“Эрүү шүүлттэй холбоотой 35 гомдлыг шалгаж байна” | News.MN

“Эрүү шүүлттэй холбоотой 35 гомдлыг шалгаж байна”

“Эрүү шүүлттэй холбоотой 35 гомдлыг шалгаж байна”

“Эрүү шүүлттэй холбоотой 35 гомдлыг шалгаж байна”

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал” хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.06.26/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт хуулийн байгууллагын төлөөлөл болон эрүүдэн шүүхийн эсрэг төрийн бус байгууллагууд оролцлоо. Монголын хууль хяналтын байгууллагууд эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг сонсч, санал солилцож, зөвлөмж гаргаж буй юм байна.

2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Эрүү шүүлт нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хамгийн их байгааг албаныхан хэлж байлаа.

Харин Улсын хэмжээнд анхан шат 2006-2018 онд нийт 11 гэмт хэргийг хянан шийдвэрлэж, 13 хүнд ял шийтгэл оногдуулжээ.  Сүүлийн гурван жилийн хугацаанд мөрдөн шалгах явцад нийтдээ есөн удаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой гомдол Хяналтын шатны шүүхэд иржээ. Тухайлбал, Хяналтын шатны шүүхээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2017 онд цагдаагийн хэсгийн төлөөлөгч хохирогч нарт хүч хэрэглэх, хүний халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг шийдэгдсэн байна. Энэхүү хэрэгт холбогдогчийг цагдаагийн албан хаагчаар ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилийн хугацаанд хорих ял оноосон байна.

Түүнээс гадна Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд Эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөл байгуулжээ. Энэхүү зөвлөл ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнд хорих ангийн 3000 гаруй сэжигтэн, яллагдагч нартай уулзаж, биед халдах, эрүүдэн шүүхтэй холбоотой 35 гомдлыг тогтоож, холбогдох байгууллагад шалгахыг үүрэг болгосон. Мөн эрүү шүүлт тусгах, эрүүдэн шүүхгүй байх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах, зөвлөмж, сургалт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч, хорих анги, баривчлан саатуулах газарт хяналтыг сайжруулах, цагдан хоригдсон этгээдийн өрөөг зөвшөөрөлгүй солих, цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг бүгдийг нь татан буулгажээ. Ялангуяа Төв аймгийн хорих ангийн эрүүдэн шүүлт явуулсан өрөөг хааж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Хүний эрхийн дэд хорооны Н.Оюундарь “Хууль сахиулагчид иргэдийнхээ эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг бүрэн баталгаажуулж, хамгаалж чадахгүй байгаа бөгөөд хүний эрхийг зөрчиж байна. Тиймээс иргэд эрүүдэн шүүлтийн талаар цэгцтэй, зөв ойлголттой, эрхээ мэддэг болох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ хийх шаардлагатай байна. Эрхээ мэддэг иргэн шударга ёсыг нэхэж, шаардаж чадна. Өөрийн эрхийг нэхдэг, хэрэгжүүлдэг хүн бусдын эхийг хүндэтгэж, хамгаалж чадна. Шударга ёсыг сахиулах үүрэгтэй төрийн байгууллагуудад шударга бус байдал илүүтэй ажиглагдаж байгааг иргэд олон нийт шүүмжилж, улс төрийн өрсөлдөгчөө, бизнесийн өрсөлдөгчөө дарахын тулд хууль, хүчний байгууллагуудыг ашиглах нь “заншил” болж байна. Хүн бүрт эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг нь ойлгуулж чадаж байж бид урьдчилан сэргийлж чадна. Энэ бол дан ганц төрийн үүрэг биш, хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн оролцоо, хяналт, санаачлага шаардлагатай” байна.

Ийнхүү хэлэлцүүлгээс С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял эдэлж байгаа хүмүүсийг суллаж, шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах, энэ төрлийн гомдол мэдээллийг хараат бусаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах болон гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан байгууллага байгуулах, олон улсын конвенцийн зөвлөмжүүдийг дагаж мөрдөх, цагдан хорих байранд хоригдож байгаа этгээдэд хэрэг хүлээлгэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулж, хүний эрхэнд халддаг асуудлыг таслан зогсоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах, хянан шалгах, холбогдох дүгнэлт гаргах, хариуцлага тооцох асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарах ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж