Цадталаа идэх хангалтгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

Цадталаа идэх хангалтгүй

Цадталаа идэх хангалтгүй

Тал дүүрэн малтай монголчуудын хувьд “өлсгөлөн” гэдэг үг хаа хол сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Монголчууд далд өлсгөлөнд хэдийн нэрвэгджээ. Өнөөдөр монголчуудын хоол хүнсний 63 хувийг дан ганц гурилан бүтээгдэхүүн эзэлж байгааг эрдэмтэн судлаачид баталсан байна.

Бусад нэр төрлийн хүнс үлдсэн цөөн хэдхэн хувийг эзэлж байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр бид өнөөдөр хоол хүнсээ зохистой хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Хүмүүс зохистой хооллолт гэхээр л өөх тосгүй, жимс ногоо их идэх ёстой гэж ойлгодог. Гэтэл зохистой хооллолт гэдэг нь олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг өдөр тутам зохистой хэмжээгээр, нас, биеийнхээ онцлогт тохируулан хэрэглэхийг хэлэх аж.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтдийн хийсэн “Хүн амын хүнсний хэрэглээний өнөөгийн байдал, чиг хандлага” судалгаагаар Монголын насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь илүүдэл жинтэй. Хүүхдүүдийн маань 25 хувь нь таргалалттай байна гэсэн дүн гарчээ.

Цаашдаа ийм хэв маягаар буруу хооллоод байвал үхэлд хүргэх таван тэргүүлэх өвчинд нэрвэгдэхэд тун ойрхон байна гэдгийг судлаачид тогтоожээ. Үүнд зүрх судасны өвчлөл, хавдар, гэмтлийн гаралтай өвчин, хоол боловсруулах систем, амьсгалын замын өвчин багтаж байгаа юм.

ЦАДТАЛАА ИДСЭН Ч ХЭРЭГТЭЙ АМИН ДЭМЭЭ АВЧ ЧАДДАГГҮЙ

Энэ судалгаагаар нийт хүн амын 77.8 хувь буюу 10 хүний найм нь зохистой хооллолтын зөвлөмжийн талаар огт мэддэггүй. Хүнсний бүтээгдэхүүний сонголт хийхдээ 70.7 хувь нь хадгалалтын хугацааг, 9.5 хувь нь орц найрлага, ашиг тусыг хардаг бол 21.6 хувь нь огт анзааралгүй худалдан авдаг гэж хариулжээ. Мөн олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх талаар таван хүний нэг нь ойлголттой байгаа нь шим тэжээлийн тухай мэдлэг хангалтгүй, боловсрол олгох тогтолцоогүй, төлөвшөөгүй байгааг харуулж буй юм.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, зөвлөх инженер, доктор Ж.Туяацэцэг судалгааны дүнгээс өчигдөр /2019.06.25/ танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүн өдөрт 2400 мкг/л илчлэгийг хоол хүнснээсээ авч байх ёстой. Үүний 90 грамм нь уургийн гаралтай бүтээгдэхүүн, 67 граммын өөх тос, 360 грамм нүүрс ус, хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Гэтэл монголчуудын хүнсний хэрэглээний өнөөгийн байдлыг авч үзвэл энэ зөвлөмжийн дагуу хоол хүнсээ хэрэглэж чадахгүй байна. Энэ судалгаагаар монголчуудын хоол хүнсний 63 хувийг гурилан бүтээгдэхүүн эзэлж байна гэдэг тоон үзүүлэлт гарсан. Бусад нэр төрлийн хүнс үлдсэн хувийг эзэлж байна гэсэн үг. Цаашид буруу хооллоод байвал монголчууд халдварын бус өвчлөлөөр нэрвэгдэх нь” гэдгийг хэлж байв.

Бид өдөрт гурав, дөрвөн удаа цадталаа идэж байгаа боловч хэрэгтэй зүйлээ идэж чадахгүй байна. Аминдэм, эрдэс бодисын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаагаас өнөөдөр далд өлсгөлөнд нэрвэгдээд байна. Ялангуяа гурилан бүтээгдэхүүн таргалалтын суурь болж байна. Авах ёстой илчлэгээ авахгүй хий хоосон илчлэг авснаар бичил элементийн дутагдалд орж гүйцэх нь ээ.

Жишээлбэл, судалгаанаас харахад хүн амын С аминдэмийн хэрэглээ физиологийн нормын 40 хувь ч хүрэхгүй байна. Зүүн бүсийн А аминдэмийн хүртээмж хамгийн доогуур буюу 445 мкг/л байхад С, В1, В2, В6 аминдэмийн хүртээмж оршин байгаа газраас үл хамааран хангалтгүй түвшинд байна гэдгийг тогтоожээ.

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД ДАЛД ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭЖ БАЙНА

Хоол хүнсээр авах аминдэм, эрдэс бодисын далд өлсгөлөнд Монгол Улсын хүн ам тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд олноор нэрвэгдээд байгааг судалгааны дүн харуулжээ. Монголчуудын ихэнх нь зохисгүй хооллолт, хооллолтын дадал тааруу, цөөн нэр төрлийн хүнсийг өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн нь үүний гол шалтгаан гэдгийг давтан хэлье.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Хоол судлалын алба 1992 оноос өнөөг хүртэл нийт хүн ам, хүүхэд эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх судалгааг үндэсний түвшинд таван удаа зохион байгуулж, төмөр, иод, А, Д аминдэм дутал, түүнээс шалтгаалсан эмгэг Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байгааг тогтоосон.

Тус төвийн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн дундах төмөр дутлын тархалт”-ны судалгаагаар ойролцоогоор төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүд 30 орчим хувь төмөр дуталтай байгаа нь энэ төрлийн “далд өлсгөлөн” манай улсын нэн тэргүүнд шийдэх ёстой эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг илтгэж байна.

Харин бага насны хүүхдүүдийн хувьд 6-11 насныхны 99 хувь нь түргэн хоол буюу илчлэг өндөр, шим тэжээл багатай хүнсээр тогтмол хооллож байгааг эрдэмтдийн судалгаа харуулжээ.

Мөн ихэнх хүүхэд өдөр бүр чихэрлэг хүнс хэрэглэж, хэрэгтэй аминдэм, эрдэс бодисоор хангагдаж чадахгүй далд өлсгөлөнд нэрвэгдээд байна. Та бидний амьдралын буруу хэвшил өөрт болоод үр хүүхдийн тань эрүүл мэндэд ямар хор хөнөөл дагуулж буй эргэцүүлж, хоол хүнсэндээ анхаарахыг зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж