Химитэй үс энгийн үсийг бодвол гэмтэж, хуурайшдаг. Үсэндээ хими хийлгэж, хүссэн үр дүндээ хүрч сайхан харагдаж байгаа ч үснийхээ эрүүл байдлыг хадгалах нь хамгийн чухал юм. Бид “Fashion” булангаараа энэ удаад химитэй үсийг хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Юуны өмнө химитэй үсээ тэжээлийн шампуниар угаахыг зөвлөе. Мөн үсийг угаахдаа хуйхаа хумсаараа биш, хурууны өндгөөрөө үрж угаах хэрэгтэй. Үсний тэжээлийн тосыг долоо хоногтоо 2-3 удаа түрхвэл үс тань эрүүл, гялалзсан хэв маягаа алдахгүй.
Буржгар химитэй бол угаасны дараа хэлбэрийг нь удаан хадгалахын тулд зориулалтын эссэнци түрхэхийг зөвлөж байна. Эссэнцээ түрхэхдээ гартаа дусааж, хооронд нь сайн үрээд, үсээ доороос нь дээшээ базаж хөвсийлгөх маягаар хэлбэр оруулна. Энэ нь хэлбэрийг удаан барьж, үсийг гялалзсан сайхан харагдуулдаг.
Үсний маск гэмтсэн үсэнд маш сайн тэжээл болдог. Химитэй үсэнд B ба C витаминтай маск хэрэглээрэй. Сонгож авсан маскаа үсэндээ хангалттай хэмжээгээр түрх. Дараа нь толгойдоо гялгар малгай өмсөөд дээрээс нь алчуураар ороогоорой. Энэ нь үсэнд илүү үр дүнтэй. Маскаа 20-25 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаагаарай.
Үсээ гэмтээхгүйн тулд зөв найрлагатай хими сонгох нь их чухал. Тухайлбал, үсээ заавал буржийлгахгүйгээр зүгээр л илүү хөвсгөр, өтгөн болгох боломжтой. Гэтэл ихэнх хүмүүс ийм боломж байдгийг мэдэлгүй шууд л хүчтэй буржгар хими хийлгэчихдэг. "Нарийн ширхэгтэй, хэлбэрт ордоггүй, хэт шулуун бүтэцтэй, налчгар үсэнд ийм төрлийн зөөлөн хими хамгаас тохиромжтой. Харин үсийг мэдэгдэхүйц буржгар болгодог, илүү хүчтэй хими нь байгалийн эрүүл, эсвэл будагтай, 50% хүртэлх цайруулалттай үсэнд илүү тохиромжтой.
Зөөлөн хими хийлгэсэн нөхцөлд тогтоц нь 1-3 сарын хугацаатай байх бөгөөд үсэндээ мусс, гель, шингэн лак гэх зэрэг нэмэлт хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ