Дундчуудын арми бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.25-нд нийтлэгдсэн

Дундчуудын арми бүл нэмлээ

Дундчуудын арми бүл нэмлээ

Европын хөлбөмбөгийн улирал өндөрлөж багуудын шилжилт хөдөлгөөнүүд өрнөж байна. Хамгийн олон үзэгчтэй Английн премьер лигт Челси, Ньюкасл болон Брайтон Хоу энд Альбион клубууд дасгалжуулагчаа чөлөөлөөд байгаа. Эдгээр багуудаас Брайтон Хоу энд Альбион клуб 44 настай Англи эрхэм Грэхэм Поттерыг дасгалжуулагчаараа томилоод байна. Г.Поттер 2010 оноос дасгалжуулагчийн карьераа Шведийн Остерсунд клубээс эхлүүлж улмаар 2018-2019 онд Суонси Сити клубыг удирдаад Брайтон Хоу энд Альбион клубт ирж байна. Уг нь Г.Поттер Суонси Сити клубыг удирдан дээд лигт гаргахаар ажилласан ч доод лигийн хүснэгтийн 10-р байранд орсон учир ажлаа хүлээлгэж өгсөн ч өөрөө дээд лигийн багт ирлээ. Тийм ч өндөр амжилт үзүүлж чадаагүй Г.Поттер дундаж багаас дундаж багт ирж байна. Ерөнхийдөө Г.Поттер Английн хөлбөмбөгийн дундаж дасгалжуулагчдын эгнээнд орж ирж байна гэвэл буруудахгүй болов уу? Ингээд Английн хөлбөмбөгт өндөр амжилт үзүүлж чадаагүй ч олон жил баг удирдсан дундаж дасгалжуулагчдыг танилцуулъя.

Марк Хьюз: 55 настай Уэльс эрхэм 1999 оноос дасгалжуулагчийн карьераа Уэльсын шигшээ багаас эхлүүлсэн. Тамирчин ахуйдаа Манчестер Юнайтед, Барселон, Бавари Мюнхен зэрэг Европын шилдэг клубуудэд тоглож байсан М.Хьюз дасгалжуулагчаар ажиллаад тийм ч өндөр амжилт үзүүлж чадаагүй. 1999-2004 онд Уэльсын шигшээ багаа удирдаад Блэкбурн Роверс багт ирснээр клубын дасгалжуулагчийн ажлаа эхлүүлсэн. 2004 оноос хой Блэкбурн Роверс, Манчестер Сити, Стоук Сити, Фулхэм Сити, Куйнс Парк Рейнжерс болон Саутхэмптон клубуудыг удирдсан. Түүний хувьд Английн премьер лигт 14 жил ажилласан ч цом хүртэж үзээгүй. Одоогоор гэртээ байгаа.

Дэвид Мойс: Английн премьер лигт алдар нэрээ үлдээсэн А.Фергюсоны ажлыг авсан “аз”-тай эрхэм нь Д.Мойс байсан. Гэвч өөрийн алдар нэрээ цуурайтуулж, Европын ТОП түвшний өрсөлдөөнд оролцох боломжоо ашиглаж чадаагүй. Ингэснээр Д.Мойс дундаж дасгалжуулагч хэвээр үлдсэн. 56 настай Шотланд эр 1998 онд Прэстон Норт Энд клубээс дасгалжуулагчийн ажлаа эхлүүлж Эвертон клубт 2002-2013 онд 11 жил ажиллаад Манчестер Юнайтед клубт ирсэн. Гэвч тэр ердөө 1 улирлыг ч бүтэн удирдаж чадалгүй ажлаа өгч 7 сар ажилгүй байсны эцэст Испанийг зорьсон. Түүний байх ёстой газар нь ч Испани байгаагүй бөгөөд Реал Сосьедад клубыг нэг жил удирдаад эргэн премьер лигт ирсэн. Испаниас эргэн ирээд Сандерлэнд, Вест Хэм Юнайтед клубуудыг удирдаж байгаад 2018 оны 5 сараас ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн.

Алан Пардью: Жил гаруй хугацаанд ажилгүй сууж буй алтан дундаж дасгалжуулагч бол А.Пардью юм. Тэр хамгийн сүүлд 2018 оны 4 сард Вест Бромич Альбион багаас халагдснаас хойш ажилгүй жил гаруй хугацаанд сууж байна. 56 настай Англи эрхэм 1998 онд Ридинг клубээс дасгалжуулагчийн ажлаа эхлүүлж байсан бөгөөд ямартаа ч түүний ажлын архивт 7 багийн нэр бий. Ньюкасл, Саутхэмптон клубуудэд тун боломжийн амжилттай явж байсан бол Вест Хэм Юнайтед, Кристал Палас, Вест Бромич Альбион, Вест Хэм Юнайтед клубуудэд дундаж түвшинд л ажилласан байдаг.

Крис Хьютон: Английн премьер лигийн алтан дундаж К.Хьютон хамгийн сүүлд Брайтон Хоу энд Альбион клубын дасгалжуулагчийн ажлаа ердөө хэдхэн хоногийн өмнө хүлээлгэж өгөөд байна. Тэр өмнө нь Норвич Сити, Бирмингэм Сити, Ньюкасл Юнайтед клубт ажиллаж байсан. Түүний шагналын цуглуулгад 2010 онд Ньюкасл Юнайтед клубын хамтаар хүртсэн Чампионшип лигийн цом л бий.

Сэм Эллардайс: Өдгөө 64 настай Анли эрхэм 1991 оноос дасгалжуулагчийн ажлаа эхлүүлсэн ч 2018 онд Эвертон клубыг орхих хүртлээ 10 гаруй клубыг удирдсан. Гэвч түүний дасгалжуулагчийн карьер тийм ч амжилттай байгаагүй бөгөөд тоглогч-дасгалжуулагчаар ажиллаж байсан Ирландын Лимерик клубт цом өргөж байсныг эс тооцвол цомгүй эрхэм юм. С.Эллардайсын Английн премьер лигийн бараг бүх дундаж багт ажиллаж байсан. Блэкпүүл, Болтон Уондерерс, Ньюкасл, Блэкбурн Роверс, Вест Хэм Юнайтед, Сандерлэнд, Кристал Палас болон Эвертон клубууд багтаж байна. Түүнд өөрийн дасгалжуулагчийн карьераа өсгөх боломж магадгүй 2016 онд Английн шигшээ багт ирсэн ч удаан үргэлжлээгүй байдаг.

Нил Уорнок: 70 настай Англи эрхэм одоогоос 40-өөд жилийн өмнө дасгалжуулагчийн ажлаа эхлүүлж байсан. Түүний СИВИ-д 20 орчим клубын нэр бий гэхээр ямар олон клубт ажиллаж байсныг илтгэж байна. Гэвч энэ хугацаанд ганц ч ТОП түвшний багт ажиллаж байгаагүй, ганц ч цом хүртэж байгаагүй. Хэдийгээр амжилтын хуудас байхгүй ч өдгөө ажлаа хийсээр л байна. Тэр 2016 оноос хойш Кардифф Сити клубыг удирдаж байгаа.

Харри Реднапп: Магадгүй тун боломжийн байж болохуйц дасгалжуулагч гэвэл Х.Реднапп юм. Өдгөө тэтгэвэртээ сууж буй Х.Реднапп Портсмут клубыг удирдан ФА Капт түрүүлж байсан бол Вест Хэм Юнайтед клубтай хамтаар УЕФА-н Интертото кап тэмцээнд түрүүлж байсан. Мөн тэрээр өдгөөгийн Английн хүчирхэг болоод буй Тоттенхэм Хотспур клубын суурыг тавьсан гэвэл нэг их хол зөрөхгүй байх. Англи эрхмийн удирдаж байсан багуудыг дурьдвал Борнмут, Вест Хэм Юнайтед, Портсмут, Саутхэмптон, Тоттенхэм Хотспур, Куйнс Парк Рейнжерс, Бирмингем Сити клубууд ажээ.

Рой Хожсон: 72 настай Англи эрхмийн дасгалжуулагчийн карьер үнэхээр арвин баялаг. Рой өвгөн шигшээ багуудад ч ажиллаж байсан ТОП түвшний клубыг ч удирдаж явсан. Тэртээ 1970-аад оны дунд үеэс дасгалжуулагчийн карьераа эхлүүлж байсан Р.Хожсон өдгөө 17 дахь багтаа ажиллаж байна. Түүний удирдаж байсан багуудын дунд Европын алдарт Ливерпүүл, Интер Милан клубууд багтаж байгаа. Мөн тэрээр Швейцар, Англи болон АНЭУ-ын шигшээ багууд ч бий. Өдгөө Кристал Палас багт ажиллаж буй Р.Хожсон дундаж лигүүдэд цом хүртэж байснаас өөр ТОП түвшинд хараахан цом хүртэж үзээгүй байдаг.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж