Ш.Сайхансамбуу: Айвенхоу Майнзаас хариугаа авч чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу: Айвенхоу Майнзаас хариугаа авч чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч эрхэм гишүүн Ш.Сайхансамбуугаас  шалгалтын ажлын явцын талаар товч тодруулав.

-Танай ажлын хэсэг хэд хэдэн газарт асуулт явуулсан ч хариу өгөх хугацаа нь хэтрээд байгаа юм байна. Ямар асуултууд тавьсан бэ?

-Хариуг ажлын арав хоног дотор авах байсан ч 12 хоноод байна. Манай ажлын хэсэг Айвенхоу Майнз компани, Усны хэрэг эрхлэх газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандаж дөрвөн асуулт тавьсан юм. Нэгд, Роялтийн хоёр хувийн татварыг техник эдийн засгийн үндэслэлээс хассан. Түүний нэг хувийг манайх төлөх вариантад шилжсэн. Анх гэрээ хийхдээ үүнийг яаж тусгасныг асуусан. Хоёрт, Хүдэр баяжуулах технологийн талаар хийх судалгааг техник, эдийн засгийн үндэслэлд яаж тусгасан, гуравт, Хүдэр баяжуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөний явцын талаар мэдээлэх, дөрөвт, монгол ажилчдын нийгэм, ахуй, соёлын асуудлыг яаж шийдэх, Бороо гоулд шиг хэдэн гэр барих уу, эсвэл хот, тосгон байгуулах уу гэсэн ийм асуултыг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд явуулсан. Хариуг ирэхээр ажлын хэсэг танилцаж хуралдана. Гол нь Айвенхоу Майнзийн гүйцэтгэх захирал Кийт Маршал хариугаа өгөхгүй байна. Нөгөө хоёр газар өгсөн.

-Гүний усны тооцоог буруу хийсэн байна гэж байсан. Үүнийг яахаар болсон бэ?

-Тооцоог уг нь гайгүй хийсэн. Гэхдээ хоногт 100 мянган тонн ус ашиглах боломжтой. Харин 150 мянган тонн болговол нэмэлт хайгуул хийхээс аргагүй. Нарийн асуудал л даа. Манайх ахиухан юм олборлож их мөнгөтэй болох гээд байгаа биз дээ. Гэтэл усны асуудлаа яаж шийдэх нь чухал. Байгаа усныхаа хэмжээнд тааруулаад 19 сая тонн хүдрээ олборлоод явбал гайгүй.

-Та Айвенхоу Майнз хариу өгөх хугацаагаа хэтрүүлсэн гэлээ. Хариу өгөхгүй бол яах вэ?

-Уг нь өөрсдөө хариу өгөх хоногоо тогтоосон юм. Хэд хоногт хариу өгөх вэ гэхэд 10 хоног гэсэн. Хоёр хоног хэтэрлээ. Манай ажлын хэсэг хугацаагаар шахаагүй. Хариуг нь авч чадахгүй бол УИХ тарсан нь дээр. Болохгүй бол УИХ тарах тухай асуудал тавина.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж