"2020 оны сонгуулиа бодоод У.Хүрэлсүх юу ч хийхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2019.06.26-нд нийтлэгдсэн

"2020 оны сонгуулиа бодоод У.Хүрэлсүх юу ч хийхгүй байна"

"2020 оны сонгуулиа бодоод У.Хүрэлсүх юу ч хийхгүй байна"

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүд тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг та хэрхэн харж байна вэ?  

-Монголчуудын үндэсний эрх ашгийг хамгаалсан хамгийн том баримт бичиг бол Үндсэн хууль. Сүүлийн хэдэн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж ирсэн. Монголчуудын үндэсний эрх ашгийг хамгаалсан баримт бичиг учраас гар хүрэхэд тун хүнд. Тухайлбал, энэ бичиг баримт өөрчлөгдсөнөөр дарангуйлагч төрөх вий гэсэн болгоомжлол хамгийн эхэнд бий. Хоёр дахь болгоомжлол нь Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр захиргаадалтын системд шилжих вий, гурав дахь нь эдийн засгийн өсөлт үгүй болж, чөлөөт өрсөлдөөн алагдагдах вий гэсэн болгоомжлол байсаар ирсэн. Шинэ Үндсэн хуулиар монголчуудын олж авсан хамгийн том ололт нь дарангуйллаас салсан явдал. Захиргаадалт, дарангуйллаас салахын тулд хэн нь хэн бэ гэдгийг маш тодорхой хэлж өгсөн. Хэн нь ямар хариуцлагатай, хэн нь ямар үүрэгтэй, хэн нь ямар эрхтэй байх вэ гэдгийг шинэ Үндсэн хуульд маш тодорхой заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Цаг хугацаа өнгөрөх хэрээр нийгэм болон хүн дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Нөгөө талаар нийгэмд хамгийн их яригддаг шүүмжлэл бол хүнд суртал, авлига хээл хахууль, хүний нөөцийн бодлогын алдаа, улс төрийн тогтворгүй байдал, мөн хариуцлагагүй сөргөлдөөн зэргийг нэрлэж болно. Энэ бүхэн ард иргэдийн санаа бодлыг чилээж байгаа нь үнэн. Ялангуяа хүний нөөцийн бодлого алдагдаж, төрийн алба тогтворгүй байгааг сүүлийн 10 жил ярилаа. Мөн Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын ажилд хэт оролцож байгаад олон нийт асар их шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бүх алдааг засахаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр оролдож байгааг би сайшааж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль болох баталчихаасай гэж  хувьдаа хүсч байна.

Нөгөө талд коммунист угшилтай хүмүүс социализмыг асар ихээр санагалзаж байна. Энэ тогтолцоог санагалзаж, буцааж сэргээхийг оролдож байгаа хэсэг ч бий.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН дангаараа хийх гэж байгаа нь улс төр талаасаа хүмүүст таалагдахгүй байгаа боловч хуулийн төсөлд тусгагдсан санал санаачилгуудын хувьд аль ч улс төрийн намаас асуухад дэмжих заалтууд цөөнгүй тусгагдсан байна. Тухайлбал, “давхар дээл”-ийг халъя, Засгийн газраа Ерөнхий сайд нь өөрөө байгуулъя, төсөвтэй холбоотой асуудалд Засгийн газарт эрх мэдлийг нь шилжүүлье зэрэг заалтуудыг дэмжинэ гэж харж байна. Өнөөдөр сумын төвийн 1000 иргэн хоорондоо намчирхахаар тэнд хүний нөөцийн бодлого бүрэн алдагддаг. Үнэндээ эрх чөлөөний төлөөх сонгууль нь эсрэгээрээ ад үзэгдэх үр дагавар авчирч байгаа учраас улстөржилтөөс зайлсхийе, сум орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлье гэсэн саналууд ч дэмжигдэнэ. Сүүлийн 10 гаруй жилийн улс төрийн амьдралыг харж байгаа хүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орхигдуулсан ямар асуудлууд байна вэ?

-Нэг заалт, нөгөөгөөсөө шууд хамааралтай байдаг учраас хуулийн төслийн заалтуудад үг, үсэг ярихад их төвөгтэй. Тэгээд ч хүн бүхний хүссэн санаа бүрийг нэмэрлэхэд ч хэцүү. Тиймээс миний хувьд санал гаргахаас эмзэглэж байна. Болдогдсон бол сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй. Тогтолцоог нь тодорхой заагаагүйгээс сонгууль болохын өмнө сонгуулийн дүрмээ өөрчилдөг нь улс төрд бэлтгэгдэж байгаа залууст боломж гарахгүй байх тал бий. Сонгуулийн хуулиа 20 жилдээ тогтвортой байлгахын тулд Үндсэн хуульд тогтолцоог нь маш тодорхой тусгаад өгвөл сайн.

-Сонгуулийн тогтолцоо гэж ярьсных, МАН Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй. Сонгуулийн тогтолцоог Улс нэг тойрог байх санал ч гарсан. Уг тогтолцоо манайд хэр зохистой вэ?

-Уг нь бол онол, логик хоёроо харахад боломжтой хувилбар. Жалга довны үзлээсээ салъя гэдэг нь зөв. Улс нэг тойргоор сонгуулийг явуулбал улс төрийн  ченжүүдээс сална гэсэн үг л дээ. “Надад 100 санал байна, Нутгийн зөвлөл, холбоо надад байна” гэдэг улс төрийн ченжүүдээс салах гарц нь мөн үү гэвэл мөн. Харин практик талаасаа асуудал тулгарна. Санал хураалтын тооллогоо хийж чадахгүй, мөн сонгогчид саналаа өгөхөд маш бэрхшээлтэй. Жишээ нь, 1000 гаруй нэр дэвшигч дундаас Доржийн, Батын нэрийг олоход төвөгтэй. Саналаа өгөх нэр дэвшигчээ урт жагсаалт дундаас олоход хэдэн минут зарцуулах вэ гээд аваад үзвэл үндсэндээ долоо хоног санал хураалт явагдана гэсэн үг. Хурднаар явууллаа гэхэд технологи шаардагдана. Жишээлбэл, тухайн нэр дэвшигчийн овог, нэрийг хэлээд саналаа өглөө гэхэд нууц байдал алдагдана. Тэгэхээр МАН бүтэшгүй тогтолцоо гаргаж тавиад, томсгосон тойргийн системийг санал болгох байх гэсэн  төсөөлөлтэй байна.

-УИХ-дахь АН-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль, журмын дагуу хэлэлцүүлэхийг шаардаж, чуулганы хурлыг орхин гарч, хуулийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Гэсэн ч олонх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэн. Ерөнхийдөө цөөнхийн дуу хоолой хүчгүй байх шиг?

-Бид өнөөдөр сөрөг хүчин боловч бидэнд өөрийн гэсэн үзэл баримтлал бий. Энэ үзэл баримтлал, бидний хүсэл зориг ажил хэрэг болж л байвал хэн нь Үндсэн хуулийг дэмжиж, гарын үсгээ зурах нь мянга дахь асуудал. Ялаад хийхийг хүсч байгаа зүйлээ сөрөг хүчин байхдаа хийлгэж чадаж л байвал болж байна шүү дээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ дахь АН-ын зөвлөл болон Ардчилсан намынхны саналыг тусгах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах шаардлага эрх баригчдад бий. Ингэхгүйгээр олноороо түрээд явна гэж бодож байгааг үгүйсгэхгүй. Хуулийн төслийг ард түмнээсээ асууж, мөн улс төрийн намуудтайгаа тодорхой заалтууд дээр нь ойлголцох нь чухал. Нэгдсэн шийдэлд хүрч, бусад намуудынхаа оролцоог бий болгож байж батлагддаг ийм онцлогтой хууль. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр бүх зүйл сайн, сайхан болно гэж рекламдах нь нэг хэрэг. УИХ-д 65 суудал авсан эрх баригчид гурван жилийн хугацаанд Монголыг яаж будлиулж, улс төрийн үймээн самуунд хүргэж, хэрхэн олон нийтийн улс төрд итгэх итгэлийг бууруулав гэдгийг эрх баригчид өөрсдөө дүгнэж харах хэрэгтэй. Үндсэн хууль өөрчлөгдөөд хүмүүс нь хэвээрээ байх юм бол Монгол Улс өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад Засгийн газар нь сахилга баттай, тогтвортой, төрийн алба нь мэргэшсэн зэрэг давуу талууд илэрснээр магадгүй 10 жилийн дараа Үндсэн хуулийн өөрчлөлт зөв байж гэж дүгнэнэ.

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, харин Ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглалд оролцох оролцоог хумьж байгаа талаар та юу хэлэх вэ?  

-Монголын улс төрийн том дутагдлын нэг нь Ерөнхий сайдын албыг хашсан хүн дараа нь Ерөнхийлөгч болохын төлөө хичээж, Ерөнхий сайд байхдаа хийх үндсэн ажлаа орхигдуулдаг. Зөвхөн улс төрийн хожоо хайж ажилладаг. Жинхэнэ улстөрч хүн тухайн улс орныхоо болж бүтэхгүй асуудлуудыг шийдэхэд олон дайсантай тулгарна. Ард түмний бараг тал хувийн эсэргүүцлийг даван туулж байж нийгэмд бий болсон хүнд хүнд асуудлуудыг шийдвэрлэнэ. Гэтэл Ерөнхийлөгч болохын тулд Ерөнхий сайд ард иргэдийн тэр 50-60 хувьд таалагдахгүй байхаас эмээж асуудалд гар хүрэхгүй байна. Үнэндээ У.Хүрэлсүх зөвхөн 2020 оны сонгууль бодож юу ч хийхгүй байна. Олон нийтийн дургүйг хүргэж, рейтингээ алдчихна гээд асуудлыг хойшлуулсаар ирлээ. Энэ алдаа өмнө нь ч байсан. Дараа нь Ерөнхийлөгч болохын тулд ард түмэндээ таалагдах гэж бэлэн бэлэн амлалтууд ярьж, худлаа хэлдэг. Тийм учраас Ерөнхийлөгчийг үндэсний бэлгэ тэмдэг гэдгийг нь бүх талдаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг хэмжээ хэмжээнд нь аваачихгүй бол тэнгэрт хоёр нар манддаггүй шиг нэг улс хоёр удирдагчтай байх боломжгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалаа илүү сайжруулж, Ерөнхий сайдад эрх мэдлийг нь, Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаараа насны босгыг нэмэгдүүлсэн нь тун зөв. Ерөнхийлөгчөөс буугаад дахиад улс төрд орохыг хүсдэг том хүсэл бий. Тэгэхээр Ерөнхийлөгчөөсөө буугаад яах уу гэсэн бодлыг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үгүй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөс буугаад тэтгэврийн хөгшин болно гэдгийг нь Үндсэн хуулиар хэлээд өгөх гэсэн санаа. Тэтгэврийн насанд хүрчихээд, улс төрд дахин орохын тулд эрх мэдлээ хадгалахыг хүсдэг Ерөнхийлөгч нар манайд бий. Нам бус гэж Ерөнхийлөгч болчхоод буусныхаа дараа нөгөө намаасаа нэр дэвшдэг, намдаа буцаж ороод дарга цэрэг болдог ийм хандлага байсаар л байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч болно гэсэн санаархлыг нь, Ерөнхийлөгчөөс буусны дараа дахин улс төр үү орох хүсэл сонирхлыг нь тас цохих хэрэгтэй. Энэ хоёрыг хаахгүйгээр цааш явахад хүнд. Өнгөрсөн он жилийн алдаанууд дахиад л давтагдана.

-Та Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна?

-Засгийн газарт бодлого алга, хийж байгаа ажил алга. Өдөр хоног өнгөрөөсөн байдлаар ердөө л 2020 оны сонгуульд бэлдэх ажил л хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайд болно гэдэг нэг л удаа олддог боломж. Энэ хэрээр ачаа үүрэх ёстой атал хийхгүй байна. Нэг ч тодорхой ажил хийхгүйгээр ийм удаан хугацаа өнгөрөөж байгаа нь маш хортой. Хүмүүст таалагдсан зүйл яриад л болчих юм шиг, олон нийтийн сэтгэл зүйтэй ажиллаад болчих юм байна гэсэн бодлоор л хандаж байгаа нь харагддаг. Үндсэндээ эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамаарч, бусад салбарууд зогсонги байна. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ямар ч Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авдаг л байхгүй юу даа. Ялангуяа манайх шиг ядуу буурай улстай Засгийн газрын хувьд заавал хийдэг. Хийхгүй байх нь эдийн засгийн хувьд цэвэр хоёр хөршийн хараат болно. Гаднын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд цаг, минутаар хэмжигддэг ийм л зүйл. Харамсалтай нь, энэ чиглэлд Засгийн газар юу ч хийхгүй байгаад асар их эмзэглэж байна. Хугацаа алдах тусам хор уршигтай. Энэ байдалдаа дасахыг хөгжсөн орны томоохон эдийн засагчид “урхи” гэж хэлдэг. Урхинд орох вий гэж ихэд анхааруулдаг. Гэтэл бид энэ урхинд хэдийнээ орчихсон. Нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.доллар хүрэхгүйгээр гацчихсан. Үүндээ 10 жил гацсан улс өөдөө гарахгүй улам доройтож, дарангуйллын систем рүү шилждэг. Өөрөөр хэлбэл, хүлээлтэд хариу үйлдэл өгөхгүй болохоор өөр зүйл хүсэж эхэлдэг. Энэ нь дандаа муу үр дагавар авчирдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 5000 ам.доллар болгож өсгөсөн нь амжилт хэдий ч 10 мянган ам.доллар болгохын төлөө тэмүүлдэг бичигдээгүй хуультай. 10 мянган ам.долларт хүргэдэг ганцхан зам нь гаднын хөрөнгө оруулалт. Энэ бол хөдлөшгүй алтан дүрэм. Хоёр хөршдөө найдаж, тэдний хөрөнгө оруулалтаар болчихно гэж харж байгаа нь дэндүү харалган. Орос, Хятад хоёр хөрөнгө оруулагч орон болох болоо ч үгүй.

Уг нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг юм хийж чадахуйц эрүүл оюун ухаантай сүүлийн Засгийн газар нь гэж хараад байгаа юм л даа. Дараагийн Засгийн газрын хувьд маш аюултай. Хийх Засгийн газар нь хийхгүй гацчихаар жинхэнэ популистууд нь ялдаг.

Тэд гаднын хөрөнгө оруулалтыг татах байтугай дотоодын үйлдвэрлэгчдээ нухчин дардаг. Энэ нь ямар ч засаглалтай байхаас үл хамаарна. Тэгэхээр хийе гэвэл хугацаа багаддаггүй. Гурван сар ч хангалттай. Ялангуяа хөрөнгийн менежмент хийх, дэлхийгээс хөрөнгө оруулалт яаж татах вэ гэдэг нь чухал байна. Дотоодын хүч нөөц гэж цээжээ дэлдэхгүйгээр дэлхийд хөдөлмөрлөж чадаж байгаа хүнтэй хамтраад бид яаж босч ирэх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй.

-Ардчилсан нам намынхаа Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аяныг зохион байгуулж, энэ хүрээнд намын удирдлагууд нь хөдөө орон нутагт ажиллаж байна. Таны хувьд намынхаа үйл ажиллагаанд хэр оролцож байна вэ. Төдийлөн оролцож байгаа нь харагдахгүй байгаа учраас асууж байна л даа?

-Бид чинь жирийн гишүүн шүү дээ. Жирийн гишүүд гэдэг намын удирдлага ир гэвэл очдог, ингэ тэг гэвэл хийдэг, оролцдог ийм л үүрэгтэй. Саяхан би Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн. Бага сага ажлууд хийж л байна. Гэхдээ намынхаа удирдлагуудын урдуур ороод гүйгээд байх нь ёс суртахуунгүй. Намын дарга, дэд дарга нар гээд удирдлагын түвшинд олон хүн бий. Тэдэнд ажил хийх боломжийг олгох нь зөв.

Сүүлийн үед АН Засгийн газрын сайд нарыг эсэргүүцэн иргэдийн хамтаар хэдэнтээ жагсаал цуглаан зохион байгуулсан. Гэхдээ төдийлөн үр дүн гарсангүй. “Бай”-гаа онохгүй байна уу, эсвэл арга хэлбэр нь буруу байна уу?

-Улс төрийн тэмцэл тасралтгүй үргэлжилдэг үйл явц. Үр дүн нь алсдаа гардаг. Хийх ёстой ажлаа л хийж байгаа. Түүнээс биш өнөөдөр болж буй алхмуудыг энэ зөв, энэ нь буруу гэж дүгнэхээсээ илүүтэй эрх баригчдын хийж байгаа үйлдлүүд хэрээс хэтэрч буй учраас сөрөг хүчний хувьд зайлшгүй хийх л ажил нь.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн С.Эрдэнийг намын даргаас огцрохыг шаардаж, 15 үндэслэл бүхий албан шаардлага хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Нэг ёсондоо нэг намд эсрэг, тэсрэг үйл явц өрнөж байна л даа. Та намын даргадаа ямар дүн тавих вэ?

-Миний байр суурь анхнаасаа тодорхой байсан. Манай нам шинэ дүрэмтэй болж, дүрмийнхээ дагуу бүх зүйл явагдана гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Нэг, эсвэл хоёр ялагдах нь асуудлын гол биш. Хоёрдугаарт, намын бодлогыг С.Эрдэнэ ганцаараа гаргахгүй нь ойлгомжтой. С.Эрдэнэ дарга багаа яаж бүрдүүлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарна гэж би байнга хэлж байгаа. Баг нь ямар бодлого гаргаж байна вэ гэдгээс хамаараад үнэлгээгээ авна гэсэн үг. Түүнээс биш С.Эрдэнэ дарга ганцаараа бодоод, ганцаараа шийдвэр гаргах боломжгүй. Хэрэв алдаатай асуудал байгаа бол бүрдүүлсэн багт нь асуудал байна, эсрэгээрээ сайн байвал баг нь сайн ажиллаж байна л гэсэн үг. Багийн хүмүүс нь хариуцлагатай, мөн хариуцлага хүлээдэг байх ёстой. Ер нь улс төрийн ажил гэдэг олуулаа ярьдаг ажил шүү дээ. Ганц нэг ухаантай хүн нь бодож олоод хийдэг ч ажил биш. С.Эрдэнэ даргын бодлого намын зарим гишүүдэд таалагдахгүй байгаа бол багт нь алдаа байна гэсэн үг. Үүнийгээ засч, намынхаа түвшинд бүрэн ойлголцлыг бий болгох хэрэгтэй.

Гуравдугаарт, дүрмийн дагуу ирэх сонгуульд С.Эрдэнэ даргатай сонгуульд оролцоно гэдгээ бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. С.Эрдэнэ АН-ын дарга байх нь тодорхой. Үүнийг нь эсэргүүцэж, янз бүрийн үйлдэл хийх нь дэмий. Намын нийт гишүүдийн дундаас сонгосон дарга шүү дээ.

Ганц намын даргаас нь хамаарч намын бодлого гарахгүй гэдгийг улс төр гадарладаг хэн бүхэн мэднэ. Үндсэндээ Ардчилсан намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг Улстөрийн зөвлөл гэж бий. Миний хувьд асуудал энэ зөвлөлд л байна гэж харж байна. Улс төрийн зөвлөл АН-ын өдөр тутмын улс төрийн бодлогын чиглэлийг гаргах учиртай. Энэ зөвлөлийн гаргасан бодлогын дагуу л АН-ын дарга үгээ хэлж, үйл ажиллагаа явуулж байгаа. Жилийнх нь ажлын төлөвлөгөөг Үндэсний бодлогын хорооноос шийддэг. Харин сар, өдөр тутмын үйл ажиллагааг намын Улс төрийн зөвлөл нь тодорхойлдог гэсэн үг. Хэрэв буруу шийдвэр гаргаж байгаа бол Улстөрийн зөвлөлийн гишүүд нь нэрээ татах хэрэгтэй. Түүнээс биш улс төрд нэг хүнийг онилж байгаад буруутгадаг, үзэн яддаг зүйл байхгүй л дээ. Жишээ нь, МАН-ын бодлогыг тус намын Удирдах зөвлөлөөс гаргадаг.

Удирдах зөвлөлийн гишүүд нь бахь байрандаа байхад ганцхан М.Энхболдод хариуцлага тооцоод юу ч өөрчлөгдөөгүйг бүгд л харж байна. М.Энхболдод хариуцлага тооцсон бол тухайн үед намынхаа бодлого бүрийг нь хамт гаргасан багийг тэр чигт нь арчих ёстой байсан. Тэр үед М.Энхболдтой хамт байсан Удирдах зөвлөлийнхөн бүгд татгалзсан бол зүйн хэрэг. Өнөөдөр Удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлаа хийсэн хэвээр л байна. Инээдэм биз дээ.

-Та үүгээр яг юу хэлэх гэж байна вэ?

-Улс төрийн шийдвэр бол олонхын шийдвэр гэдгийг хэлэх гэсэн санаа. Хамтын шийдвэр гаргадаг, төлөвшиж бойжсон улс төрийн хүчин бол АН, МАН хоёр. Улс төрийн нам төлөвшсөнийг нь хамтын шийдвэр гаргах чадавхаар нь тодорхойлдог. Хамтын шийдвэр гаргаж чаддаггүй, төлөвшөөгүй нам манайд маш олон байна. Шулуухан хэлэхэд фенүүдийн цугларалт гэх үү дээ.

-2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас есөн гишүүн УИХ-д сонгогдож, бүлэгтэй болж чадсан. Гэвч явцын дунд намын дотоод үл ойлголцлоос үүдэн хоёр гишүүн нь "тусгаар тогтнол"-оо зарлаж бүлэг задарсан. Ингэснээр УИХ дахь сөрөг хүчний үйл ажиллагааг сулруулсан гэж хэлж болно. Энэ бүх асуудлын буруу нь хаанаа байсан бол?

-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр аль алинд нь л байсан байх. У.Хүрэлсүхийг хамгаалах, эс хамгаалахаас хагарал үүдсэн. АН-ын ямар ч гишүүн У.Хүрэлсүхийг хамгаалъя гэж бодохгүй л байх. Ингэж хэллээ гээд У.Хүрэлсүх гомдохгүй байлгүй дээ. Аль нь ч сөрөг хүчин. АН-аас Ерөнхий сайдад ямар ч мундаг хүн байсан  огцруулъя гэвэл У.Хүрэлсүх гараа өргөөд гүйх байх. Үүнтэй л адилхан байхгүй юу даа. Тухайн үед Л.Болд, Ж.Батзандан нарыг намаас хөөгөөгүй, намаас улс төрийн хариуцлага тооцсоныг С.Эрдэнэ даргын буруу гэж хэлэх нь утгагүй. Явсан хүмүүсийн араас чулуу шидэх нь бас зохисгүй. Л.Болд, Ж.Батзандан нарын хувьд намынхаа бодлого, шийдвэрийг дагахгүй гээд л гарах сонголт хийсэн байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж