“Аль ч нам ялгаагүй ээ, бид Монгол нутагтаа Монгол хүн шиг амьдрах аргагүй боллоо….” Энэ бол алс баруун хязгаар Алтай нутагт амьдран суугаа жирийн малчны үг. Үнэхээр ч улс төрийн намуудад, төрдөө итгэх иргэдийн итгэл алдарч, сэтгэл нь мухарджээ. Сонгуулиас сонгуулийн хоорон дахь ирээдүй цаг дээрх худал голдуу амлалтуудад иргэд хууртсаар цөхрөөд байна. Тиймээс ч аль ч нам төрийн эрхийг гартаа атгаад нэмэргүй хэмээн бухимдаж сууна.
Цаашид Монголын улс төрийн орчин болоод улс төрийн намууд шинэчлэгдэхгүй энэ хэвээр халамжид тулгуурласан амлалтын марафонд ард түмнийхээ хувь заяагаар дэнчин тавьж уралдсаар байвал эх орныг минь бидний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм л хүндхэн ирээдүй хүлээж байна. Харин улс төрийн намууд шинэчлэгдэж, хөгжлийн оновчтой бодлогыг амжиж хэрэгжүүлж чадвал бидний цөөхөн монголчуудын ирээдүйг өөдрөгөөр зураглах боломж буй.
Иймийн тулд Монголын улс төрийн хоёр том хүчний нэг Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэтгэн баталж, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн, албажуулаад байна. Үзэл баримтлал гэдэг бол дүрэм, журам биш, цаасан дээрх тунхаг бичиг бүр ч биш. Ардчилсан намын Үзэл баримтлал бол Монгол Улсын ирээдүйг, ирэх 20-30 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох тулгуур зарчим юм. Хөгжлийн суурь зарчмаа, намынхаа тулгуур бодлогоо Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй иргэд, гишүүд, дэмжигчиддээ хүргэхээр Ардчилсан нам үндэсний гуравдугаар аянаа эхлүүлсэн юм.
Энэ оны тавдугаар сард наран ургах зүгээс эхэлсэн үндэсний аян Монгол орноо нар зөв тойрч Орхон аймагт хаалтаа хийлээ. Үндэсний аяны хүрээнд Ардчилсан намын удирдлагууд уулзалт зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ тухайн аймаг, орон нутагт тулгамдаад буй асуудлын хүрээнд ярилцсан юм. Мөн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг хамруулсан сургалтыг зохион байгуулж, Үзэл баримтлалаа танилцууллаа. Сургалтын багийнхан гишүүдийн оролцоонд тулгуурласан сургалт зохион байгуулж, индэр дээрээс яриад өнгөрөх бус өөрсдөөр нь яриулж, өөрсдийнх нь оролцоонд тулгуурласан нь шинэлэг байв.
Орон нутагт ажилгүйдэл, архидалт, ядуурал нэмэгдэж, эрүүл мэнд, боловсролын салбар нь уналтад орсон нийтлэг төрх ажиглагдаж байв. Энэ нь өнөөх л төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг, системийн гажуудал, алдаа завхралаас үүдэлтэй. Намар барьсан зам хавар нь нурж, аймгийн төвийн дэргэдэх сум, суурин газарт 900 хүүхдийн суудалтай сургууль, дотуур байр барихаар төсөвт суулгасан зэрэг нь тооцоо, судалгаагүй харалган шийдвэрийн илэрхийлэл.
Архангай аймгийн Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумдад агаар, хөрсний бохирдол Улаанбаатарынхаас дутуугүй хэмжээнд хүрсэн зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудал байна. Энэ бүх гажуудлыг улс төрчдийн гоё сайхан амлалтууд шийдэхгүй. Тооцоо, судалгаанд суурилсан, хариуцлагатай, оновчтой бодлого хэрэгжүүлснээр засах боломжтой. Өнөөгийн улс төрд байх л ёстой үзэгдэл мэт болсон хулгай, хүчирхийлэл зэрэг улс төрчдийн эрээ цээргүй, ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох нь бодлоготой, Үзэл баримтлалтай намын хийвэл зохих ажил. Түүнээс биш бодлогын хувьд ямар ч ялгаагүй улс төрийн намууд нэгнээ үгүйсгэн харлуулах нь өнөө, маргаашаа аргацаасан явуургүй үйлдэл болсныг иргэд хэлж байна.
Ардчилсан нам цаашид гоё амлахаасаа урьтаж Үзэл баримтлалынхаа хүрээнд бодлогод суурилсан шийдлүүдийг иргэдэд санал болгоно. Монгол орны хөгжлийн зураглалыг Үзэл баримтлалдаа тулгуурлан зурна. Цаашид бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр нь ч Үзэл баримтлалынхаа тулгуур зарчмаас хазайхгүй байх нь гарцаагүй. Ардчилсан нам цаашид урт хугацаанд баримтлах бодлогын тулгуур зарчим, стратегиа тодорхойлж, Монголын улс төрд шинэ соёлыг авчирч, шинэчлэлийн салхийг сэвэлзүүллээ.
1990 оны цагаан морин жилд эхлүүлсэн Монголын ардчилсан хувьсгал 30 насныхаа босгон дээр цаашид аль зүгт алхахаа тодотгож, БАРУУН ТӨВИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ УЛС ТӨРИЙН ХҮЧИН байхаа зарлалаа. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн гол түүчээ нь Үзэл баримтал байсан. Тиймээс ч Ардчилсан нам гишүүдийн оролцоотой, бодлогод суурилсан, нээлттэй, улс төрийн хүчирхэг нам байх болно гэдгийг удирдлагууд төдийгүй гишүүд, дэмжигчид нь итгэл дүүрэн хэлж байна. Ардчиллын цэнхэр тугийг Монгол орон даяар мандуулахын төлөө Ардчилсан намын 200 мянган гишүүн Үзэл санааныхаа тугийг тойрч нэгдэн, нягтарсны илэрхийлэл ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР АЯН БАЙЛАА.
Холбоотой мэдээ