"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"

"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"
USA vs Iran

АНУ 2015 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрээс гарснаар Иран, Америкийн харилцаа эргэн хурцадсан. Иран улс өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь агаарын хилийг зөрчсөн хэмээн АНУ-ын армийн дроныг буудан унагаснаас хойш хоёр улсын харилцаа улам ширүүсээд байгаа билээ. АНУ Иранд хариу агаарын цохилт өгөх дээрээ тулаад байсан ч олон мянган энгийн иргэн өртөж болзошгүй тул больсон. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон "Иран улс АНУ-ын хүлээцтэй байдлыг сул дорой байдалтай андуурахгүй байх"-ыг сануулсан байна.

АНУ Ираны армийн дроныг нь буудан унагасан, Персийн буланд зорчиж байсан хоёр газрын тос тээвэрлэгч хөлөг рүү нь халдсан хэмээн буруутгаж байгаа бол Ираны тал дроныг агаарын хил зөрчсөн хэмээн унагаснаа хүлээн зөвшөөрсөн ч газрын тос тээвэрлэгч онгоцууд руу халдсан гэдэг мэдээллийг эрс няцааж байгаа юм. Харин АНУ өөрийнх нь дрон Ираны хил рүү нэвтрээгүй, олон улсын агаарын зайд зорчиж явсан хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа буюу даваа гаригт /2019.06.24/ Ираны дээрх үйлдлийн хариу болгож АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын өндөр дээд албан тушаалтнуудад шинэ хориг тавьж байгаагаа зарласан юм. Дональд Трамп өөрийн үйлдлээ Иран улс сүүлийн үед удаа дараа зүй бус үйлдэл гаргаж байгаа учир ийнхүү хоригоо тэлж байна хэмээн тайлбарлав.

АНУ-ын хоригийн бай болж буй хамгийн өндөр албан тушаалтан нь Ираны дээд удирдагч Аятолла Аль Хамени болж байгаа ба Дональд Трамп түүнийг “Ираны дайсагнасан бодлогын гол хэрэгжүүлэгч” хэмээн тодорхойлсон байна. Түүнээс гадна исламын хувьсгалын бусад найман удирдагчийн нэрс багтжээ. Мөн энэ долоо хоногтоо багтааж цөмийн хөтөлбөрийн гэрээнд Ираныг төлөөлдөг тус улсын Гадаад хэргийн сайд Жавад Зарифт мөн хориг тавихаа мэдэгдсэн.

Энэ мэдээлийг сонссон Зарифф Дональд Трампыг дайныг өдөөгч хэмээн цахим сүлжээнд шүүмжилсэн бол Ираны Ерөнхийлөгч Хасан Рохани Цагаан ордноос гаргасан шийдвэрийг “оюуны хомсдолтой” хүмүүсийн гаргасан шийдвэр хэмээн буруушаасан байна. Тэрбээр цааш хэлэхдээ “Ираны дээд удирдагчид тавьсан хориг бидэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Учир нь түүнд гадаадад ямар ч хөрөнгө байхгүй” гэв. Мөн тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч АНУ-ын дээрэнгүй үйлдэл хоёр улсын дипломат харилцааг бүрмөсөн үгүй хийж болзошгүйг анхааруулжээ.

АНУ-ын тавьсан хоригууд нь Ираны газрын тос тээвэрлэлт, эрчим хүч зэрэг салбарууд дахь тус улсын олон тэрбум долларыг царцаах зорилготой бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Зарифф дээрх хоригуудыг “эдийн засгийн терроризм” хэмээн онцолжээ.

Ираны дээрх мэдэгдлүүдийн дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Иран улс бодит байдлыг огт ойлгохгүй байна. АНУ бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг улс гэдгийг ойлгох хэрэгтэй. Ираны зүгээс ирэх ямар ч дайралт АНУ-ын их хүчний өмнө бөхийх болно. Юу хүссэнээ хийцгээ. Бид бэлэн байна” хэмээн сүрдүүлэв.

2015 оноос хойш Ираны эдийн засгийн ихэнх салбар АНУ-ын хоригт багтсан бөгөөд уг хоригууд Иран улс дэглэмээсээ татгалзаж, цөмийн хөтөлбөрөө зогсоож, террористуудыг дэмжихээ болих хүртэл үргэлжилнэ хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн.

Иран улс энэ сарын 27-ноос эхлэн баяжуулсан ураны үйлдвэрлэлд олон улстай байгуулсан гэрээний дагуу тавигдаад байсан хязгаарлалтыг хүчингүйд тооцон, олборлолт баяжуулалтынхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. Ираны цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаагаар Тегеран уран үйлдвэрлэлийн хэмжээгээ дөрөв дахин нэмэгдүүлэх аж.

Боловсруулсан ураныг цөмийн эрчим хүчний станцад зориулж, мөн цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ч ашигладаг. Ийнхүү Иран улс өөрийн эрх ашгийн хүрээнд олон улсын гэрээний зүйл заалтыг зөрчиж байгаа нь АНУ олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарч, Тегераны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэнтэй холбоотой хэмээн шинжээчид дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж