Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 28-нд болж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Нэхэмжлэгчид шүүхэд “2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Болд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан…
Л.Болд нь Б.Хурцын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж олон нийтэд Б.Хурцыг үндэслэлгүйгээр, зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг, эрүү шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, зохиомол хэрэг үүсгэдэг, бусдын үхэлд шууд буруутгаж гүтгэлээ.
Л.Болд нь энэхүү асуудалтай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1. 511.1, 511.2-т заасныг үндэслэн Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү” гэжээ.
Харин хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “УИХ-ын гишүүн Л.Болдын 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлсэн ярьсан зүйл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу өөрийн байр сууриа илэрхийлсэн, аль нэг хүний нэр зааж гүтгээгүй, түүний өмнө нь удирдлагад нь ажиллаж байсан АТГ-ын явуулж ирсэн буруутай үйл ажиллагаа нь хүний эрх чөлөөг боогдуулж, хүнлэг бус ажилласан гэдгийг шүүмжилж хэлсэн нь ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл биш юм. Хурал дээр тухайлан Б.Хурцыг буруутгаж, нэрийг нь дурдсан нэг ч үг хэлээгүйг анхаарна уу” гэж дурдсан байна.
Энэхүү шүүх хуралдаанаас “Хариуцагчийн дээрх мэдээлэл бодитой, үнэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, тухайн мэдээлэл нь Б.Хурцын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна… Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна…
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын эсрэг хийсэн мэдээллүүдээ баримтаар нотолж чадаагүй учраас ТЕГ-ын экс даргаас уучлалт гуйхаар болсон байна.
Г.ОНОН
Холбоотой мэдээ