Төр бизнес дэмжсэн сан байгуулах нь эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Төр бизнес дэмжсэн сан байгуулах нь эрсдэлтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 77.5 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийн зорилго нь, дэлхийн стандартад нийцсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгоход чиглэж байна. Өнөөгийн байдлаар аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлдэг аж. Энэ нь, нэмүү өртөг шингээсэн, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж буй юм байна.

Тиймээс төсөлд томоохон үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх сантай байх. Экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай 1 удаа олгох. Өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс 1 удаа үйлдвэрт буцааж олгох зэрэг дэмжлэг үзүүлэхээр заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хэдэн том үйлдвэр барьж бүтээгдэхүүнээ экспортод гаргах юм яриад бүтсэнгүй, олон жил боллоо. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхээр бас л зүтгэж байна. Том үйлдвэр төсвийг мөнгөтэй болгодог бол жижиг дунд үйлдвэр иргэдийг ажилтай болгодог. Эдгээрийн балансыг яаж хангаж ажиллах вэ. Үйлдвэрүүдээ хэрхэн дэмжих вэ?.

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү: Энэ хууль үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд зориулагдсан хууль. Ингэхдээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн олборлолтоос бий болсон бүтээгдэхүүнийг эцсийн боловсруулалтад оруулж, нэмүү өртөг шингээхийг дэмжсэн хууль. Жижиг, дунд үйлдвэрлэл нь сангаасаа зээл аваад дэмжлэг аваад явна. Энэ хууль Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хуультай зөрчилдөхгүй. Том үйлдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад жижиг, үйлдвэрүүдээ аваад явдаг байх зорилт дэвшүүлж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ хууль цэвэр экспортыг дэмжих юм байна. Хөгжлийн банктайгаа яаж уялдах вэ. 1 ам.доллар нь 2 ам.доллар болох төслийг Хөгжлийн банктайгаа уяна гэж ойлгосон. Гэтэл энэ хуулиар төр өөрөө бизнесийг дэмжсэн сан байгуулаад явах нь, энэ тохиолдолд. эрсдэлтэй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 80 орчим тэрбум төгрөгийн, Орон нутгийг хөгжүүлэх сан 40 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Эдгээр нь захиргаадалтын маягтай сан. Өөрөөр хэлбэл, ИТХ дээр хэн олон болсон нь намынхаа хүмүүсийн төслийг санхүүжүүлдэг сан болж хувирсан. Үүнтэй адил үр дүн муутай сан гарчих вий. Хоёрдугаарт, төслийн сонгон шалгаруулалтыг зөвхөн Аж үйлдвэрийн сайд шийдэх нь. Олон нийтийн хараа хяналтад байх зохицуулалт хэр зөв хийгдэв.

Судалгаа хөгжлийн зардлыг санхүүжүүлнэ гэж зааж өгч, энэ бол эрсдэлтэй. Франц ийм сан байгуулаад био технологийн судалгааг санхүүжүүлээд дампуурсан. Ийм эрсдэл их. Төр өөр дээрээ ийм том эрсдэл авч болохгүй. Дээр нь 2015 онд 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардаж байна. Мөн зээл авсан томоохон аж ахуйн нэгж хоёр дахь жилээс эргэн төлөлт хийх нь. Судалгаа нь ч дуусаагүй, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй байхдаа зээлээ буцаан төлөх болох нь, энэ хэцүү?

Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү: Үйлдвэрийг дэмжих сан онцлогтой, өөрийн гэсэн шалгууртай. Экспортод бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг гаргасан тохиолдолд урамшуулал олгоно. Шинэ технологи үйлдвэрлэлээ нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн бий болгосон зэрэг шалгуур тавигдаж байгаа. Ер нь Үйлдвэрийг дэмжих санг онцгойлон гаргасан нь үйлдвэрлэлээ дэлхийн стандартын хэмжээнд аваачих, импортоор алдагдаж байгаа валютыг хаах, валют олж ирэх зорилготой юм. Эх үүсвэрийн тухайд 2016 онд 40 тэрбум төгрөгийг төсөвт суулгана.

УИХ-ын дарга З.Энхболд: Сан өөрөө зээл өгөх бол огт байж болохгүй. 40 тэрбумаар ганц үйлдвэр дэмжээд дуусна. УИХ-аар төслийн хэлэлцэх эсэхийг шийдчихээд Л.Энх-Амгалан гишүүний яриад байгаа хэлбэрээр сангийн зорилгыг өөрчлөөд явуулах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай 20 жил ярилаа. Яагаад амжилтад хүрэлгүй өнөөдрийг хүргэсэн бэ гэвэл чадах юм нь хэдхэн зүйл байж магадгүй. Чадах хэдэн зүйл дээрээ хүчээ төвлөрүүлбэл үр дүн гарах юм биш үү. Томоохон экспортын компани байгаад амжилт олно гэж бодохгүй байна, урд хөрш бүрэн хянаж чадаж байгаа. Монголын эдийн засаг Япон, БНСУ-ынх шиг том биш, тэд Хятадад хянагдахгүй. Японы эдийн засаг манайхаас 80 дахин том. Тэгэхээр экспортын бүтцээ дунд зэргийн хугацааны био хүнсний байдаг юм уу, зайлшгүй авах чиглэл дээр тулгуурласан ч юм уу төлөвлөж явахгүй бол бүтэхгүй. Монголын хэдэн том компаниудыг бүгдийг хянаж байгаа. Тайвань 3000 тонн чацаргана авъя гэж байна. Хэрэглэгч нь бодитой, энэ чиглэл рүү хөрөнгө оруулах юм бол дэмжинэ. Финлянд биднээс 20 дахин бага ойтой хэрнээ түүнээсээ асар их валют олдог. Монгол Улс мал аж ахуйн салбартаа түшиглээд био хүнс, хүүхдийн тэжээл урд хөршдөө экспортлох замаар тодорхой болгох ёстой.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү: Энэ хууль Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо дагаж гарах юм. Хийх дээрээ тулахаар тодорхой шалгуур хэрэгтэй болдог, түүнийг энэ хуульд тусгасан. Жижиг, дунд болон бусад үйлдвэр дээр экспортыг дэмждэг ч түлхэц болдоггүй. Тиймээс бид ноолуурын үйлдвэрүүдэд зээл өгөхдөө экспортод гаргах бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүл, чанар, дизайныг сайжруул, зээлээр ийм юм хийх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Ингэхээр ахиц гарч байна. Нөгөө талаас үйлдвэрлэгчид ажиллах хүчнээ бид сургаад авъя, шинэ техник, технологи нэвтрүүлж байгаа тохиолдолд мөн дэмжээд өгөөч гэж байгаа. Тийм учраас тодорхой дэмжлэг тусгагдсан. Гэхдээ тэр нь шалгууртай гэсэн хариулт өгөв.

Улмаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Хуулийн төслийг дэмжиж байна, гэхдээ өргөн барьсан үзэл баримтлалаас сайжруулах шаардлагатай. Хөгжлийн банкны тухай хуулийг батлахдаа экспортын үйлдвэрлэлийг дэмжих, 2016 оны Үндсэн чиглэлийг батлахдаа экспортын үйлдвэрлэлийг дэмжих гэсэн томъёолол оруулж баталсан.

Бусад улс орнууд үндэсний манлайлагчдыг дэмжих хөтөлбөр баталдаг. Том үйлдвэрээ дэмжих зорилгоор. Үндсэндээ жижиг, дунд үйлдвэрээ ч, том үйлдвэрээ ч зэрэг дэмжээд явдаг. Үр дүнд нь эдийн засаг солонгордог. Энэ схемийг бий болгох шаардлагатай. Дээр нь төв банк том үйлдвэрүүдээ санхүүгийн хувьд яаж дэмжих вэ гэдгийг тодорхой болгох. Даатгалын схем оруулж ирэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хуулийн төслийг дэмжиж байна, гэхдээ боловсруулалтын шатанд сайн ажиллах. Хүрээг нь хумьж өгөхгүй бол болохгүй, чадахгүй байж бүх зүйл рүү экспорт хийнэ гээд суугаад байж болохгүй. Тайванийн санал болгосон чацаргана, хөтөлбөр, модны зах зээл дээр бэлдэц хийж, мал аж ахуйдаа түшиглэж био хүнс бий болгох шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Хуулийн төсөлд нээлттэй компани байна, заавал гадаадын компаниар аудит хийлгэсэн байна гэж зааж… Энийгээ сайн судалсан уу, хүрсэн төвшингөө судалсан уу. Тэгэхээр импортыг орлох экспортыг дэмжих үйлдвэрлэлийн судалгаа хий. Өнөөдөр 40 гаруй барилгын материалыг гаднаас авах шаардлагагүй болсон. Цемент арматурыг гаднаас авах шаардлагагүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Ингэхдээ бүтээгдэхүүнээ 30 жил экспортлохгүй 3 жил экспортолбол дампуурна шүү. Дээр нь тоног төхөөрөмжийн лизингийн компани бий болго.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зөв тогтолцоо руу орохгүй бол өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаанд зарцуулсан мөнгө олон тэрбумаар яригддаг ч хэд нь өнөөдөр дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болж гарсан бэ гэвэл байхгүй. Санхүүгийн механизмаа арилжааны банктай уя. Арилжааны банкууд бас ч гэж том болчихоод байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж