэг. Угтаа тухайн улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр Элчин сайдаар томилогддог. Тэгвэл нэмж Тагнуулын байгууллагын санал, зөвлөмжийг томилгоонд тусгах шаардлага бий болохыг үгүйсгэхгүй. Учир нь  Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны зургадугаар сарын 12-нд Ерөнхий сайдад албан тоот илгээхдээ дипломат албаны томилгоог хийхдээ Тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох шаардлага тулгарсныг онцолсон.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа 19 Элчин сайдын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилно гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн билээ. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжсэн.

Үүнд: Монгол Улсаас

–  Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж

–  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав

–  Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг

–  Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр

–  Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар

–  НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд

–  Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон. Одоогоор Ерөнхийлөгч тэдэнд Итгэмжлэх жуух бичиг гардуулаагүй байгаа юм.

Энэ онд буюу зургадугаар сард  Бельгийн хаант улс,  Итали, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд найрамдах Болгар улс,  Бүгд найрамдах Австри улс, Кувейт улсад сууж буй Элчин сайд нарын томилолтын хугацаа үндсэндээ дуусч байгаа. Мөн ОХУ-ын Элчин сайдын хугацаа дуусч байгаа хэдий ч  Ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах санал гаргасныг  нь УИХ-аар дэмжин баталсан билээ. Тиймээс тус улсад суух Элчин сайдаар Г.Өлзийбүрэнг томилох талаар хэвлэлүүдээр бичигдсэн нь оргүй мэдээлэл биш. Г.Өлзийбүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяагийн нөхөр юм.

Мөн Итали улсад суух Элчин сайдад Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэгийг Засгийн газраас  нэр дэвшүүлсэн. Тэрбээр “Элэгний” Ж.Хатанбаатарын охин. Дээрх улсуудаас гадна Казахстан, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Киргиз улсад суух Элчин сайд нарыг шинээр томилно. Засгийн газраас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал хуульч А.Төмөрийг Монгол Улсаас Тайланд улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн.

2017 онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөсөн. Ингэснээр 2017 оноос хойш томилогдсон Элчин сайд нарын хугацаа 2021 онд дуусгавар болно. Мөн тус хуульд Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг тусгасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж