Францын багийн хожлоор өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Францын багийн хожлоор өндөрлөлөө

Монголын ахмадын шигшээ баг алдарт "Арсенал" клубийн тоглогч асан домогт Роберт Пирес тэргүүтэй Францын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болсон энэхүү тоглолт 4:2-оор зочин багийн хожлоор өндөрлөв. Зочин багаас дөрвөн гоолыг Роберт Пирес оруулсан бол Монголын ахмадын шигшээ багийн тамирчин Д.Эрдэнэ-Очир, Д.Лхүмбэнгарав нар нэг нэг гоолыг хийжээ.

Тоглолтыг MNС, TM телевизүүд шууд дамжуулан үзүүлэв.

 


The Varieties Club of France нь 1971 онд байгуулагдаж, энэ жил 44 дэх улирлаа үдэж буй урт удаан түүхтэй клуб юм. Энэхүү баг 1983 онд нэг сарын дотор дэлхийн бүх тивд зочилж тоглолт хийсэн, Бразилийн алдарт Маракана цэнгэлдэхэд тоглосон, удаан тоглолтын дээд амжилт тогтоож, Гиннесийн номд бичигдсэн гээд олон содон амжилтыг тогтоож байсан алдартай баг. Бразилийн Мараканад Францаас өмнө нь “Марсель”, үндэсний шигшээ баг л тоглож байсан бол The Variety Club of France тэдний араас залгаж байж. Мөн хөлбөмбөгийн талбайд тасралтгүй 35 цаг, 02 минут тоглож, 1985 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн батламжаа гардаж авч байжээ. Хойд тул гэж хэлж болох Гренланд, Израилийн хавчлагад зовж зүдэрсэн Палестин, Барууны орнуудтай үзэл суртал таарахгүй Куба гээд газар сайгүй очиж, хөлбөмбөгөөр дамжуулан хүмүүст баяр баясгалан бэлэглэдэг түүхт баг ажээ.

The Varieties Club of France баг байгуулагдсанаасаа хойш 43 жилийн хугацаанд 45 улсад зочлон тоглолт хийсэн бөгөөд энэ жил Монголд хийх тоглолт нь Монгол, Франц улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцаж байна.


Зураглаач Ц.АРИУНБОЛД

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж