Ардчилсан намын жагсаал ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

VS

Ардчилсан намын жагсаал ямар үнэтэй вэ?

Сүүлийн нэг сар гаруй хугацаанд Ардчилсан намын гишүүд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулж байна. Тэдний зүгээс хариуцлага алдсан сайд нарыг огцруулах шаардаж байгаа бол эрх баригчдын зүгээс Ардчилсан намыг "шоудаж" байна хэмээн шүүмжилж байгаа юм. Энэ удаагийн VS буландаа Ардчилсан намын жагсаал мөнгөтэй эсэх талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

Н.Батсүмбэрэл
МАН-ын Улстөрийн бодлогын газрын дарга

-Сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүд нэлээд гаргаж байна. 1990 онд хонхны дуунаар Монгол хүний эрх чөлөө, ардчиллын төлөө зүтгэж ирсэн АН өнөөдөр цөөн хэдэн хулгайчид, авлигачдыг хамгаалдаг, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг нам болж хувирсанд харамсч байна. 2012-2016 онуудад Монголын төрийг АН удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийг 2016 онд манай намд хүлээлгэн өгөхдөө хасах түвшинд хүргэж улс орны эдийн засгийг дампууруулж, төрийг самууруулж  хүлээлгэн өгсөн.

Ийм дампуурсан төр, хасахтай эдийн засгийг МАН өнөөдөр эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хүргэж төр дэх ялзрал, дампуурлыг засаж залруулж ажиллаж байна. Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэгийг хорьсон. Энэ банкнаас хамааралтай улс төрийн нам, улстөрчид амиа  тавьж жагсаал цуглаа хийж,  харагдсан болгон руугаа  дайрч байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал, УИХ, орон нутгийн сонгуулийн тойрог горьдсон нөхдүүдийг ил гаргаж жагсаал цуглаан хийлгэж байна.

Жагсаалтыг Эрүүл мэндийн яам руу чиглэн хийж байгаа Ж.Амарсанаа гэх нөхөр өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж  байсан боловч хувьдаа эмнэлэгтэй энэ нөхөр хэдэн зуун сая төгрөгийн тендер авч төрийн ажлыг хийгээгүй гэдгийг салбарын сайд нь тод хэлж байсан. Ийм л хүн өнөөдөр эрүүл, шударга хүн болох гэж ярьж, салбаганаж явна. Энэ байдлаа одоо зогсоох ёстой.

О.Магнай:
АН-ын Нарийн бичгийн дарга

-Нэр бүхий яамдын гадаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ жагсаал цуглаан иргэдийн цэвэр санаачилгаар хийгдсэн. Иргэдийн сайн дурын тэмцлийг АН дэмжсэн. Харамсалтай нь, эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой. Энэ нь яавч зөв зүйл биш. Эрүүл мэндийн сайд тэмбүүтэй тэмцэнэ гэсэн хариуцлагагүй мэдэгдлээс болж өнөөдөр аялал жуулчлалын компанид захиалга өгсөн жуулчдын 20 хувь нь захиалгаа цуцалсан байна. 

Монголд 40-50 мянган жуулчин ирэхээр байсан ч аяллаа цуцалсан гэж ойлгож болно. Монголд ирээд ойролцоогоор нэг жуулчин 1000 ам.доллар зарцуулна гэж тооцвол манай улс жуулчдаас 40 сая ам.доллар олох боломжийг Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж алдлаа. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Гурав дахь асуудал нь иргэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж тэмцсэн. АН энэ тэмцлийг дэмжсэн. Эрх баригчдын ярьж байсан шиг АН нэг жагсаалыг 40 саяар зохион байгуулсан асуудал огт байхгүй. АН өнөөдөр сөрөг хүчин. 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү АН-д байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хийх ажил маш их байгаа. Харамсалтай нь, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг ч ажил хийсэнгүй. Зарим томоохон хэргүүдийг шударгаар шийднэ гэж хүлээж байсан. Гэвч нийгмийн хүлээлтийг өнөөдрийг хүртэл хангаж чадахгүй байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж