Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын 43 дугаар тойрог буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9, 17 дугаар багийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов.
Тэрбээр “1992 онд Монгол Улс парламентын засаглалыг сонгосон. Үндсэн хуулийн энэ суурь үзэл баримтлалыг бид цаашдаа ч төгөлдөржүүлж, баталгаажуулах ёстой. Гэвч нийгмийн хөгжлийн шаардлага, цаг хугацааны эрхээр Үндсэн хууль тогтоогчдын урьдчилан тооцоолж чадаагүй зарим сорилттой тулгарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулан ажилласан” гэв. Эдгээр багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг хамарч байгаа юм. Ийнхүү тэрбээр төслийн зүйл, заалт бүрийг дэлгэрэнгүй тайлбарлан танилцуулсан.
Үндсэн хуулийн заалтыг төслийн заалттай харьцуулан дэлгэрэнгүй танилцуулсан мэдээллийг авсныхаа дараа иргэд санал бодлоо илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийг дагалдан Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Мөнхбаяр болон бусад мэргэжилтнүүд ажиллсан байна.
Эх сурвалж: www.parliament.mn
Холбоотой мэдээ