Синайн хойгийн хойд хэсэгт террористууд халдлага үйлдсэний улмаас Египетийн зургаан цэрэг амиа алдаж, найман хүн шархаджээ. Энэ талаар лхагва гаригт тус улсын Аюулгүй байдлын албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан "Sky News Arabia" телевиз уламжилсан байна.
Хэвлэлд мэдээлснээр, террористууд Хойд Синай мужийн нийслэл бөгөөд томоохон хот Эль-Аришагийн шалган нэвтрүүлэх гурван цэгт нэгэн зэрэг халджээ. Террористуудтай буудалцах үеэр хэт давруу үзэлтнүүдээс долоог нь устгаснаас хоёр нь амиа золиослогчийн бүс зүүсэн байсан аж. Улмаар хэт давруу үзэлтнүүдээс хэд хэдэн хүнийг баривчилж, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Египетийн арми болон цагдаа нар Синайн хойд хэсэгт хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагааг хэдэн жилийн турш явуулж байгаа аж. Тэдгээрээс хамгийн үл бүтэх бүлэглэл нь “Лалын улс” бүлэглэлд үнэнч байх тангараг өргөж, нэрээ "Вилайет Сина" /"Синай муж"/ болгон өөрчилсөн "Ансар Бейт аль-Макдис" ("Иерусалимыг дэмжигчид") бүлэглэл аж. Египетийн тусгай хүчнийхэн өнгөрсөн жилүүдэд Синайн хойгт үйлдэгдсэн халдлагуудын ард тус бүлэглэлийг байгаа гэж үздэг байна.
Эль-Ариша орчимд зургадугаар сарын 5-нд болсон халдлагын улмаас цагдаагийн найман ажилтан амиа алджээ. Дээрх халдлага рамаданы мацгийн төгсгөл буюу Ид аль-Фитрийн баярын өглөөний залбирлын үеэр цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг орчимд үйлдэгдсэн байна. Буудалцааны үеэр таван хэт даврагч амиа алдсан бөгөөд аюулгүй байдлын хүчний цэргүүд ч хэд хэдэн хэт даврагч этгээдийг устгажээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ