-УИХ-ын гишүүн Л.Болд Малайзад болсон олон улсын хуралд оролцох үеэрээ хэлсэн үгийг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр янз бүрийн байдлаар тайлбарлах болсон. Энэ тухайд та ямар бодолтой байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Л.Болд хүний эрхийн асуудлаар үг хэлсэн нь томоохон шуугиан дэгдээгээд байна. Шуугианы дагуу Ш.Алтантуяагийн талаар дэлхий нийт юу бичиж байгааг анхааралтай ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг хүчингүй болгохыг уриалсан Монгол Улсын парламентын гишүүний уриалгыг малайзчууд, олон нийт хэрхэн хүлээж авч байгааг судалж байна. Малайзад цаазын ял авчихаад байгаа Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдсон хоёр гэмт хэрэгтэн бол нэг талаасаа гэмт хэрэгтэн. Нөгөө талаасаа гэрч гэж хувьдаа үзэж байгаа. Учир нь Ш.Алтантуяаг хороосон хэрэг бол маш өндөр хэмжээний эрх мэдэлтэй хүний оролцоотой хийгдсэн хэрэг байж болзошгүй нөхцөл байдалд үйлдэгдсэн хэрэг байдаг. Тиймээс тэр захиалагч, зохион байгуулагчтай, томоохон санхүүжилттэй байх магадлалтай хэрэг. Үүнийг олон улсад ч ингэж үздэг. Гэтэл гүйцэтгэгч хоёр хүнд Малайзын шүүх цаазын ял өгчихсөн. Нэг талаасаа энэ нь шударга ёсыг тогтоож байгаа боловч нөгөө талаасаа цаазаар авснаар гэрч бөгөөд гэмт хэрэгтэнийг устгаж байна. Тэд цаазаар авах ял авна гэдэг нь бид цаашаа энэ хэргийн захиалагчийг хэзээ ч мэдэхгүй үлдэнэ гэсэн үг. Ер нь Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлээд New York Times сонинд энэ талаар бичих болсон.
-Энэ хэргийг өндөр хэмжээний эрх мэдэлтэй буюу одоогийн ерөнхий сайдыг захиалсан гэсэн хардлага явсаар байгаа шүү дээ?
-Яг одоо Малайзад эрх барьж байгаа ерөнхий сайд Нашибтай энэ хэргийг холбож бичдэг. Тэгэхээр тэр хүн эрх мэдэлтэйгээ ерөнхий сайд байгаа үед энэ хэргийн захиалагч хэзээ ч бидэнд тодорхой болохгүй болов уу гэсэн таамаглал байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг ерөнхий сайд байгаа дээр нь гэрчийг устгачих вий гэсэн болгоомжлол монголчууд бидэнд байх ёстой. Тэр утгаараа Л.Болд гишүүн олон улсын хурал дээр цаазаар авах ялын эсрэг үг хэлнэ гэдэг хэн нэгэн гэм буруутай хүний ялыг хөнгөлөх утгатай үг хэлээгүй гэж бодож байгаа. Энэ бол харин гэм буруутай хүнд зохих ёсны ялыг нь өгдгөөрөө өг. Гэхдээ цаазаар авах ялыг хэрэгжүүлнэ гэдэг бол гэрчийг устгадаг муу талтайг давхар сануулсан болов уу. Монгол Улсад цаазаар авах ялыг хэрэгжүүлэлгүй зургаан жил болж байна. Энэ хугацаанд Монголд хэрвээ ямар нэг асуудал гарлаа гэхэд хэнээс, ямар ч тодруулгыг авах хүчин чадалтай байна гэсэн үг. Цаазаар авах ялыг хэрэгжүүлээд эхлэхэд гэмт хэрэгтнийг шийтгэнэ гээд гэрчийг устгах үйл ажиллагаа явагддаг. Мөн гэм буруугүй хүнийг устгах үйл ажиллагаа ч явагддаг талтай. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхий нийтээрээ цаазаас явах ялаас татгалзах хөдөлгөөн өрнөж байна. Дэлхийн 130 орон цаазаар авах ялаас татгалзчихаад байна. ОХУ гэхэд манайхаас хамаагүй өмнө татгалзсан байдаг. Европ, Латин Америк, Африк, Азийн нэлээд олон орон цаазаар авах ялаас татгалзчихлаа. Л.Болд гишүүн хүний эрхийн хурал дээр Ш.Алтантуяагийн хэргийг олон улсын анхааралд хандуулсан явдал нь зоригтой алхам гэж бодож байна. Монгол хүмүүс тэр дундаа монгол эмэгтэйчүүд эрсдэлд өртөөд байдаг тэр оронд үнэнийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн үнэнийг мэдэх ёстой. Монголчууд энэ хэргийн үнэнийг мэдэхийг хүсэн хүлээж байгаа. Бид зүгээр хоёр хүнийг цаазалчих гэсэн үгэнд тайвширмааргүй байгаа юм. Ш.Алтантуяагийн хэргийг хэн захиалсан, яагаад энэ хэрэг зохион байгуулагдсан гэдгийг мэдэх эрх маань үргэлж нээлттэй байх учиртай.
-Энэ асуудлын эргэн тойрон юу болж байгааг ажиглаж байгаа гэлээ. Тэр дундаа New York Times сонины Томас Мюллер гэж сэтгүүлчийн хийсэн ярилцлагын тухайд тодруулахгүй юу?
-New York Times сонинд Махатир гэж хүний ярилцлага гарсан байсан. Тэр хүн Нашибийн өмнө ерөнхий сайд хийж байсан юм. Махатир өгсөн ярилцлагадаа Нашибийг энэ хэмжээнд хүрэхэд нь тусалсан. Түүнд улс төрийн маш их дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ одоо эргээд би энэ хүнд итгэхгүй байна гэж ярилцлагадаа хэлсэн байсан. Яагаад итгэхгүй байна гэхээр Нашибийн их хэмжээний мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй үзэгдэл гарсан. Тэр их хэмжээний мөнгө нь гэмт хэрэг рүү явсан юм биш биз гэсэн сэрдлэгэ төрж байна. Тиймээс Нашиб дараагийн сонгуульд ялагдах байх гэж бодож байгаагаа ярилцлагаад дурдсан байсан. Энэ ярилцлагын үеэр New York Times сониныхон Ш.Алтантуяагийн хэргийн талаар буюу Монголын иргэний хэрэг цаашдаа яах бол гэж онцолж түүнээс асуусан байсан. Хариуд нь Махатир гуай Ш.Алтантуяагийн хэрэг дээр би цөхөрчихөөд байгаа. Учир нь энэ хоёр хүнийг маргааш дүүжлэнэ гэж хэлсэн ч үгээ хэлэхгүй байна. Цаазаар авах ял авсан тэр хоёр хүнд хэн захиалж, үүнийг хийлгэснийг хэлэхгүй байгаа нь цөхрөл бий болгож байна гэсэн утгатай хариулсан байна лээ. Энэ юу гэхээр тэр цаазын ял авсан хоёр хүн бол өөрсдөө ар гэрийн дарамтад байна гэсэн үг. Тэдний хувьд нэгэнт цаазын ял авсан, дүүрсэн, үнэнийг хэлээд яахав. Мөн эрх мэдэлтэй хүний зүгээс дарамттай байна гэсэн утгатай үг юм. Монголчууд ШАлтантуяагийн хэргийг зүгээр хоёр хүн түүнд өш хонзон санаад гүйцэтгэсэн гэж огт бодохгүй байгаа. Энэ бол маш нарийн төвөгтэй зэвсэг хэрэглэж хороосон маш хэрцгий бөгөөд эрх мэдэлтэйдээ их эрдсэн хэлбэрээр зохион байгуулагдсан аллага гэж олон нийт үздэг. Тиймээс үнэн мөн нь хэзээ нэг цагт гарч ирээсэй гэж хүсэн хүлээж байдаг.
-Тэгэхээр энэ асуудал аль хэдийнэ олон улсын анхаарлын төвд орсон гэж үзэж болох нь?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх байхдаа Ази Номхон далайн орнуудын хүний эрхийн хуралдаж оролцож үг хэлж байсан. Тухайн үед би Малайзаас ирсэн төлөөлөгчөөс Олон улсын Ази номхон далайн орнуудын төлөөлөгчдийн өмнө Ш.Алтантуяагийн хэргийн үнэн хэзээ олдож, захиалагчийг нь ил болгох талаар юу хэлэх вэ гэж асууж байсан. Намайг тэгж асуусны дараа “Монгол эмэгтэй сүнс биднийг байнга дагаж байна” гэсэн утгатай нийтлэлийг Малайзын хэвлэлүүд бичиж эхэлсэн. Монгол иргэний хэргийг үнэн мөнөөр нь шийдэж өгөхгүй бол Ш.Алтантуяагийн сүнс биднийг хаа явсан газар дагаж явна гэсэн утгатай нийтлэлүүд гарсан. Ямар ч байсан Малайзын хүний эрхийн зүтгэлтнүүд энэ хэргийг үнэнээр нь шийдэж өгөхийг байнга шаардаж байдаг. Тиймээс энэ хэрэг бараг хаагдсан байж байгаад эргэж тэр хоёр хүнд цаазаар авах ял оногдуулсан.