Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 56 дахь улирлын тоглолтын хөшгөө нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар хаах гэж байна. “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравд хүндэтгэл үзүүлэх үндэсний сонгодог бүтээлийн тоглолт энэ сарын 29-нд олны хүртээл болох нь ээ.
Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт тус дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа тоглож байжээ. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч бичсэн. Дуурьт Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг юм.
Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, Хамаг Монгол Улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан тухай энэхүү дуурьд өгүүлнэ.
“Чингис хаан” дуурийг анх тавигдахад удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаачаар Н.Туулайхүү ажиллажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ