Өнөөдөр “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”. Энэ өдөрт /2019.06.26/ зориулан холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүд Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Монгол Улсын иргэд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болж байгааг албаныхан онцолж байв.
“ЗӨВХӨН ЗУРГАДУГААР САРД 109 ХЭРЭГТ 207 ХОЛБОГДОГЧ ХОЛБОГДОН ШАЛГАЖ БАЙНА”
Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн тоо 75 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гэтэл энэ оны зөвхөн зургадугаар сард гэхэд л 109 хэрэгт 207 холбогдогч холбогдон шалгагдаж байгаа нь тоон үзүүлэлт эрс өссөний илрэл. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийн тоо 8.3 хувиар, холбогдогчдын тоо 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
“Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэлээдгүй ажил зохион байгуулж байна. Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 оныг хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх ажил зохион байгуулж, хоёрдугаар үе шатандаа ажиллаж байна.
Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам 30-35 хувь өсч байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа нь нийгмийн эрүүл мэнд, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй холбогдогчдыг боловсролоор нь ангилвал дээд боловсролтой 44, тусгай дунд боловсролтой найм, бүрэн дунд боловсролтой 137, боловсролгүй гурван хүн холбогдон шалгагдаж байна” хэмээн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Сайнжаргал мэдээллээ.
“МАНСУУРАЛД АВТСАН, БУХИМДСАН ИРГЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛОМЖТОЙ”
Энэ үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Сэтгэцийн эрүүл мэндийн төв жилдээ 1000 гаруй хүн донтох эмгэгийн улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлдэг. Мөн жилдээ 7000 гаруй хүн амбулаторийн тусламж үйлчилгээ авдаг. Иргэдийн ихэнх нь архинд донтох эмгэгийн улмаас тусламж, үйлчилгээ авдаг. Үйлчлүүлэгчдийн тав орчим хувьд нь бусад мансуурах донгийн эмчилгээ хийдэг юм. Сүүлийн жилүүдийн үзүүлэлтийг харахад хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 2015 онд 39 байсан бол 2018 онд 62 хүн хэвтэн эмчлүүлсэн байдаг.
Манай төв дээр тоон мэдээ өсөөд байгаагийн нэг шалтгаан бол Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийгддэг. Жилдээ 1000 гаруй магадлан шинжилгээг хийдэг бөгөөд хар тамхины хамааралтай иргэдийн тоо маш их өссөн харагддаг. Тодруулбал, 2015 онд 90, 2016 онд 174, 2017 онд 239, 2018 онд энэ тоо 261 болж өсчээ. Эрүүл мэндийн салбар үндэсний хөтөлбөрийн дагуу нийт 43 хийгдэх ёстой ажлаас 28 ажлыг дангаараа болон салбар байгууллагуудтайгаа хамтран хариуцан хийх ёстой байгаа. Энэ ажлуудыг нэлээдгүй сайн гүйцэтгээд явж байна. Мөн 1800-2000 гэдэг тусгай утсаар 24 цагийн турш сэтгэцийн эмч зөвлөгөө мэдээлэл өгч байна. Тиймээс мансууралд автсан, бухимдсан иргэд үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. Мөн 108 утсан дээр сэтгэцийн эмчийг ажиллуулж байгаа” гэв.
МОНГОЛД ХАР ТАМХИНЫ БАЙНГЫН ХЭРЭГЛЭГЧ 708 ХҮН БАЙНА
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа “Монгол Улсад 1999-2018 он хүртэл хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний байдлын талаарх судалгааг хийсэн байдаг. Судалгааны дүнгээр өнөөдөр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 966 хэрэглэгч байна. Үүнээс байнга хэрэглэдэг хэрэглэгч нь 708 байгаа гэсэн тоон мэдээ бий. Эдгээр иргэдийн дунд эрүүл мэндийн шинжилгээ хийж үзэхэд бэлгийн замын халдварт өвчин болох ДОХ-ын тохиолдол илрээгүй. Гэхдээ 17 тохиолдолд тэмбүү өвчин, 20 хувь нь элэгний С вирусын халдвар авсан байна” гэв.
Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 1-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгч аж. Тэдний 6.6 сая нь ХДХВ ба ДОХ-ын халдвартай амьдарч буй бөгөөд гурван минут тутамд нэг хүн хар тамхи, мансууруулах бодисын улмаас амь насаа алдаж буй харамсалтай статистик байна.
Холбоотой мэдээ