Хуучирсан мэдээ: 2019.06.27-нд нийтлэгдсэн

Монголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом – Монгол (2007), Франц (2003) улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт (1986), Долгоржавын Болд – Монгол улсын Ардын зураач (2012), Төрийн шагналт (1994) нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.

Тэртээх 1960-аад оны сүүлчээр багш, шавийн барилдлагаар танилцаж байсан залуус эдүгээ Монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчид болжээ. Б.Чогсом багш нь 1940-өөд оны Монголын шинэ цагийн дүрслэх урлагийн байгууллагын анхны мэргэжлийн уран бүтээлчдийн нэг бол шавь До.Болд нь 1980-аад оны Монголын дүрслэх урлагийн шинэчлэлийг манлайлагчдын нэг бөлгөө. Тэдний бүтээл туурвилууд цаг үргэлж бийр нэгт нөхдөдөө бахархал, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл болж, түүхэн тэмдэглэлт ой, онцгой баяр ёслолд зориулж, улс орон даяар зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдэд удаа дараа тэргүүлж байв. Түүнчлэн хилийн чанад дахь олон улсын мэргэжлийн урлагийн уралдаанд амжилттай оролцож, Монголын орчин үеийн урлагийн чансааг даацтай төлөөлж байснаас Үндэсний уран зургийн музейгээс эхлээд гадаад, дотоодын нэр хүндтэй урлагийн галерей, хувь хүмүүсийн цуглуулгад шилдэг үзмэрүүдийн эгнээнд бүртгэгдсэн билээ. Өнөөдөр ч тэдний шинэ бүтээлийг тэсэн ядаж, анан хүлээдэг шүтэн бишрэгчид, урлагт шимтэгчид цөөнгүй бий.

Багш, шавь хоёрын бүтээх чиг хандлага, арга ажиллагаа эрс ялгаатай ч олон адил зан чанартай. Зургийн зохиомж, дүр, дүрслэлийг нарийн чанд боловсруулж уран сайхнаар илэрхийлэх, өнгийн хослолыг гайхамшигтай сонгох, тэдгээрийг хувиргах, зөн бэлгэдлийн хэллэгийг оновчтой ашиглах, бүтээлдээ өндөр соёлтой хандах ур чадварыг төгс эзэмшсэний дээр урлагийн боловсрол, байгаль-нийгмийн талаарх өргөн цар хүрээтэй мэдлэгтэй зэргээрээ тэд хоорондоо төстэй. Тэдэнд эрх чөлөөг эрхэмлэн бүтээн туурвихад урам зоригийг өгөгч агуу хүч нь Монгол эх орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын баатарлаг түүх, уламжлалт өв соёл төдийгүй хором бүрд баяжин дэвжих хүн төрөлхтний урлагийн уран сэтгэмж, эрэл хайгуулын хязгааргүй боломж аж. Энэ бүхэн багшаас шавьд уламжлагдах хамгийн нандин чанар, залгамж халаагаа бэлтгэх шилдэг зарчим мөн болохыг 2 зураачийн 2 өөр арга ажиллагаагаар бүтсэн “Орхоны хүрхрээ” зургууд илтгэнэ. Тэд 2:1 харьцаатай  босоо зургийн хавтгайг сонгосон ч Монгол орны байгалийн гайхамшигт нэгэн тогтцоос Б. Чогсом зураач өндөр дээрээс нүргэлэн буух их усны хүчирхэг, сүрлэг байдлыг гэрэлтэй цайвар мөнгөлөг өнгөөр хүйтэн, бараан, хүнд уул, хадтай эсрэгцүүлэн хүчтэй тодотгон харуулсан (“Орхоны хүрхрээ”. 1961. Зотон, тос. 160х80) бол До.Болдын зурагт усны ширүүн хөдөлгөөн дундаас тал тал тийш цацрах дуслууд нарны хурц гэрэл дор өнгө алагласан гоёмсог талстууд болон чуулахыг хөнгөн хөгжилтэй байдлаар үзүүлжээ (“Орхоны хүрхрээ”. 2019. Зотон, тос. 200х100).

“Орхоны хүрхрээ” До.Болд 2019 он 200*120
“Орхоны хүрхрээ” Б.Чогсом 1961 он 160*80

Багш Б.Чогсомын уран бүтээлийн дүр дүрслэлүүд онч мэргэн хөдөлгөөн, байршил, нягт цулгуй өнгийн яруу хослол, гүн утга санаат бэлгэдлийн хэллэгээрээ гайхуулдгийг “Тайхар чулуу” (1965), “Хоргын дуулал” (1966), “Бодол” (1967), Говь” (1967), “Бөх” (1972) уран зургуудаас харж болно. Тэрээр аж байдал, түүх, байгалийн сэдэвт олон сайхан бүтээлүүдээрээ социалист бүтээн байгуулалтын үед Монголын уран зургийг өвөрмөц, шинэ өнгө аясаар баяжуулан, үзэгч олондоо символизм, постимпрессионизмийн чиг хандлагыг танилцуулснаараа хаалттай нийгмийн  урлагийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчирсан билээ. Харин “Урлагийн амьдрал” үзэсгэлэнд дэлгэсэн 1958-1982 оны судалбарууд болон “Монгол Арт” галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүд нь тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа өндөр ач холбогдолтой, дахин давтагдашгүй үнэ цэнтэй юм. Түүний урын сан дахь олон төрөл зүйл, сэдэв агуулгыг хамарсан 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эергээр өөрчлөхүйц үлгэр жишээ үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа онцлог бөгөөд тойм дүрслэл, нягт цулгуй өнгө, бэлгэдлийн хэллэгээрээ тун шинэлэг, өвөрмөц байдаг билээ. Үүнд Б.Чогсом зураач Москва хотноо олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж, Франц улсад эх орноо төлөөлөн ажиллахдаа дэлхийн урлагт шинэ бүхнийг эхлүүлж байсан Францын модернизмийн урлагийн олон урсгал чиглэлийг шимтэн судалсан нь нөлөөлсөн гэлтэй.

Шавь До.Болдын хувьд 1980-2000 оны Монголын урлагийн хөгжил, дэвшил, шинэчлэл, Монголын орчин үеийн урлагийг хилийн чанадад сурталчлах үйл хэрэгт онцгой гавьяатай нэгэн билээ. Түүний “Барималч Ц.Амгалан” (1987), “Усанд орж буй эмэгтэй” (1991), “Одтой тэнгэр орчиж” (1994) зэрэг  бүтээлүүд урлагийн бодлогыг өөрчлөх давлагааг эхлүүлсэн төдийгүй Монголд нэвтэрч чадахгүй байсан 20-р зууны дэлхийн урлагийн олон урсгалууд, ялангуяа фовизм (1905), экспрессионизм (1906), кубизм (1907), футуризм (1909), абстракционизм (1910)-ийг дэлгэрүүлэх, тэдгээрийн арга ажиллагааны онцлогийг таниулах зэргээр залуу уран бүтээлчдийн урам зоригийг бадрааж байсан юм.

“Урлагийн амьдрал” үзэсгэлэндээ зураач До.Болд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн нь сүүлийн үед түүний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдсэн сэтгэл санааны байдлаа үзэгч түмэнтэйгээ хуваалцаж байгаа болно. Зургийн хавтгай дээр тоглох зураас, өнгө, тэдгээрээс үүссэн янз бүрийн үл танигдах дүрсүүд бол та бидний амьдралын явцад нийгэм, хувь хүмүүстэй харьцахад илэрч байдаг баяр баясгалан, айдас түгшүүр гээд өөдрөг эсвэл уруу сэтгэл догдлол, сайн муу бодол санаа, эерэг сөрөг мэдрэмжийг төлөөлөх дүрслэлүүд юм. Эдгээр нь агуу В.Кандинскийн онолд тулгуурласан оюун санааны ертөнцийг илэрхийлэх арга билээ.

Ийнхүү багш шавь 2 “Урлагийн амьдрал”-ыг хагас зуунд хэрхэн туулснаа үзэгч олонтойгоо хамтран ярилцаж, тунгаан шүүхээр уран бүтээлээсээ дэлгэжээ. Эндээс бид олон зүйлийг танин мэдэх болно. Чин сэтгэлийн сайхан “уулзалт ярилцлага”-д тавтай морилно уу.

Эмэгтэй зураач МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн зураач багш Я.Оюунчимэг, Монгол, Францын Ардын зураач, УГЗ Б.Чогсом, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан,  Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач До.Болд
“Говийн дуу” Б.Чогсом 1968 он 200*140
“Одтой тэнгэр орчиж” До.Болд 1994 он

Урлаг судлагч О.СОСОР

2019-06-25

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж