Улаанбаатарт 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулна

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулна

Улаанбаатарт 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулна

Улаанбаатар хотноо ирэх сарын 2, 3-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресс зохион байгуулагдах гэж байна. Уг конгрессын хорооны хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр /2019.06.26/ Төрийн ордонд боллоо.

Үндэсний хорооны энэ удаагийн хуралдаанаар Ази, Номхон далайн бүсээс гадна Европ, Африкийн нийт 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулах олон улсын энэхүү томоохон арга хэмжээний бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд хуралдааныг С.Чинзориг сайд даргалсан.

Тэрбээр Үндэсний хорооны гишүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс эхлэхэд тавхан хоног үлдлээ. Конгресс зохион байгуулалт сайтай, ямар нэг алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлгүй  зохион байгуулагдлаа гэсэн үнэлгээг оролцогчдоос өгснөөр бидний нэг жилийн ажлын үр дүн харагдах болно” хэмээгээд

Монгол Улсын Засгийн газар тус Конгресст онцгой анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл болж, хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан, Конгресст гадаадын 200, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцох нь тодорхой болсон эхний зочид хоёр өдрийн дараа буюу нөгөөдөр Монгол Улсад ирнэ зэрэг тодорхой мэдээллүүдийг хуралдааны эхэнд өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх IV конгрессыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах тухай, конгрессын хөтөлбөр, ажиллах хуваарийн талаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийсэн.

Энэ удаагийн конгрессоор Тогтвортой хөгжлийн зорилт болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд тэднийг  эдийн засгийн хувьд эрх мэдэлд хүргэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх юм.

Конгресст оролцох төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх тул зочдыг угтаж авах, байрлуулах, хуралдаан болох болон чөлөөт цагаараа очих олон нийтийн газруудад тэднийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь зохион байгуулагчдын хүлээсэн томоохон үүрэг бөгөөд Конгрессын бэлтгэл ажлыг хангах техникийн ажлын хэсэг Бичиг баримтын боловсруулалт, орчуулгын, Гадаад харилцаа, ёслолын, Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн, Мэдээлэл, сурталчилгааны, Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн, Сайн дурын багийг бэлтгэх, сургалт зохион байгуулах асуудал хариуцсан зургаан дэд хэсэгт хуваагдан бэлтгэлийг ханган ажиллажээ. Тухайлбал,

-Монголын скаутын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийт 370 гаруй сайн дурын ажилтнаас 100 хүнийг сонгон Сайн дурын багийг  байгуулан, сайн дурын ажилтнуудад зориулан “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”, “Сайн дурын ажилтан гэж хэн бэ” сургалт явуулсан.

-Конгресс зохион байгуулахтай холбоотойгоор “Чингис хаан”, “Блю Скай”, “IBIS”, “Улаанбаатар”, “Шангри-Ла” зэрэг долоон зочид буудлын 120 гаруй ажилтанд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт мэдлэг өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах, тэдэнд дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт явуулсан. Мөн Конгрессын үеэр ажиллах Цагдаа, онцгой, эрүүл мэнд, нисэхийн ажилтнуудыг сургалтад хамруулсан зэрэг мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өглөө.

Хуралдаанаас Үндэсний хорооны гишүүд, Ажлын хэсгийнхэнд тодорхой үүргийг өгсөн. Энэ талаар С.Чинзориг сайд “Энэ удаагийн конгресс бидэнд олон зүйлээр хөгжлийн бэрхшээлтэй болоод нийт иргэдэд хүртээмжгүй, ээлгүй орчинд ажиллаж амьдарч байгааг ухааруулж, цочроо өгч байна. Бид бүх нийтэд хүртээмжтэй ээлтэй орчныг бүрдүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах ёстой. Эрүүл мэнд, цагдаа, онцгой зэрэг яаралтай тусламжийн багийн хуваариа эргэн харж төлөвлөгөөг нягтлан, гадаад дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллаарай.

Гадаад зочдын ирэх хуваарийг авч улмаар угтах хуваарь гаргасан байгаа шигээ дотоодын зочдоо бас хуваарилан авч ялангуяа аймгуудаас ирж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ анхаарал хандуулан ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт үүрэг болгоё. Хил гаалиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг  зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах  холбогдох байгууллагуудад зохион байгуулсан гэж ойлгож байна.

Сургалт үр дүнтэй болж дээрх асуудлыг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэж ажиллана гэж найдаж байна. Конгрессын үеэр  гадаад дотоодын өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах талаар Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ёстой. Түүнчлэн Конгресст оролцуулах хүний тоо хязгаарлагдмал, оролцох сонирхолтой хүн маш олон байгаа бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй 600 төрийн бус байгууллагыг бүгдийг нь оролцуулах боломжгүй тул төлөөлөл болж оролцож байгаа хүмүүс хурлаар сонссон мэдсэнээ бусдадаа түгээн, мэдлэгээ хуваалцах ёстой юм. Тиймээс оролцож чадахгүй байгаа хүмүүст зөв ойлголт өгөх хэрэгтэй” гээд Конгрессын үеэр болох урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн яармаг зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд бэлтгэлийг нь хангах хэрэгтэйг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Конгрессыг Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Ази-Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ЭСКАП), Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, Леонард Чеширийн хандивын байгууллага, Амичи Ди Раул Фолеро буюу Раул Фолерогийн анд нөхдийн холбоо – Италийн төрийн бус байгууллага (АИФО), CBM, Ази-Номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж