Одоогоос хэдэн сарын өмнө эв нэгдлийн төлөө дуу хоолой, үйлс зорилгоо нэгтгэсэн төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон нийлж “Бид нэг Монгол” төрийн бус байгууллагыг байгуулсан байдаг. Тэгвэл Монголчуудынхаа эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой тус байгууллагынхан Монгол Улсын 21 аймагт төрийн далбааны өндөрлөг байгуулах санаачлага гаргаж Ховд аймгаас ажил хэрэг болгон эхлүүлжээ. Төрийн далбааны өндөрлөгийн нээлт, хандвийн аян шав тавих ёслолын ажиллагаа Ховд аймгийн Ховд хотноо болж УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Я.Төмөрбаатар нар оролцлоо. “Бид нэг Монгол” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бидний зорилго маш энгийн. Элдэв талцал, улстөр, үзэл суртлаас үүдэлтэй ялихгүй хуваагдал, шантрахгүй хагаралын дэгээ саламыг тасдаж, Монгол түмнийхээ эвийн галыг үргэлж өрдөн бадрааж явах их үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах явдал юм.
Улсынхаа төрийн голомтоос, өрхийн гал тогоо хүртэлээ намаар талцаж, нэгэндээ муу үгийн зэв чулуудсаар та бид итгэл, итгэлцэлээс улам бүр холдох аюултай нүүр тулаад байгааг огоорч, сэтгэх цаг хэдийн болжээ.
Туурга тусгаар Монгол улсынхаа бүтэн эрх чөлөөний төлөө үргэлжид цогтой тэмцэж, баатарлаг түүх, бүтээх ирээдүйнхээ эзэд болсон Ховд нутгийнхаа зүрхэн талбайгаас Монгол түмний эв нэгдлийн их бэлэгдэл төрийн далбааны өндөрлөгийг сүндэрлүүлэх ажиллагаа эхэлж байгаа бэлэгшээлтэй хийгээд гүн гүнзгий шүншигтэй үйл хэрэг юмаа.
Энгийн мэт боловч эгэлгүй утга, бэлэгдэл агуулсан төрийн далбааны өндөрлөгөө бид Монгол орныхоо 21 аймагт сүндэрлүүлэх болно” гэдгийг онцолсон байна.
Харин тус аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан “С.Бямбацогт гишүүний энэхүү санал санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Талцал хуваагдалгүй ажиллах ёстой. Аймгийн удирдлагууд энэхүү ажлыг бүх талаар дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.
Ингээд хандвийн аяны салхийг хагалж тус аймгаас гаралтай БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар хувиасаа 1 сая төгрөгийг хандивласан бол тус аймгийн АН, МАН-ын хорооныхон мөн нэгэн зэрэг хандив өгсөн нь ард иргэдийн сэтгэлд ихээхэн нийцсэн алхам болсон юм. Ард иргэд ч энэхүү санаачлагыг дэмжиж хандив өргөж байлаа.
Цаашид Монгол Улсынхаа 21 аймагт сүндэрлэн босох төрийн далбааны өндөрлөг бүтээх ажилд халуун сэтгэлт ард түмнээ хандив тусламж үзүүлэхийг “Бид нэг Монгол” төрийн бус байгууллагаас уриалж байна.