Элсэлтийн ерөнхий шалгалт эхний өдрийн байдлаар 94 хувийн ирцтэй гэх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс өглөө.
Өчигдөр монголын түүх, англи хэл, химийн хичэээлийн шалгалтыг шалгуулагчдаас авсан. Түүхийн хичээлийн ирц 93 хувьтай, харин нөгөө хоёр нь 97 хувьтай байжээ.
Шалгалтандаа ирээгүй шалгуулагчдын талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн ажилтан Ө.Төгөлдөрөөс тодруулбал, “Ер нь жилийн жилд зарим төгсөгчид үндсэн хичээлээсээ гадна нэмэлт байдлаар өөр шалгалт өгөхөөр бүртгүүлдэг. Явцын дунд зарим шаардлагагүй гэсэн хичээлийн шалгалтаа өгөхгүйгээр шийддэг. Үүнтэй холбоотой. Түүнээс биш энэ жилийн шалгалтын ирц сайн байна” гэв.
Маргааш газарзүй, математик, биологи, монгол хэлний шалгалтыг авна. Гол нь шалгалтандаа цагтаа ирэх, бүрдүүлэх таван бичиг баримтаа мартахгүй авчрахыг шалгуулагчдад сануулж байна.
ЭЕШ-Д ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ВЭ?
ЭЕШ зохион байгуулах журмын гуравдугаар зүйлд зааснаар:
3.9.1. Бүртгэлийн хуудас
А. Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх
3.9.2. Суудлын хуваарь
3.9.3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
3.9.4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
А. Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
3.9.5. ЭЕШ-д орох эрхийн бичиг
Монгол хэл-бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсныг гэрчлэх бичиг.
Б.ЗАЯА