Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд төрийн өмчит компанийн захирлууд хамгийн багадаа таван сая, дээд тал нь 35 саяас дээш төгрөгийн цалин авдаг байв. Компани ашигтай ажиллавал цалингаас гадна нэмэлт урамшуулал авдаг. Төрийн өмчит 100 орчим компани байсны 60 орчим хувь нь ашиггүй ажилладаг, дээр нь их хэмжээний өр төлбөртэй тул төсөвт дарамт учруулдаг байлаа.
Гэсэн ч захирлууд урамшуулал, буцалтгүй тусламж, хүүхдээ гадаадад сургах, орон сууцны хангамжаас буцдаггүй.
Ж.Эрдэнэбатын танхим төрийн өмчит компаниудын захирлын үрэлгэн байдлыг хязгаарлах зорилгоор 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулах шийдвэр гаргасан. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоосон. Гэвч энэ шийдвэр хэрэгжсэнгүй. Наад зах нь төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж байгаа эсэх, захирлууд хэдэн төгрөгийн цалин авч байгаа эсэхэд санаа тавьж байгаа хүн алга.
Тайлбар: Төрийн өмчийн компани, хувийн хэвшлийн компанийн ялгаа. Гэрэл зургийг А.Амарсайхан.
Хэдхэн хоногийн өмнө “Монголросцветмет”-ийн ТӨҮГ-ийн захирал Б.Мөнхбат дунджаар 38,2 сая төгрөгийн цалин, урамшуулал, “тэтгэмж” компаниасаа гаргуулдаг мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн таван захирал тус бүр 10 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл цацагдаж, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан.
38,2 сая төгрөгийн цалингийн хажууд 10 сая төгрөг бага. Гэхдээ тэдний нэг сард авдаг цалинг 12 сар, хоёр жил зүтгэж байж олдог нэг хэсэг, бүлэг Монголд бий. Тэдний жилийн цалин төрийн өмчит компаниудын захирлуудын нэг сарын цалинтай тэнцэнэ. Үндсэн цалин дээрээ урамшуулал, хангамж нэрээр авдаг мөнгийг нь энд тооцоогүйг тодотгоё.
Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн банкнаас монголчуудыг төсвийн зардлаа танаж, төвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг сануулсан. Ингэхдээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй байсан зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байж ирсэн гэдгийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч анхааруулсан юм.
Ялангуяа эдийн засаг өсөлттэй энэ үед хуримтлалаа нэмэгдүүлэх нь хамгийн чухал гэдгийг ч тодотгосон. Үүний өмнөхөн Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн хүн амын ядуурлын түвшинг зарлахад Монголын 3,2 сая иргэний 904 мянга гаруй нь буюу 28.4 хувь ядуу байв. Энэ бол 904 мянга орчим ядуу иргэний орлогыг ердөө 100 орчим ашиггүй, өр зээлдээ баригдсан төрийн өмчит компаниудын захирлууд авч байна гээд хэлэхэд буруудахгүй болов уу. Дунджаар 10 сая төгрөг гэж бодоход 100 орчим компанийн удирдлагын цалин хэд болох бол… Энэ мөнгөөр хэдэн ажлын байр бий болгож болох вэ.
Бид төсөв хэтэрч байна, бүсээ чангалах ёстой гэж ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, татвараа нэмж төлөөд байдаг. Гэтэл нэг хэсэг нь төрийн өмчийг өрөнд оруулж, ашиггүй ажиллуулах атлаа 10 сая төгрөг аваад сууж байгааг юу гэж тайлбарлах вэ.
Эрх баригчид, Сангийн сайд нь эдийн засаг өсч байна гэх боловч эдийн засгийн өсөлт ард иргэдийн хаалгаар, халаасанд орохгүй байгаагийн нэг шалтгаан бол энэ. Төрийн өмчит компанид ажилладаг болохоороо бүтээж байгаа хүнээс илүү хангамж эдэлж, өндөр цалин авах ёстой юм уу. Эцэс сүүлдээ цагаандаа гарч “Би 4,5-хан сая төгрөгийн цалин авдаг”, “Өмнөх захирлуудад ч гэсэн байр өгсөн, би яагаад авч болдоггүй юм” гээд улалзаж суугаа нь ёс зүй, шударга зарчим мөн үү?.
Гэтэл 10 хүн сар бүр 500 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа цайны газар, оёдлын цехийн эзэн, үйлдвэрлэгчид ч төрийн өмчит компанийн захирлынх шиг цалин авдаггүй, ашиг нь ч өндөр байж чаддаггүй, ашигтай ажиллалаа гэхэд авах ч ёс зүйгүй.
Ерөнхий сайд аа, шатахууны үнэ, махны үнэ, цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж, ард түмэн хангалттай бүсээ чангалууллаа, харин одоо та төрийн бүсийг чангалах цаг болжээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ