Монгол Улсын Зэвсэгт хүчнээс АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest” сургуулийн нээлт маргааш Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд эхэлнэ. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони тэргүүтэй төлөөлөгчид болон манай улсад суугаа Элчин сайд нар оролцох юм. Хамтарсан сургуулийн талаар өнөөдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат, Номхон далай дахь АНУ-ын цэргийн хурандаа Велез нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд энэхүү хамтарсан сургуулийг удирдан ажиллаж байгаа юм. Мэдээллийн эхэнд дэд хурандаа Б.Эрдэнэбат "Сургуулийн гол зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “KHAAN QUEST” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг 9 дэх жилдээ уламжлал болгон зохион явуулах гэж байна. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болж чадсан" гэж онцолсон. Харин АНУ-ын цэргийн хурандаа Велез "KHAAN QUEST” сургалт дадлагын нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж, бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг болж чадсанд талархаж байна" гэсэн юм. “Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инжерийн ба эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулан явуулж Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэхийн зэрэгцээ, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ удаагийн сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны 1200 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм байна. Харин энэ сургуулийн хаалт ирэх сарын 1-нд болох бөгөөд хаалтын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох ажээ.