Нүүрс тээвэрлэдэг замд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэдэг замд шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас "Оюутолгой"  ХХК, "Зонхэн Юу Тиан" ХХК, Шивээ хүрэн, Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэдэг замд энэ сарын 07-10-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Харин өнөөдөр шалгалтын ерөнхий дүнг МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Шалгалтын явцад Оюутолгой компанийн барилгажилтын асуудал хөндөгдөж байна. Нэг ёсондоо тус компани нь үйл ажиллагаа эхлээд таван жилийн хугацаа өнгөрсөн байхад суурьшлийн бүсийг бий болгоогүй, зөвхөн сэндвичэн барилгуудад үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байна. Иймээс цаашид стандартын барилгын асуудлыг шийдэх, үйлдвэржилт дагасан суурьшлийн бүсийг тогтоох шаардлагатай гэж улсын байцаагчид үзлээ. Даруйхан барилга, бүтээн байгуулалтын асуудлаа шийдэхгүй бол Монголчуудын баялагийг олборлож, зөөж дууслаа. Эцэст нь хэдэн ноорхой, нурах шахсан сэндвичэн байшингуудтай үлдэхэд хүрээд байна гэж шүүмжлэх талууд ч байсан юм.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу "Оюутолгой" компани эрчим хүчний найдвартай ажиллагаатай болох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Таван толгой, Оюутолгой, Ханбогд сумыг эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэрийг барих шаардлагатайг санууллаа.  Мөн  Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай 239 километр замын арчлалт хийгдээгүй, эвдрэл ихтэй, замын анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй байсан нь шалгалтаар илэрчээ. Харин "Зонхэн Юу Тиан" компаний хувьд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, савлах тоног төхөөрөмж ашиглагдах хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас гаргасан юм.  

Ийнхүү шалгалтын дүнг мэргэжлийн хяналтынхан хэлэлцэж яаралтай хугацаанд нүүрс тээвэрлэлтийн зам засварын ажлыг хөрөнгө шийдэж, хий гэсэн үүргийг холбогдох байгууллагуудад нь өглөө. Харин Оюутолгой компанид  ашиглагдах хугацаа нь дууссан түр барилга буюу сэндвичэн барилгуудаа шинэчилж, суурьшлийн бүсийг бий болго гэсэн шаардлагагыг хүргүүлж байна.

Д.УЛАМБАЯР  

Зураглаач Ц.АРИУНБОЛД 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж