Орлого олдог бизнес нь дахин төлөвлөлтөд орвол яах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Орлого олдог бизнес нь дахин төлөвлөлтөд орвол яах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Газар нь дахин төлөвлөлтөд ороход бизнесийнх нь орлого байхгүй болдог. Жишээ нь аймгийн төвийн гэр хорооллын айлууд хашаандаа амьдардаг байшинтайгаас гадна дугуй засвар ажилуулах зэргээр орлого олдог. Гэтэл газар төлөвлөлтөд орохоор орлого нь байхгүй болдог. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Дээр нь хуулиндаа журмыг Засгийн газар гаргана гэж тодорхой зааж өгөх шаардлагатай” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Хашаандаа машин засдаг авто засварын газартай, эс бол нэг нь оёдлын цехтэй байх юм уу. Ийм төрлийн бизнес эрхлэгчид олон бий. Газрыг нь чөлөөлчихөөр бизнесээ алддаг. Тийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд дахин төлөвлөлт хийхдээ зөвхөн орон сууц барих бус өмнө хийж байсан бизнесээ үргэжлүүлээд хийх боломжтой байх үйлчилгээний газрыг төлөвлөж өгөх ёстой” гэв.

Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү “Нийтийн эдэлбэр газрын зам, барилга байгууламж, үйлчилгээний газрыг төлөвлөж оруулж ирэх гэдгээ  барилгажуулах, цэцэрлэгжүүлэх, амралтын, худалдааны бүс байгуулах. Нийтийн эдэлбэр газар гэдэг нь юу юм бэ гэдгийг тодорхойлоод тодотгоод оруулаад ирье” гэсэн хариулт өгсөн юм.

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудал түлхүү хөндөгдөж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж